“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Зургийн далд, нуугдмал апп-уудын талаар эцэг эхчүүд юу мэдэх шаардлагатай вэ?

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд үндсэн зорилгоо өнгөлөн далдалсан апп-ууд их түгээмэл ашиглагдаж, байна. Ийм төрлийн гар утасны програм, апп-ууд 2016 оноос ихээхэн дэлгэрэх болсон. Ердийн нэг апп мэт харагддаг боловч хувийн зураг, видео руу нэвтрэх нууц гарц болдог зураг нуудаг ‘нууц’ апп-уудын талаар хүүхдүүд улам бүр мэддэг болсоор байна. Энэ төрлийн програм нь хэрэглэгчдэдээ нууц кодоор хамгаалагдсан апп дотор зураг, видео, тэмдэглэлээ нуух боломжийг олгодог. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг далд апп-уудын нэг бол ‘хуурамч тооны машин’ апп бөгөөд, үүнтэй ижил төрлийн өөр олон апп байдаг.

Секстинг буюу цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийллийг нууж байж болзошгүй

Залуус, хүүхдүүд ихэнхдээ “секстинг" төрлийн зургийг илгээх эсхүл хүлээн авахдаа “нууц” апп-ыг ашигладаг. Энэ ноцтой асуудал ялангуяа оюутан, сурагчдын дунд ихээхэн газар авч байгаа бөгөөд хэрэглэгчдийн нас улам бүр  залуужиж байна. “Секстинг” нь аюултай төдийгүй бага насны хүүхэд оролцсон л бол хууль бус үйлдэлд тооцогддог гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Иймд хүүхэд, залуучуудад “секстинг” төрлийн зургуудыг хадгалах эсхүл илгээх нь гэмт хэрэг гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.

Бодлогогүй, ойворгон зан авирыг өдөөх

Залуу хүмүүс бусад хүмүүс анзаарахгүй, нууц хэвээр үлдэнэ гэж итгэсэн үедээ илүү бодлогогүй зан ааш гаргах хандлагатай байдаг. Яг ийм хандлагаас болж тэд “нууц” апп-д хадгална, аюулгүй байна гэж найдаж элдэв зохисгүй контент хийдэг.

Хуурамч/төөрөгдүүлсэн нууц үг

Хамгийн найдвартай зарим апп-уудад төөрөгдүүлэх функцийг давхар нууцлал болгон тохируулах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, апп нь хэрэглэгчид хуурамч нууц үг бэлдэж өгөх бөгөөд үүнийг нь хэн нэгэн ашиглах үед хэрэглэгчийн сонгосон контент эсхүл зүгээр энгийн зургууд агуулсан төөрөгдүүлэх фолдер (хавтас) руу чиглүүлдэг. Харин жинхэнэ нууц үг нь апп доторх нууц фолдерт нэвтрэх боломжийг олгодог.

Хувийн нууцлалын эрсдэл

Хэрэв та хүүхдээ ийм “нууц” төрлийн апп ашиглаж байгааг мэдэж байвал ашиглах бодлого/болзол, нөхцлийн жижиг хэвлэмэл хуудсыг уншиж уг апп-ыг хөгжүүлэгч нь төхөөрөмжид хадгалагдсан аливаа зураг руу нэвтрэх эрхгүй байна уу үгүй юу гэдгийг заавал баталгаажуулах хэрэгтэй. Хэрэв зурагнууд нь үүлэн сантай холбогдсон бол апп эрсдэлд орсон, хакердуулсан тохиолдолд хадгалагдсан зургууд бусдын гарт орох аюултай.

Эцэг эхийн хяналтны гадна үлдэх

Эдгээр апп-ууд нь тусгайлан хүүхдэд зориулагдсан байдаггүй хэдий ч 4-өөс дээш насны бүх хүмүүс ашиглах боломжтой байдаг. Бараг бүх насныхан ашиглах боломжтой байдаг тул энэ төрлийн апп-ыг “эцэг, эхийн хяналт” автоматаар блоклох боломжгүй гэсэн үг юм. Apple гэх мэт онлайн платформууд эдгээр апп-уудыг програм хангамжийн дэлгүүрээсээ олон удаа хасаж байсан. Гэвч энэ төрлийн апп-ыг хүмүүс өргөн хэрэглэдэг, таталт ихтэй байдаг, апп хөгжүүлэгчдэд ашигтай байдаг тул ийм апп, програмуудыг улам бүр нэмэгдэж, апп сторуудад тавигдсаар байна.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨМЖ

Сонор сэрэмжтэй байхыг хичээ

Бидэнд дэлгэц дээрээс харж байгаа зүйлээ бодитой, зөв ​​гэдэгт итгэх хүний ​​төрөлхийн зөн байдаг. Хэрэв таны хүүхэд нууц апп ашиглаж байж магадгүй гэж та санаа зовниж байгаа бол утсыг нь шалгах хэрэгтэй. Төхөөрөмж дээрх хайлтын функцийг ашиглан ‘secret’, ‘hidden’, ‘photo vault’ гэх мэт түлхүүр үгсийг бичиж хайж болно. iOS дээр нүүр хуудсан дээр дарж хайлтын талбарыг нээж болно. Хэрэв хайлтаар апп гарч ирэн ‘Open гэсэн бичиг гарч ирвэл тус програмыг суулгасан байна гэсэн үг. Хэрэв `Get’ гэсэн бичиг гарч ирвэл тус апп-ыг суулгаагүй байна гэсэн үг. Андройд төхөөрөмж дээр та апп цэс рүү орж, дэлгэцийн дээд хэсэгт байрлах хайлтын мөрийг ашиглаж болно.

‘Секстинг’-ийн аюулын талаар ярилц

“Секстинг” ямар аюул, хор уршигтай, насанд хүрээгүй хүүхдийн зургийг хадгалах, бусдад тараах нь хууль бус болох тухай хүүхэддээ ойлгуулаарай. Хүүхэдтэйгээ эерэг, найрсаг байдлаар ярихыг хичээж, тэднийг онлайн орчинд зөв хүн байж, өөртөө эзэн байх, бусад хүмүүст юу илгээж байгаагаа мэдэж, хянадаг байхыг хэлж, зөвлөөрэй. Тэдэнд үргэлж сонголт байдаг гэдгийг, өчүүхэн ч гэсэн таагүй мэдрэмж төрүүлсэн бол ямар ч зүйлд үгүй ​​гэж хэлж байхыг сануулаарай.

Апп ашиглалтыг хяна

Хэрэв таны хүүхдийн iOS төхөөрөмж таны Apple ID данстай холбогдсон бол та зөвхөн өөрийнхөө мэддэг програм, апп-ыг татаж авах нууц үг тохируулах боломжтой. Энэ нь таны хүүхэд апп татаж авах гэж оролдох бүрт таны нууц үг шаардлагатай болно гэсэн үг юм. Хэрэв та хүүхдийнхээ Apple ID-д нэвтрэх эрхгүй бол апп-ыг нууц кодгүйгээр устгаж болно. Ингэснээр апп дээр хадгалагдсан аливаа зургийг устгах бөгөөд програмыг дахин татаж авсан ч сэргээх боломжгүй болно.

Давхардсан апп-уудын жинхэнэ эсэхийг лавла

Бараг бүх зөөврийн төхөөрөмжүүд тэмдэглэл, тооны машин гэх мэт урьдчилан суулгасан програмтай байх тул эхний анхааруулах тэмдэг бол эдгээр апп-уудын хуулбарыг хайж олох явдал юм. Урьдчилж суулгасан апп-ууд үндсэн дэлгэцийн эхний хуудсан дээр ихэнхдээ гарч ирдэг.

Суурилагдсан ‘нуугдсан’ функц байгаа эсэхийг шалга

Iphone-д үйлдвэрээс суулгасан Notes програмын доторх тэмдэглэлийг түгжих боломжтой байдаг. Хэрэглэгчид зургийг тэмдэглэлийн файлд буулгаж, Touch/ Face ID болон нууц үг ашиглан түгжих боломжтой. Нэмж дурдахад iOS дээр хэрэглэгчид Photos апп доторх ‘Нуугдсан’ (hidden) хавтас руу зураг шилжүүлэх боломжтой. Зургийг далд хавтас руу зөөмөгц тухайн зураг ‘All Photos’ хавтсаас хасагдана. Энэ хавтсыг олохын тулд ‘Photos’ апп-ыг нээгээд доош гүйлгэн ‘Нуугдсан’ дээр дарна. Хэрэглэгчид апп-аа нүүр хуудсан дээрээ эсвэл хоёр, гурав дахь хуудсан дээр нууж, нэмж хавтас үүсгэж болно. Хэрэв та хүүхдийнхээ төхөөрөмж дээр хавтас үүссэнийг харвал нуугдсан апп байгаа эсэхийг хуудас бүрээр шалгаарай.

 

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд