“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Гэрт байгаа төхөөрөмжүүдтэй ухаалаг хандах 12 зөвлөгөө

Ухаалаг төхөөрөмжүүд бидний амьдралыг хялбар болгоно гэж амладаг. Ихэнхдээ тэгдэг, гэхдээ эдгээр шинэ технологиуд эрсдлийг мөн дагуулдаг. Дэлгүүрээс авах юмны жагсаалт гаргахдаа ухаалаг туслагч ашигладаг бол, гэрэл чийдэнгүүдээ ухаалаг системийн тусламжтай удирддаг бол олон тооны ухаалаг функцуудыг “эвдэж”, гэрийн чинь гадаа байгаа хэн нэгэн удирдах боломжтой. Анхаарал болгоомжтой байж, өөрийгөө хамгаалах зарим аргуудыг тодорхойлоход энэхүү зөвлөмж танд хэрэг болно.

ЭРСДЭЛҮҮДИЙГ МЭДЭЖ АВ

Ямар ч ухаалаг төхөөрөмж интернет ашиглан бусад төхөөрөмжүүдтэй холбогддог. Энэ нь ухаалаг төхөөрөмж ашиглахад салшгүй нэг хэсэг нь боловч олон тооны эрсдэлийг танд авчирна. Довтлогчид интернет холболт ашиглан таны хувийн мэдээллийг хулгайлж, хуурамч мэдээлэл үүсгэх, таны төхөөрөмжөөр зөвшөөрөлгүй худалдан авалт хийж болзошгүй. Үүнээс ч хөнөөлтэй зүйл бол хүүхдийг чинь уруу татах, цахим гадуурхах зэргээр ашиглах эрсдэл бий.

ЮМСЫН ИНТЕРНЕТ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол таны гэрт интернетэд холбогдсон байгаа бүх төхөөрөмжүүдийг нэрлэсэн нэршил юм. Үүнд таны ухаалаг утсанд холбогдсон шинэ тоон хаалганы хонх, таблетнаасаа удирддаг ус буцалгагч, ухаалаг цагаа дохиход асдаг халаагч зэрэг багтана. Юмсын интернет (ЮИ) нь амьдралыг хялбар болгоход зориулагдсан хэдий ч таны гэрийн сүлжээг цахим халдлагад өртөх эрсдэлийг бий болгодог. Энэ нь та орчин үеийн шинэ технологийн давуу талыг мэдэрч болохгүй гэсэн үг биш, харин болзошгүй сөрөг зүйлсийн талаар мэдлэг мэдээлэлтэй байхыг сануулж буй хэрэг юм.

НУУЦЛАЛЫН ТОХИРГООГОО ШАЛГА

Интернетээр өгөгдөл дамжих бүрт энэ нь “кодлогдсон” байдаг. Энэ нь уг өгөгдлийг хөндлөнгөөс уншихад төвөгтэй болгодог. Иймд WPA, WEP зэргийг ашиглахаас илүүтэй WPA2 зэрэг илүү хүчтэй кодлогч ашиглахыг танд зөвлөе. Интернет чиглүүлэгчийн гарын авлагаас яаж хийхийг нь хараарай.

ПРОГРАМ ХАНГАМЖАА БАЙНГА ШИНЭЧИЛ

Үйлдвэрлэгчид ухаалаг төхөөрөмж дэх програм хангамжийг тогтмол шинэчилж байдаг. Зарим нь танд шинэчлэхийг автоматаар сануулдаг ч бүгд тийм биш. Найдвартай байх үүднээс календар дээрээ сануулга тавиарай. Үйлдвэрлэгчийн вэбхуудас руу орж ямар нэг шинэчлэл байгаа эсэхийг шалган шаардлагатай бол уншуулаарай.

ГЭРИЙНХЭЭ “ГАРЦ”-ИЙГ ӨӨРЧИЛЖ НЭРЛЭ

Таны интернэтийн чиглүүлэгч бол таны гэрийн сүлжээ рүү орох виртуал гарц юм. Түүнийг хамгаалах шаардлагатай. Үүний тулд анхны тохиргоотой байгаа нэр (SSID) болон нууц үгийг өөрчлөх хэрэгтэй. Заавар дээр нь хэрхэн хийх дарааллыг бичсэн байдаг. Өөрийнхөө овгийг бүү ашигла. Илүү нууцлалтай зүйл сонго. Нууц үгийг мөн том жижиг үсэг, тоо, тэмдэгт ашиглан төвөгтэй болго. Үүнийг чиглүүлэгч болон интернеттэй холбогдсон бусад ухаалаг төхөрөөмжүүддээ мөн адил хийгээрэй.

ЗОЧИДДОО ТУСДАА СҮЛЖЭЭ АШИГЛУУЛ

Хэрэв таны чиглүүлэгч зочдод зориулсан тусдаа сүлжээ ашиглах тохиргоотой бол ашиглах хэрэгтэй. Ингэснээр зочид танай Wi-Fi –г ашиглахад таны төхөөрөмжүүд рүү хандах боломжгүй.

СИРИ БОЛОН АЛЕКСАД БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛ

Ухаалаг төхөөрөмж дээрх идэвхжүүлэх үгсээ зөвхөн та болон таны гэр бүлийнхэн л мэдэж байхаар өвөрмөц байдлаар өөрчил. Ингэснээр таны ухаалаг төхөөрөмж рүү хүмүүс халдахад төдийчинээ төвөгтэй байх болно.

ШААРДЛАГАГҮЙ ТОХИРГООНУУДЫГ ИДЭВХГҮЙ БОЛГО

Гэрийнхээ гаднаас ус буцалгагчаа удирдах нь хөгжилтэй санаа байж болох ч ингэх шаардлагагүй. Үнэн хэрэгтээ ухаалаг төхөөрөмжүүдэд маш олон шаардлагагүй тохиргоо, онцлогууд агуулагдсан байдаг. Боломжтой бол эдгээрийг олоод идэвхгүй болго. Ингэснээр хүмүүст таны төхөөрөмжид нэвтрэх боломжийг бууруулж чадна. Таныг аюулгүй байдлаа нэмэгдүүлэх алхмуудыг идэвхтэйгээр хийснийг хэн нэгэн харвал түүнд нэвтрэхийг оролдох нь багасна.

ЗӨН СОВИНДОО ИТГЭ

Хэрэв та ямар нэг зүйл буруу байна, эсвэл сүлжээг чинь ашиглаж байна гэж бодвол үйлдвэрлэгчийн вэб хуудас руу орох, эсвэл тэдний техникийн тусламжийн хэлтэс рүү залгаарай. Дараа нь харамсаж байснаас найдвартай нь дээр.

ХАНА БОСГО

Та зориулалтын “галан хана” (firewall) төхөөрөмж худалдан авч бас болно. Энэ нь таны сүлжээтэй холбогдон цахим аюул занал таны чиглүүлэгчид хүрч очихыг зогсоодог. Зарим чиглүүлэгчид галан ханын элемент агуулсан байдаг ч жинхэнийг нь орлошгүй. Галан хана төхөөрөмж таны сүлжээнээс гарч байгаа болон орж байгаа мэдээлэлд нягт анализ хийн хортой халдлагыг зогсооход тусалдаг. Гэрээсээ ажилладаг буюу мэдрэмтгий мэдээлэлтэй ажилладаг хэн ч бай аюулгүй байдлын төхөөрөмж зайлшгүй ашиглавал зохино.

УХААЛАГ УТСАА НУУЦЛАЛТАЙ БОЛГО

Хэрэв та гар утсаа гэрт байгаа төхөөрөмжүүдээ хянахад ашигладаг бол таны ухаалаг утас нууцлалтай, хамгаалагдсан байх ёстойг анхаар. Наад зах нь пин код болон биометрийн таних функцуудыг идэвхжүүл. Мөн боломжтой бол гар утсандаа анти вирусын програм хангамж татан суулгавал зүгээр.

ТӨХӨӨРӨМЖ БОЛОН УДИРДЛАГУУДАА ТОГТМОЛ ШАЛГА

Ухаалаг төхөөрөмжүүд (компьютер тоглоомын гар удирдлагын оруулан)-ээ тогтмол шалгаж байх нь зүйтэй. Төхөөрөмжүүдээ үндсэн тэжээлээр нь унтраан, интернетээс салгаж бай. Ер нь ашиглахгүй байгаа ямарваа төхөөрөмжийг унтрааж хэвших нь жижиг мэт боловч ихээхэн тустай. Төхөөрөмж унтлагын горимд байгаа ч интернетэд холбоотой байгаа бол ямар нэг байдлаар өгөгдөл шилжүүлж, сонсож байж болох юм.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд