“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Карл попперын мэтгэлцээний цахимаар мэтгэлцэх түр дүрэм

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1. Энэхүү дүрэм нь дэлхий даяар тархаад буй цар тахлаас шалтгаалан мэтгэлцээнтэй холбоотой өсвөр үеийнхэнд чиглэсэн тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, мэтгэлцэгчдэд мэтгэлцэх боломжийг олгох үүднээс Монголын Карл попперын мэтгэлцээний нийгэмлэгээс баталсан түр дүрэм болно.

2. Энэхүү дүрмээр Карл попперын мэтгэлцээнээр цахим хэрэгсэл ашиглан мэтгэлцэх үед үүсэх бүхий л харилцааг зохицуулна.

3. Мэтгэлцэгчид нь энэхүү дүрмээс гадна КАРЛ ПОППЕРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ДҮРЭМ-ийг цахимаар мэтгэлцэх үедээ мөн адил дагаж мөрдөнө.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2.1. Энэхүү дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1.1. “Цахим мэтгэлцээн” гэдэг нь тус бүр  3 гишүүний бүрэлдэхүүнтэй 2 баг нотлогч болон няцаагч талаас өгөгдсөн шийдлийн хүрээнд цахим хэрэгсэл ашиглан дүрс, дуу хоолойгоо бусдадаа хүргэн алсын зайнаас мэтгэлцэхийг ойлгоно.

2.1.2 “Цахим  хэрэгсэл” гэдэг нь ухаалаг гар утас, зөөврийн болон суурин компьютер дээр суулгасан, дүрсээ харж ярих боломжтой программ хангамж /аппликейшн/-ыг ойлгоно.

2.1.3 “Цахим мэтгэлцээний хянагч” нь  мэтгэлцэгч болон шүүгчид цахим хэрэгсэл ашиглан мэтгэлцээнийг өрнүүлж байх явцад цахимаар мэтгэлцэх дүрмийн хэрэгжилтийг сахиулах зорилготой, тухайн мэтгэлцээний үйл явцыг хянаж буй Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгийн гүйцэтгэх багийн гишүүн байна.

ГУРАВ. МЭТГЭЛЦЭЭНД ОРОЛЦОХ БАГ

3.1. Карл Попперын цахим мэтгэлцээнд оролцох баг нь дараах шаардлагыг хангасан байна.

3.1.1. Карл Попперын мэтгэлцээний үндсэн ойлголт өгөх сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан, тус мэтгэлцээний талаар мэдлэгтэй байх

3.1.2. Энэхүү дүрмийг уншиж бүрэн хүлээн зөвшөөрсөн байх

3.1.3. Баг нь гурван гишүүнтэй байх бөгөөд мэтгэлцээний үед гүйцэтгэх үүрэг нь тухайн мэтгэлцээнээс хамаарч солигдож болно. Багийн гишүүдийг үүргээс нь хамааруулж нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гишүүн гэж нэрлэнэ.

3.1.4. Гишүүн тус бүр өөрийн хувийн зохион байгуулалт, цахим хэрэгслээ бэлтгэсэн байх

3.1.5 Мэтгэлцээний тэмцээний явцад техник хэрэгсэл, интернет тасалдахгүй байх тал дээр мэтгэлцэгч өөрийн зүгээс анхаарах, болзошгүй техникийн саатлуудыг урьдчилан тогтоож түүнд бэлтгэлтэй байх

3.1.6 Багийн гишүүд бүр мэтгэлцээний явцад дүрсээ гаргаж ярих шаардлагатай бөгөөд, ашиглаж буй төхөөрөмжөө өөрөөсөө хагас метрийн зайтай байршуулахаар тооцож орчноо бэлтгэх

3.1.7 Багийн гишүүд орчны дуу чимээ болон мэтгэлцээний явцад ашиглах чихэвч болон дуу өсгөгч /микрофоны/-ийг бэлтгэсэн байх

3.1.8 Тэмцээний үед ашиглагдах бүхий л төхөөрөмжөө мэтгэлцээний тоглолт бүр эхлэхээс өмнө шалгаж, ажиллагааг хэвийн байгаа эсэхийг баталгаажуулах

ДӨРӨВ. ШҮҮГЧ

4.1. Карл Попперын мэтгэлцээний талаар онол, практикийн өндөр ур чадвартай, тодорхой төвшинд амжилт үзүүлсэн, дадлага туршлага бүхий этгээд шүүгчээр ажиллана.

4.2 Мэтгэлцээнийг шүүж буй шүүгч нь цахим мэтгэлцээнийг шүүхэд шаардлагатай өөрийн зүгээс шалтгаалах техник хэрэгслээ бэлтгэсэн байна.

4.3. Шүүгчийн шийдвэр тухайн мэтгэлцээний хувьд эцсийнх байх бөгөөд гомдол маргаан шийдвэрлэх дараагийн шат мэтгэлцээний хувьд байхгүй.

4.4 Шүүгчид тухайн мэтгэлцээний тоглолт бүрэн дууссаны дараа багуудад хожил, хожигдлыг зарлах бөгөөд мөн шийдвэр гаргасан үндэслэлээ танилцуулах бөгөөд шүүгч хүсвэл багуудад ур чадвартай холбоотой зөвлөгөө өгч болно.

4.5. Шүүгчид тэмцээнд оролцогчдод шийдэлтэй холбоотой зөвлөгөө өгч болохгүй.

4.6. Шүүгч нь зөвхөн мэтгэлцээний шийдлийг харгалзан мэтгэлцээний үйл явц талуудын гаргасан нотолгоо, дэмжлэг, үндэслэл мөн мэтгэлцэгчдийн хувийн зохион байгуулалт, тэмцээнд ач холбогдол өгсөн байдал дээр тулгуурлан шийдвэрээ гаргана.

4.7 Шүүгч нь тухайн мэтгэлцээний тэмцээний зохион байгуулалт, шийдлийн агуулгын талаар нэгдсэн сонсголд хамрагдсан байна.

ТАВ. МЭТГЭЛЦЭЭНИЙ ДАРААЛАЛ

5.1. Хоорондоо мэтгэлцэх хоёр багийн гишүүд болон шүүгч, мэтгэлцээний хянагч нар мэтгэлцээн явагдах аппликейшнд нэвтрэн орж, мэтгэлцээний хянагч бүх оролцогчид болон шүүгчийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг шалгасны дараа шүүгч шийдлийг цахим танхимд зарлана.

5.2. Шийдлийг зарласны дараа мэтгэлцээний хянагч 2 багийн аль нь нотлох болон няцаах талд тоглохыг сугалаагаар шийднэ.

5.3. Талууд мэтгэлцэх байр сууриа сонгосны дараа зарласан шийдлийг 5 мин бэлтгэнэ. Шүүгч, зохион байгуулагчид тэмцээний нөхцөл байдлаас хамаарч уг хугацааг ихэсгэх, багасгах эрхтэй. Хугацаа ихэсгэх, багасгах шийдвэр гаргасан тохиолдолд талууд маргах эрхгүй.

5.4. Карл попперын мэтгэлцээний үндсэн илтгэл

5.4.1. Нотлох багийн нэгдүгээр гишүүний үзэл баримтлалын илтгэл – 5 минут

5.4.2. Няцаагч талын гуравдугаар илтгэгчийн хайчин асуулт /Нотлох талын нэгдүгээр гишүүнээс асууж, хариултаа авна/ – 2 минут

5.4.3. Няцаагч талын нэгдүгээр гишүүний үзэл баримтлалын илтгэл – 5 минут

5.4.4. Нотлох талын гуравдугаар илтгэгчийн хайчин асуулт /Няцаагч талын нэгдүгээр илтгэгчээс асууж хариултаа авна./ – 2 минут

5.4.5. Нотлогч талын хоёрдугаар гишүүний хөгжүүлэх илтгэл – 4 минут

5.4.6. Няцаагч талын нэгдүгээр гишүүний хайчин асуулт /Нотлох талын хоёрдугаар гишүүнээс асууж, хариултаа авна./ – 2 минут

5.4.7. Няцаах талын хоёрдугаар гишүүн хөгжүүлэх илтгэл - 4 минут

5.4.8. Нотлогч талын нэгдүгээр гишүүний хайчин асуулт /Няцаах талын хоёрдугаар гишүүнээс асууж, хариултаа авна./ – 2 минут

5.4.9. Нотлогч талын гуравдугаар илтгэгчийн дүгнэлтийн илтгэл – 4 минут

5.4.10. Няцаагч талын гуравдугаар илтгэгчийн дүгнэлтийн илтгэл – 4 минут

5.5. Багууд цахимаар мэтгэлцэхдээ илтгэл, болон солбисон асуултын аль ч үед  өмнө бэлтгэлийн минутыг 1,1 минутаар тасалж нийт баг тус бүр 4 минутыг ашиглана.

ЗУРГАА. БУСАД ЗОХИЦУУЛАЛТ

6.1 Тэмцээний үед ашиглагдах мэтгэлцэгчдийн хувийн төхөөрөмж, сүлжээний асуудалд Монголын Карл Попперийн Мэтгэлцээний Нийгэмлэгийн гүйцэтгэх багийн гишүүд хариуцлага хүлээхгүй болно.

6.2 Тоглолтын эхэн үед техникийн саатал гарсан тохиолдолд тоглолтыг 10 минут зогсооно.

6.3  Дээр заасан хугацаанд амжаагүй тохиолдолд тоглолтыг  хойшлуулна.

6.4 Тоглолт 35% (няцаагч талын 1-р гишүүний үзэл баримтлалын илтгэлийн тал буюу 2мин 30секунтийг 35%-тай дүйцүүлж үзнэ)-аас хэтэрсэн үед аль нэг багт техникийн саатал гарвал тоглолтыг хойшлуулах боломжгүй тул багийг 5 минут хүлээнэ. Заасан хугацаанд амжаагүй тохиолдолд ялалтыг эсрэг талд шийдвэрлэнэ.

6.5 Шүүгчдэд техникийн саатал гарсан тохиолдолд 5-10 минут хүлээнэ.

6.6 Дээр заасан хугацаанд асуудал шийдвэрлэгдээгүй тохиолдолд 15 минутын дотор зохион байгуулагчдын зүгээс шүүгчийг солино.

ДОЛОО. ДҮРЭМ ХЭРЭГЖИХ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ҮНДСЭН ЭХИЙГ ТҮГЭЭХ

7.1. Энэхүү дүрмээр зохицуулаагүй харилцааг тухайн тэмцээнийг зохион байгуулж байгаа шүүгчдийн бүрэлдэхүүн нарийвчлан зохицуулж болно.

7.5. Энэхүү дүрмийг 2021 оны 06-р сарын 24-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд