“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

VPN-ийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

VPN нь зөв ашиглавал гайхалтай хувийн нууцлалын хэрэгсэл боловч вэбхуудаст таны тавьсан хоригийг нэвтрэх боломж өгдөг тул хүүхдүүдийн хувьд аюултай.

VPN ГЭЖ ЮУ ВЭ?

Виртуал хувийн сүлжээ (VPN) гэдэг нь интернетийн үйл хөдлөлөө бусдын нүднээс нуухад зориулсан хувийн нууцлалын хэрэгсэл юм. VPN-гүйгээр интернетийн урсгал таны гар утас, компьютераас шууд илгээгдэж, та болон вэбхуудас, эсвэл таны нэвтэрч буй үйлчилгээ (утасгүй интернет эзэмшигч буюу таны интернетийн үйлчилгээ үзүүлэгч)-ний завсарт байгаа хэн боловч таны юу хийж байгааг мэдэх болно. VPN-тэйгээр таны компьютер, гар утас болон төгсгөлийн цэгийн дунд аюулгүйн хонгил үүсгэдэг. Төгсгөлийн цэг нь таны холболт гарч ирж байгаа интернетийн нэг хэсэг бөгөөд таны байгаа газарт эсвэл дэлхийн хаана ч байж болно.

VPN ашиглах нь хоёр гол үр нөлөөг үзүүлдэг. Нэгд, хонгил бүрэн кодлогдсон байдаг тул та болон эцсийн цэгийн хооронд хэн ч юу хийж байгааг чинь мэдэх боломжгүй. Хоёрт, таны үйл хөдлөл төгсгөлийн цэгээс гарч ирж байгаа мэт харагддаг тул өөрийн жинхэнэ байршлыг бусдаас нууцлан, мөрдөж мөшгихөөс зайлсхийх боломжтой.

VPN-д хууль ёсны хэрэглээ олон. Жишээ нь, утасгүй интернет, эсвэл зочид буудлын сүлжээ ашиглахдаа VPN ашиглах нь таны аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ. VPN ашигласнаар зар сурталчилгаа болон түүнтэй төстэй сүлжээнүүд таныг мөрдөж мөшгиж, байршлыг чинь илрүүлэхээс урьдчилан сэргийлж хувийн нууцлалаа нэмэгдүүлж болно. Мөн VPN ашиглан интернетийн хамгаалалтыг нэвтэрч болдог. Жишээлбэл, та гадаадад байдаа Их Британийн онлайн телевизийн нэвтрүүлгүүдийг Их Британид байгаа юм шиг үзэх боломжтой. Иймд хүүхдүүд VPN ашиглан хийж байгаа зүйлээ нууцлах, таны тавьсан хориглолт, хязгаарлалтуудыг давах зэрэг зүйлс хийх боломжтой.

ЯМАР ЭРСДЛҮҮД БАЙНА ВЭ?

Хүүхдүүд VPN ашигласнаас өөрсдийн болон таны хувийн нууцлалд нөлөөлөх, зүй зохисгүй контентийг нээх зэрэг үндсэн гурван асуудал үүсдэг.

  1. НАСАНДАА ТОХИРООГҮЙ КОНТЕНТ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ

Эцэг эхийн хяналтын хэрэгсэл хүүхдийн зочлохыг хүсч байгаа вэб сайтуудыг шинжилсний үндсэн дээр зөвшөөрөгдөөгүй сайтуудын жагсаалт гарган хаалт хийдэг. VPN ашигласнаар аюулгүй хонгил үүсч, вэбийн үйл хөдлөл харагдахгүй болж эцэг эхийн хяналт ажиллахаа больдог. Нээлттэй интернет орчинд хүүхэд VPN ашиглан дуртай зүйлээ ямар ч хориг саадгүй үзнэ гэсэн үг. Зөвхөн гэртээ төдийгүй сургуулийн сүлжээнд ч VPN ашиглан шүүлтүүрийг давах боломжтой. VPN програм хангамжийн хэлбэрээр, мбн төлөөллийн вэбсайт хэлбэрээр байж болно. Төлөөллийн вэбсайтаар хүүхэд зочилж, үзэхийг хүсч байгаа хаалттай вэбсайтын хаягийг оруулахад төлөөллийн сайтаар дамжин ямар ч эцэг эхийн хамгаалалтыг нэвтрэн хаалттай вэбсайтыг үзэж болдог.

  1. ХОРТОЙ ПРОГРАМААР ХАЛДВАРЛАГДАНА

Үл мэдэгдэх програм татаж суулгах нь аюултай байдаг шиг маш олон VPN програмууд аюул дагуулж байдаг. Үнэгүй андройд VPN –уудын 38% нь хортой програм агуулж байдаг бол 75% нь үйл хөдлөлийг мөшгихөөр зохиогдсон байдаг. Сэжигтэй програм хангамж суулгаснаар хүүхдүүд өөрийг нь тагнах, хувийн нууц мэдээллийг нь хулгайлах боломжийг бусдад олгодог. Хэрэв та хүүхэдтэйгээ төхөөрөмжөө хуваан хэрэглэдэг бол танд ч бас энэ аюул нөлөөлнө. Хортой програм цааш тархаж, таны сүлжээнд байгаа бусад төхөөрөмжүүд халдварлагдах эрсдэлтэй. Зарим зальжин VPN таны компьютер, интернетийн зурвасыг хүртэл ашиглах боломж бий. 2015 онд үнэгүй Hola VPN өргөтгөл хэрэглэгчдийнхээ интернет зурвасыг нууцаар зарж байсан нь илэрсэн бөгөөд зарим тохиолдолд хэрэглэгчдийн интернет холболтыг хууль бус үйл ажиллагаанд ашиглаж байсан байна.

  1. ҮНЭГҮЙ VPN ҮНЭНДЭЭ ХҮМҮҮСИЙГ ТАГНАЖ БАЙДАГ

Хамгийн сайн арилжааны VPN-ууд хувийн нууцлалыг сайтар хангаж, үйл хөдлөлийг нь нууцлах чанд хатуу дүрэм журамтай, хэрэглэгчдээ тагнахгүй, өгөгдлийг нь тэмдэглэж авдаггүй. Эдгээр хэрэгслүүд өөрийн нууцлалаа хамгаалахыг хүссэн насанд хүрэгчдэд зориулагдсан байдаг. Хүүхдүүд ихэвчлэн ёсзүйн хатуу дүрэм, журам багатай үнэгүй VPN болон төлөөллийн вэбсайтуудаар зочилдог. Олон үнэгүй VPN-ууд хэрэглэгчийнхээ үйл хөдлөлийг тагнаж, хувийн мэдээллийг нь хадгалж аваад зогсохгүй өгөгдлийг цааш худалддаг болох нь тогтоогдсон. Иймэрхүү төрлийн VPN ашиглахад таны хүүхдийн үзэж байгаа хортой зүйлүүдээс гадна зальжин зар сурталчилгаа, өөрөө нээгддэг зарууд вэбийн хөдөлгөөнд нэвтэрдэг.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

VPN САЙТУУДЫГ ШҮҮЛТҮҮРД

Таны ашиглаж байгаа эцэг эхийн хяналтын програм хангамжид VPN/Төлөөллийн сайтуудын хөдөлгөөнийг хаах шүүлтүүр байгаа эсэхийг шалга. Хэрэв байгаа бол идэвхжүүлснээр ихэнх VPN-ууд болон төлөөллийн вэбсайтуудыг ажиллахгүй болгож болно.

VPN ПРОГРАМУУДЫГ ХААЛТ ХИЙ

Хүүхдийнхээ төхөөрөмж дээр ажиллаж байгаа бүх VPN програмыг зогсоож, устга. Хэрэв танд програм ашиглалтыг хязгаарлаж чадах эцэг эхийн хяналтын програм хангамж байгаа бол хүүхдийнхээ татаж суулгахыг хүсч байгаа аливаа програмыг шалгаж үзээд VPN-уудыг нь хаалт хий. Хэрэв саяхан ямар нэг програм идэвхжүүлсэн бол юуны програм болохыг нь буцаж шалгаад VPN байвал устга.

Хэрэв танд шалгадаг програм байхгүй бол гараар нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Нэрэнд нь VPN орсон програмыг хайх нь зүйтэй. Компьютер болон гар утаснуудад VPN-тэй холбогдсон тохиолдолд ихэвчлэн холболтын өөр тэмдэглэгээ дэлгэц дээр гарч ирдэг тул тийм тэмдэг хайж бас болно. Мөн хүүхдийнхээ компьютер, төхөөрөмжийг ашиглан шүүлтүүр ажиллаж байгаа эсэхийг шалгах үүднээс хориотой вэбсайт руу орохыг оролдож үзээрэй.

ХҮҮХДИЙНХЭЭ ЦАХИМ ҮЙЛ ХӨДЛӨЛИЙГ ХЯНА

Таны хүүхэд зүй бус контентийн олз болохоос сэргийлэхийн тулд хүүхдийнхээ интернетийн хэрэглээг хянаж, тэдэнтэй цахим үйл хөдлөлийнх нь талаар нээлттэй, илэн далангүй яриа өрнүүл.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд