“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

TIKTOK-ийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Tiktok бол хэрэглэгчид нь нийтдээ 15 секунд орчим үргэлжилдэг богино хэмжээний дүрс бичлэг клипүүдээр дамжуулан “хөгжилтэй, мартагдашгүй мөчүүд”-ийг бий болгож, хуваалцаж, олж нээдэг дэлхийн дүрс бичлэгийн нийгэмлэг юм. Дүрс бичлэгийг тусгай эффект оруулагч шүүлтүүр, наалт, хөгжим болон дууны клип ашиглан илүү сонирхолтой болгож болдог. өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн түгээмэл програмуудын нэгд тооцогдож байгаа TikTok өмнө нь Musical.ly гэдэг нэртэй байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сард Хятадын ByteDance компани худалдан авч ийнхүү өөрчилсөн байна. Хэрэв таны хүүхэд өмнө нь Musical.ly бүртгэлтэй байсан бол түүн дээрх бүх дүрс бичлэгүүд, хувийн тохиргоонууд автоматаар TikTok руу шилжсэн байгаа. Musical.ly брэндийн дор бүртгэлүүдээ хадгалах явцад хүүхдийн мэдээллийн нууцлалтай холбоотой асуудлаар TikTok 2019 оны эхээр АНУ-д 5.7 сая ам.доллар (4.2 сая фунт стерлинг) –ын торгуульд оржээ.  

ЦАХИМ ОЛЗ ХАЙГЧИД

Хэрэглэгч анх бүртгэл нээхэд бүртгэлийн тохиргоо олон нийтэд нээлттэй байдаг. TikTok хэрэглэгчдэдээ дүрс бичлэгээр дамжуулан бүтээлч илэрхийлэл хуваалцахыг дэмждэг боловч олон нийтэд нээлттэйгээр нийтэлбэл таны хүүхдийн гэртээ хийсэн дүрс бичлэгийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс үзэх боломжтой. Хятадын засгийн газар мэдээлэлд хандаж, програмаар дамжуулан олон нийтийн санаа бодлыг эргүүлж болох тухай болгоомжлол бас бий. Хэрэв таны хүүхдийн хувийн хэрэг нээлттэй бол үл таних хүмүүс хүүхдийн чинь дүрс бичлэгт сэтгэгдэл үлдээж болно. Энэ нь цахим олз хайгчдад платформ ашиглан таны хүүхэдтэй холбоо тогтоох боломжийг олгож болзошгүй.

ПРОГРАМ ДАХЬ ХУДАЛДАН АВАЛТ

TikTok ч мөн адил худалдаж авдаг элементүүдтэй. Хэрэглэгчид цахим бэлэг болгон сольж болдог цахим зоос худалдан авдаг. Жишээ нь хэрэв тухайн нэг дүрс бичлэг таалагдвал, таны хүүхэд үүнийгээ батлахын тулд зоосоо ашиглан дүрсэн тэмдэглэгээ (emoji) худалдан авч болно. Эдгээр нь үнэтэй бөгөөд худалдан авахад хялбархан – нэг товшилтот худалдан авалтын товч ашиглан 10,000 зоосыг 99.99 фунт стерлингээр худалдан авах сонголт бий.

ЗОХИСГҮЙ КОНТЕНТ

TikTok-ийн хэрэглэгчид дуртай дуун дээрээ амаа хөдөлгөн өөрийн хөгжмийн клипийг бүтээж болдог. Зарим хөгжмийн сонголтууд нь хараалын үг, бэлгийн., харилцааны сэдвүүд агуулсан байдаг. Тиймээс хүүхдүүд зүй зохисгүй контентэд өртөөд зогсохгүй өөрсдөө даган дуурайж, дуулдаг. Үүнээс гадна эдгээр дүрс бичлэг дэх хувцаслалт, бүжгийн хөдөлгөөн нь хэт ил задгай, өдөөн хатгасан байж болно. Зарим хэрэглэгч анорекси, садар самуун, өөрийгөө гэмтээх болон хүчирхийллийг сурталчилсан дүрс бичлэгүүдийг хуваалцсан тухай мэдээлэл бий.

НӨЛӨӨНД АВТАХ

6-17 насны хүүхдүүдийн гуравны нэгээс их нь “нийгмийн сүлжээний одод”-ыг өөрсдийн шилдэг үлгэр дуурайлал гэж үздэг. Сая сая хэрэглэгч TikTok дээр дуулж, бүжиглэхээс эхлээд жүжиглэх, хошин элэглэх зэргээр өөрийн авъяас чадвар, мэдлэг, мөчүүдээ бусдад үзүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган лайк, сэтгэгдэл цуглуулж, хоромхон хугацаанд “од” болж хувирдаг. Хүүхдүүд дараагийн “од” болохын тулд програм дээр хэрхэн харагдах, хэрхэн аашлах талаар бодит бус хүлээлттэй болох аюул бий. Тэд хангалттай биш байх, өөртөө итгэх итгэл доогуур байхаас гадна тодорхой үзэл бодлын нөлөөнд автаж болно. TikTok дээр байнга тохиолдох “чиг хандлага болж байгаа сорилтууд”, хаштагууд заримдаа залуу хүмүүст эрсдэл учруулдаг.

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

БУСАДТАЙ МЭДЭЭЛЛЭЭ ХЭТ ХУВААЛЦАХЫН СУЛ ТАЛУУДЫГ ЯРИЛЦ

Цахим орчинд ямарваа зүйл хийх, хэлэх, нийтлэхийн өмнө заавал тунгаан бодож байхыг хүүхдэдээ хэл. Тэдний үлдээж буй цахим ул мөр нь тэдний цахим нэр хүнд болон бусад хүмүүс тэднийг хэрхэн харахыг тодорхойлдог. Өнөөдөр тэдэнд инээдтэй, хөгжилтэй санагдаж байгаа зүйл ирээдүйд сөргөөр нөлөөлж болох юм. Үеийнхнийхээ дарамт шахалтанд хэрхэн хандах, бусдыг татахын тулд хийсэн зүйл нь эргээд хэрхэн нөлөөлж болох талаар ярьж өгөөрэй. Өөрт чинь таатай санагдахгүй байгаа зүйлээ хийх гэсний хэрэггүй гэдгийг нь сануулаарай. Хүүхдийн чинь байршил, нэр, хувийн мэдээллийг хэн нэгэн мөшгихгүй байх үүднээс сургуулийнхаа дүрэмт хувцастай, эсвэл хаана амьдардгийг нь илрүүлэх боломжтой газрын ойролцоо дүрс бичлэг хийхгүй байхыг хүүхдэдээ ойлгуулаарай.

ШҮҮМЖЛЭЛД ХЭРХЭН ХАНДАХ НЬ

Хүүхэд чинь бүтээлч, өөрийгөө илэрхийлж, ижил сонирхолтой хүмүүстэй холбоотой байх нь гайхалтай хэдий ч цахим орчинд байгаа хүн бүр найрсаг байдаггүй гэдгийг мэдэж байх нь зүйтэй. Сөрөг, тэр бүү хэл хэрцгий бүдүүлэг сэтгэгдлүүд ч ирэх нь бий. Тиймээс сэтгэгдлээ илэрхийлэхдээ хэрхэн хүндэтгэлтэй хандах, сөрөг сэтгэгдэлд хэрхэн хандах зэргийг хүүхдэдээ зааж өгөөрэй. Програмын Хувийн нууцлал болон Аюулгүй байдлын тохиргоо хэсэг рүү орж дүрс бичлэгт нь хэн хариу үйлдэл үзүүлж болох, хэн сэтгэгдэл бичих, хэн түүнд хувийн чат захидал илгээж болохыг тохируулж болно. Зөвхөн хүүхдийн чинь найзууд түүний оруулсан нийтлэлд хариу үйлдэл үзүүлж болохоор тохиргоог хийхийг зөвлөж байна.

ЗҮЙ БУС КОНТЕНТИЙГ МЭДЭЭЛ

Хэрэв та, таны хүүхэд TikTok дээр ямар нэг зүй бус зүйл харвал тухайн бүртгэлтэй хаяг, дүрс бичлэг, сэтгэгдэл, чатыг “Report” товч даран тэмдэглэж аваарай. Програмын “Digital Wellbeing” цэс болон Нэмэгдүүлсэн хориглолттой төлөв “Enhanced restricted mode” –ийг идэвхжүүлснээр зүй бус дүрс бичлэгүүд гарч ирэхийг хязгаарладаг.

ХУВИЙН БҮРТГЭЛ АШИГЛА

Хувийн бүртгэл нээснээр зөвхөн та болон таны хүүхдийн зөвшөөрсөн хүмүүс оруулж буй бүтээлийг нь үзэх боломжтой. Бүртгэлийг хувийн болгохын тулд дэлгэцийн баруун дээд буланд байгаа гурван цэгийг дарж тохиргоо руу орно. “Хувийн нууцлал ба Аюулгүй байдал” –ыг дарж доош гүйлгэн “Хувийн бүртгэл”-ийг олж тохиргоог идэвхжүүл.

НАСАА ҮНЭН ЗӨВӨӨР БҮРТГҮҮЛ

Програмд анх бүртгүүлэхэд хэрэглэгчид төрсөн он сар, өдрөө оруулах шаардлагатай байдаг. Хэрэв оруулсан төрсөн өдрөөр хүүхэд чинь 13 нас хүрээгүй бол програм түүнд хаалт хийнэ. Гэхдээ энэ нь таны хүүхэд насаа худал хэлэхийг нь хориглож чадахгүй. Програм 13 болон түүнээс дээш насныханд зориулагдсан байдаг нь тэднийг цахим аюулаас хамгаалах зорилготой гэдгийг хүүхдэдээ тайлбарлаарай. TikTok дахь дүрс бичлэгүүдийг бүртгэл нээлгүйгээр үзэх боломжтой тул хүүхэд чинь 13 нас хүрээгүй бол дүрс бичлэгүүдийг татаж авахгүй байх нь зүйтэй.

“DIGITAL WELLBEING” БУЮУ “ЦАХИМ САЙН САЙХАН БАЙДАЛ” ТОХИРГООГ АШИГЛА

Хэрэв та хүүхдийнхээ TikTok програм ашиглаж байгаа хугацаанд санаа зовж байгаа бол Digital wellbeing тохиргоог идэвхжүүлснээр хүүхдийнхээ дэлгэц ашиглаж байгаа цагийг зохицуулж болно. Мөн тохиргоо руу орж автоматаар мэдэгдэл илгээгдэхийг болиулснаар TikTok-с ирдэг спам маягийн мэдэгдлүүдийг хүлээн авахгүй болно.

ПРОГРАМ ДАХЬ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЛААР ЯРИЛЦ

Хүүхэд чинь санамсаргүй байдлаар програм дахь худалдан авалт хийх эрсдэлийг бууруулахын тулд програм дахь худалдан авалт гэж юу болох, зөвшөөрөлгүйгээр ийм зүйл хийхийн эрсдэлтэй талуудыг зааж өгөөрэй. Ийм худалдан авалт нь програмыг ашиглан хөгжилтэй байхад заавал шаардлагатай зүйл биш бөгөөд хэрвээ худалдан авалт хийхээр бол эхлээд өөрөөс чинь зөвшөөрөл авах ёстойг хэлээрэй. “Digital wellbeing” цэсэнд зоос худалдан авах, бэлэг илгээх үйлдлүүдийг идэвхгүйжүүлэх сонголт бий.

Хэрэглэгчид мөн TikTok-ийн албан ёсны хаяг болох @tiktoktips –ийг дагаж платформ дахь аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн цахим аюулгүй байдлын зөвлөмжүүдийг уншиж мэдэхэд илүүдэхгүй.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд