“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

ТВИТТЕР-ийн талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Twitter гэдэг нь хэрэглэгчид нь “жиргээ” (tweet) буюу богино зурвас, зураг, дүрс бичлэгийг нийтэд нээлттэй байршуулдаг олон нийтийн сүлжээний сайт юм. Мөн бусад хэрэглэгчийн өөрийн дагагчдадаа зориулж бичсэн “жиргээ”-г хуваалцаж болдог. Twitter олны танил ододтой харьцах, шинэ мэдээ мэдээлэл, хандлага, өнөөгийн нийгмийн хамаарлаас хоцрохгүй байх боломж олгодог учир залуу хүмүүс түгээмэл ашигладаг.

ТВИТТЕРИЙН ТРОЛЛ

“Тролл” гэж цахим орчинд хувь хүнийг хариу үйлдэлд өдөөх зорилгоор санаатайгаар сөрөг, дайрч доромжилсон үг хэллэгтэй сэтгэгдэл бичиж, нийтэлж байгаа хүнийг хэлнэ. Троллдох гэдэгт гадуурхах, дарамтлах, нууцаар дагах, бүлэглэн дайрах зэрэг багтах бөгөөд Твиттерт элбэг тохиолддог. Троллууд ямар нэг үзэл бодлыг өдөөх, эсвэл зүгээр хүмүүсийг инээлгэх сэдлээр хийж байж болох ч бодит байдалд тэдний арьс өнгөөр ялгаварлах, ижил хүйстнийг үзэн ядахаас эхлээд эсрэг хүйстнээ дорд үзэх үзэл хандлага бүхий нийтлэл, бичвэрүүд маш их хор хөнөөлтэй. Зарим хохирогчдод энэ нь эмгэнэлт үр дагаварт хүргэдэг.

ЗҮЙ ЗОХИСГҮЙ КОНТЕНТ

Твиттер хэрэглэгчдэд өөрийн хувийн үзэл бодол, итгэл үнэмшлээ нийтлэх боломж, эрх чөлөөг олгосноор хэрэглэгч платформын хязгаарлалтыг үл хамааран юу хүссэнээ нийтлэх боломжтой гэсэн үг. Хэрэв дүрмийг зөрчөөгүй бол хараал, зохисгүй үг хэллэг хэрэглэх зөвшөөрөгдсөн. Таны хүүхэд ямар нэг зохисгүй контент харсан бол гэртээ, эсвэл найз нөхдийнхөө дунд түүнийг даган дуурайхыг бодож болзошгүй. Түүнээс гадна тус платформ дээр хайж олоход хялбар, ямар нэг хориглолтгүйгээр шууд үзэх боломжтой садар самуун сурталчилсан олон тооны албан бус профайлууд байдаг.

ХУУРАМЧ ПРОФАЙЛ 

Твиттер дэх хуурамч бүртгэлүүд алдартнууд, эсвэл олны танил хүмүүсийг дуурайсан байдаг. Эдгээр дуураймал бүртгэлүүдийг ихэвчлэн тэднийг жинхэнээсээ гэж бодож байгаа залуу хүмүүсийг хуурч мэхлэх, ашиглахад хэрэглэдэг.

ХУУРАМЧ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Твиттерт жиргээ тархах хурд итгэмээргүй хурдан байдаг тул хуурамч мэдээ мэдээлэл тус орчинд богино хугацаанд хурдтай тардаг. Хуурамч мэдээ, бичвэрүүд ихэвчлэн залуус, тухайн мэдээ мэдээлэлтэй холбоотой хүмүүст хор хөнөөлтэй байдаг. Үүнээс гадна таны хүүхдийн нийтэлсэн жиргээг бусад хүмүүс маш хурднаар, санаандгүйгээр дахин жиргэхэд хялбар тул жиргээг буцаах боломжгүй гэсэн үг.

ХУЛГАЙЛАГДСАН ХАШТАГ (HASHTAG)

Твиттерт хамгийн өргөн хэрэглэгддэг нэг зүйл бол хэрэглэгчдийг тодорхой хандлага, сэдэв, асуудлын талаар хялбар хайлт хийх боломж олгодог хаштаг (#) юм. Гэхдээ Твиттер хэрэглэгчдийн тоо маш олон тул хаштаг-ийг өөр зорилгоор ашиглах явдал их байдаг. Хэн нэг хүн гэмгүй мэт санагдах хаштаг хэрэглэж байхад өөр хэдэн зуун хүн яг тэр хаштаг-ийг таны хүүхэд үзэх ёсгүй ямар нэг зүй бус, аюултай зүйлд ашиглаж байж болзошгүй. Илүү олон хүмүүст хүрч очдог тул хандлага болж буй жиргээнүүдийн дотор иймэрхүү зүйл өргөн тохиолддог.

 

ЯРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАХ, ЭСРЭГ ХҮЙСТНЭЭ ДОРД ҮЗЭХ, ИЖИЛ ХҮЙСТНИЙГ ҮЗЭН ЯДАХ ҮЗЛИЙГ ӨӨГШҮҮЛСЭН ЗҮЙЛС

Твиттер ямар нэг үзэл баримтлал, үзэл санааг интернетийн орчинд тараах, түгээхэд туслах зорилготой богино хэлц, зураг зэргийг өргөнөөр хуваалцаж түгээдэг талбар юм. Ихэнх ийм хэлц, зургууд гэм хоргүй, аюулгүй байдаг ч заримынх нь хувьд ярьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл бүхий зурвасыг агуулсан байдаг. Хэдийгээр эдгээрийг тоглоом байдлаар илгээдэг ч ийм төрлийн контент нь ярьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг өөгшүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм.

СУРТАЛ УХУУЛГА, ХЭТ ТУЙЛШРАЛ, РАДИКАЛ ҮЗЭЛ

Нийгмийн сүлжээ хэт туйлширсан үзэл суртал, үйл ажиллагааг бодит цаг хугацаанд тасралтгүй нэвтрүүлэх боломж олгодог. Твиттер бол хэт туйлшрагч бүлгүүдийн хүчирхийллийг сурталчлах, хүмүүсийг өөрсдийн үзэл суртал, үйл ажиллагаанд уруу татан оруулах, элсүүлэхдээ ашигладаг олон платформуудын нэг юм. Ийм төрлийн бүлгүүд эмзэг хохирогчид болох голдуу залуу хүмүүсийг ухаалгаар онилж, өөрсдийн итгэл үнэмшлийг дэмжүүлэхийн тулд тэднийг аргандаа оруулдаг.

ХҮН БҮХЭН НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ

Твиттерт сар бүр идэвхтэй байдаг бүх насны ангиллын 335 сая гаруй хэрэглэгч байдаг. Хэрэглэгч бүртгүүлмэгц анхны тохиргоогоор жиргээ олон нийтэд нээлттэй байх бөгөөд энэ нь нийтэлж буй бичвэрийг тэр даруйд хэн ч харж, хариу үйлдэл хийх боломжтой гэсэн үг. Таны хүүхэд өмнө нийтэлсэн бичвэрээ өөрчлөхийг хүсээд устгасан ч хэн нэг нь тухайн бичвэрийн дэлгэцийн зургийг нь авсан, дахин жиргэсэн, өөр бусад платформ руу нийтэлсэн байх боломж үргэлж байдаг.   

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ШИЛДЭГ ЗӨВЛӨМЖ

БҮРТГЭЛИЙН ТОХИРГООГ ШАЛГА

Хүүхдийнхээ хувийн нууцлалын тохиргоог бүрэн гүйцэд шалгахыг зөвлөж байна. Хүүхдийн чинь жиргээг хэн нэгэн бусадтай хуваалцах вий гэсэн айдсаа бага боловч дарахын тулд түүний бүртгэлийг хамгаалалттай байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны хүүхдийн нийтэлсэн жиргээг үзэхийг хүссэн хэн ч бай зөвшөөрөл авахыг шаардана гэсэн үг. Үүний зэрэгцээ тохиргоог нь өөрчилснөөр хүүхэд чинь платформд байгаа дурын хэн нэгнээс шууд зурвас хүлээн авах боломжгүй болгох, байршлыг нь бусадтай хуваалцахгүй болгох боломжтой.

ХААЛТ ХИЙХ, МЭДЭЭЛЭХ

Хэрэв Твиттерийн тодорхой нэг бүртгэлээс таны хүүхдийг цахим гадуурхах, сэтгэл түгшээсэн контент илгээх зэргээр асуудал учруулж байвал шууд хаалт хийж, мэдээлж болно. Ийм бүртгэлтэй хэрэглэгчид хаалт хийснээр тэднийг таны хүүхдийн жиргээг харах, зурвас илгээх, дагахаас сэргийлнэ. Мэдээлснээр Твиттерт тухайн бүртгэлийг шалгах дохио өгч байгаа хэрэг юм.

БҮРТГЭЛИЙГ ДУУГҮЙ БОЛГОХ

“Mute” буюу дуугүй болгох функцийг идэвхжүүлснээр тухайн хэрэглэгчийг дагахаа болиогүй, хаалт хийлгүйгээр түүний жиргээг дэлгэц дээр гаргахгүй байх боломж олгоно. Энэ нь таны хүүхдэд тухайн харилцан ярианы талаар мэдэгдэл ирэхгүй боловч timeline дээр нь харагдана гэсэн үг. Хэрэв хэн нэгэнтэй найз, гэхдээ хуваалцаж байгаа бичвэр нь таалагдахгүй байгаа тохиолдолд үүнийг ашиглавал илүү тохиромжтой. Мөн нөгөө хэрэглэгч өөрийг нь хориглосон байгааг мэдэхгүй.

ТВИТТЕРИЙН ТРОЛЛУУД БА ХУУЛЬ ЭРХЗҮЙ

2016 оноос CPS гутаан доромжилсон хаштаг бий болгосон, доромжилсон эвлүүлэг зураг нийтэлсэн хүнийг шоронд хорих шинэ хуулийн заалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг гэмт хэрэг, ярьс өнгө, шашин шүтлэг, ижил хүйстэн болон транс хүйстэнийг үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой олон нийтийн бодлогын баримт бичгүүдийг гарган, үзэн ядах гэмт хэрэгт зөвлөгөө өгөх болсноо зарласан.  Хүүхэд чинь цахим орчинд эерэг нэр хүндийг бий болгох, цахим болон цахим бус орчинд бусдад хүндэтгэлтэй хандах ёстой талаар мэдэж байх нь чухал.

МЭДРЭМТГИЙ КОНТЕНТ

Хэрэв Твиттерт “мэдрэмтгий контент агуулж байж болзошгүй” гэсэн жиргээ олдвол Твиттер түүнийг мэдээний тоймд харуулдаггүй бөгөөд танд тус контент мэдрэмтгий болохыг анхааруулдаг. Үүний дараа танд үзэх, эс үзэх сонголт гарч ирнэ. Энэ нь таныг хортой зураг, дүрс бичлэгийг хүүхдээ үзэхээс өмнө өөрчлөх боломж олгоно. Харамсалтай нь зарим контент системийн энэхүү хаалтын завсраар гарч мэдээний тоймд орж ирдэг. Хэрэв ямар нэг мэдрэмтгий контент үзвэл мэдээлж болно. Твиттер уг жиргээг шалгаад мэдрэмтгий контент мөн эсэхийг тогтооно.

ХАШТАГ БОЛОН ХЭЛЦ ҮГИЙГ ХАА

Бүртгэлийн тохиргоо дотор тодорхой үгс, хаштаг, хэлц үг (жишээ нь хараалын үгс, зохисгүй хэллэг, дүрслэл)-ийг хүүхдийнхээ он цагийн хэлхээс (timeline) буюу мэдэгдэл (notification)-д гаргахгүй хаалт хийх боломжтой.

ДҮРС БИЧЛЭГ АВТОМАТ ТОГЛУУЛАГЧИЙГ УНТРАА

Автомат тоглуулагч нь нэг дүрс бичлэг дуусангуут дараагийн дүрс бичлэгийг автоматаар тоглуулж эхэлдэг. Таны хүүхэд санамсаргүйгээр  зохисгүй дүрс бичлэг үзэхээс сэргийлэн тохиргоо цэснээс дээрх сонголтыг унтраан хүүхдийнхээ үзэх дүрс бичлэгийг хялбархан өөрчлөх боломжтой.

ХАРИЛЦАН ЯРИА БА ХЯНАЛТ

Та хүүхэдтэйгээ тэдний цахим орчин дахь үйлдлийн талаар тогтмол нээлттэй яриа өрнүүлж эрүүл харилцаа, хүндлэл гэж юу болох, бусдын сэтгэл хөдлөлд хэрхэн мэдрэмжтэй хандах талаар ойлгуулаарай. Мөн тэд цахим орчинд юу хийж байгааг, тухайлбал платформыг юунд ашиглаж байгаа, хэнтэй ярилцаж байгаа, үзэх, оролцох ёсгүй ямар нэг зүйлийг үзэж, оролцож байгаа эсэхэд хяналт тавьж байх нь чухал. Цахим ертөнц дэх хуурамч мэдээ мэдээлэл, цахим гадуурхал зэрэг аюулын талаар, хүмүүс яагаад иймэрхүү зүйлтэй холбогддог, таны хүүхэд тэдгээрээс хол байхын тулд юу хийж чадах талаар ярилцаарай.

ТВИТТЕРИЙН ЖАГСААЛТ

Твиттерийн жагсаалт нь таны хүүхдэд үндсэн он цагийн хэлхээсийн зэрэгцээ тодорхой бүртгэлүүдийг л агуулсан өөр тойм үүсгэх боломж олгодог. Энэ нь дагагчдаа нийтлэг сэдэв болон сонирхолд нь үндэслэн хуваах сайхан арга юм.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд