“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Хүүхэдтэйгээ цахим орчны аюулгүй байдлын талаар ярилцахад туслах 7 асуулт

ЧИ ЯГ ОДОО ЯМАР АПП, ТОГЛООМ АШИГЛАЖ БАЙНА ВЭ?

Уг асуултыг асууснаар таны хүүхэд төхөөрөмж дээрээ ямар төрлийн апп ашиглаж, юу хийж байгааг, юу сонирхож байгаа талаар тодорхой мэдээлэлтэй болоход дөхөм болно. Тэд ашиглаж байгаа зүйлийнхээ талаар бүгдийг хэлэхгүй байж магадгүй тул төхөөрөмжөө үзүүлэхийг тэднээс хүсээрэй. Апп болон тоглоомууд байнга шинэчлэгдэх эсхүл шинээр гарч байдаг тул хүүхэдтэйгээ аль болох ойр ойрхон ярилцаж, цахим орчинд хийж буй сонирхож буй зүйлийн талаар нь мэдэж, хянаж, зааж, зөвлөж байхыг хичээгээрэй.  

ЧИ ЯМАР ВЭБ ХУУДАС АШИГЛАХ ДУРТАЙ ВЭ? ЯАГААД?

Ийм асуулт асуух нь хүүхдээ цахим орчинд юу хийж байгааг мэдэж авахаас гадна цахим орчны талаар харилцан яриа өрнүүлэхэд дөхөмтэй. Хүүхдээсээ вэб хуудсыг хэрхэн ашигладаг, эерэг байдлаар яаж ашиглаж болох талаар сонирхон асууж, ямар зорилгоор, яаж ашиглаж байгаатай нь үзэж танилцаж, зөвлөмж өгөөрэй.  

ЭНЭ ТОГЛООМ/АПП ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? БИ ТОГЛОЖ БОЛОХ УУ?

Хүүхдийнхээ хийж байгаа зүйлийг үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуул. Хамт тоглоом тоглох, эсвэл апп ашиглаж байхад хүүхдийн тань хувьд өөрт нь аюул учруулахгүй байх гэж бодсон ч таны анхаарлыг татах ямар нэг зүйл байж болзошгүй юм шүү. Хэрэв хүүхэд тань ашиглаж буй зүйлээ таньд харуулахыг хүсэхгүй байвал яагаад гэдгийг асууж, тодруулаарай.

ЧАМД ЦАХИМ НАЙЗУУД БАЙГАА ЮУ?

Хүүхдүүд цахим орчинд бусадтай эерэг харилцаа үүсгэж чаддаг бөгөөд олон тоглогчидтой цахим тоглоомын нөлөөгөөр бүр ч түгээмэл болж байна. Гэвч хүүхдүүд найз болон үл таних хүн 2-ын ялгааг бүрэн ойлгож, таньж чадахгүй байх магадлалтай. Иймээс хүүхдээсээ ”Чи цахим тоглоом хамт тоглодог цахим найзтай юу?” гэж илүү тодорхой асууж болно. Тэд таньтай энэ энэ талаар ярихыг хүсэхгүй байвал цахим харилцаа, бодит харилцааны ялгаа, цахим болон бодит орчин дах эрүүл харилцааны талаар сайн хэлж, тайлбарлаж зөвлөөрэй.

ТУСЛАМЖ АВАХЫН ТУЛД ХААНА ХАНДАХАА МЭДЭХ ҮҮ?

Та хүүхдийнхээ хувьд хамгийн их итгэж найддаг ахмад хүн нь байсан ч зарим хүүхдүүд ичих, эмээх, сандарснаасаа болоод цахим орчинд юу болсон талаар ярьж чаддаггүй. Үүнээс болоод өөрт нь тусалж чадах ойр дотны хүмүүстээ тухайлбал эцэг, эхдээ эсвэл багшдаа хандаж чаддаггүй. Тусламж авахын тулд хэнд хандах, цахим орчинд зүй зохисгүй гэж бодож байгаа аливаа үйлдлийн талаар хэрхэн, хаана мэдээлэх тухай хүүхэдтэйгээ ярилцаарай.

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Таны хүүхэд өөрийн хувийн мэдээлэл гэж юу болох тухай аль хэдийн мэддэг байж болох ч энэхүү мэдээллийг бусадтай хэрхэн хуваалцах тухай талаар бодож үзээгүй, ойлголтгүй байж мэднэ. Хувийн мэдээлэл гэж юу болох, хэрэв энэ мэдээлэл мэдвэл зохих зөвшөөрөгдсөн хүнээс цааш гадагш тархсан бол өөрт нь хэрхэн нөлөөлж болох талаар хүүхэдтэйгээ ярилцаарай. Холбоо барих хаяг, гар утасны дугаар, зураг зэрэг мэдээлэл цахим орчинд хурдан тархдаг тул бусадтай хуваалцахын аюул, эрсдлийг таны хүүхэд ойлгодог байх нь чухал.

ӨӨРИЙН ХЭМЖЭЭ ХЯЗГААРАА МЭДЭХ ҮҮ?

Хүүхдүүд ухаалаг төхөөрөмж, тоглоомын хэт их, зохисгүй хэрэглээний сөрөг, үр дагаврын талаар ойлголт багатай байж магадгүй юм. Тиймээс эрүүл, дадал хэвшлийн талаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, цахим орчинд цагийг өнгөрөөх, тоглоом тоглох зэрэг нь тэдний нойрсох, амрах хэв маяг, хичээл сурлагад нөлөөлж байгаа эсэх, бусад үйл ажиллагаатай холбоотой идэвх сонирхол нь буурч байгаа эсэх талаар нягталж, асуугаарай. Мөн цахим орчинд цагийг өнгөрөөх, ухаалаг төхөөрөмж ашиглахад нь цагийн хязгаар тогтоох, үүнийг орлох бусад төрлийн идэвхтэй хөдөлгөөн, бүтээлч үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих талаар ярилцаж, санал солилцоорой.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд