“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Насны ангиллын талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Хэрэв та хүүхэдтэй бол тэдний үзэж буй кино, ТВ нэвтрүүлэг, тоглож буй тоглоомын талаар санаа зовних нь зүйн хэрэг. Тэгвэл таны хүүхдэд тухайн зүйл тохиромжтой эсэхийг үнэлэхэд Их Британи улсад зөвлөдөг албан ёсны хоёр аргыг товч танилцуулъя. Британийн Кино Ангиллын Зөвлөл (BBFC) болон Eвропийн тоглоомын ангиллын мэдээллийн сан (PEGI)-гийн вэб хуудсуудад контентийг нэрээр нь хайлт хийх систем байдаг бөгөөд та тухайн кино, ТВ нэвтрүүлэг, тоглоомын нэрийг оруулснаар ямар насны хүүхдэд зориулсан контент болохыг нь мэдэх боломжтой. 

КИНО, ТВ НЭВТРҮҮЛЭГ, ХӨГЖМИЙН ВИДЕОНЫ НАСНЫ АНГИЛАЛ

Британийн Кино Ангиллын Зөвлөл (BBFC)-өөс 1912 оноос хойш өөрийн орны иргэдийг кино, ТВ нэвтрүүлэг, хөгжмийн видеоны насны ангиллын талаарх мэдээллээр хангаж ирсэн. Энэ нь эцэг эхчүүдийг кино театрт гарч буй үзвэрүүд, DVD, Netflix зэрэг сувгуудаар дамжиж байгаа видео контентууд хүүхдийнх нь насанд тохирч байгаа эсэхийг үнэлэх боломжийг олгодог.

BBFC АНГИЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

BBFC-с контентийг насны 7 ангилалд хуваадаг.

  • U-нийтийн буюу бүх насныханд зориулагдсан
  • PG- хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах эцэг эхийн зөвлөмж шаардлагатай
  • 12- 12 болон түүнээс дээш насныханд тохиромжтой
  • 12А- 12 болон түүнээс дээш насныханд тохиромжтой, түүнээс бага насныхан насанд хүрэгчтэй хамт байх шаардлагатай
  • 15- 15 болон түүнээс дээш насныханд тохиромжтой
  • 18- 18 болон түүнээс дээш насныханд тохиромжтой
  • R18 restricted- зөвхөн тусгай зөвшөөрөлтэй кино театр болон жижиглэнгийн худалдаанд зөвшөөрөгдсөн насанд хүрэгчдийн контент

BBFC-С ӨӨР ЯМАР МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Насны ангиллын мэдээллээс гадна тухайн контент нь зохисгүй үг хэллэг, бэлгийн харилцаа, хүчирхийлэл зэрэг таны хүүхдэд зохисгүй зүйлийг агуулж байж болзошгүй талаарх нэмэлт анхааруулга, мэдээллийг бэлтгэн хүргэдэг. Мөн контентийн агуулж буй зохисгүй үг хэллэг, дүрсний давтамж, агуулгаас хамааруулан олон давталттай (зохисгүй үг хэллэг, дүрс олон давталттайгаар орсон гэдгийг илэрхийлдэг), зөөлөн (зохисгүй үг хэллэг, дүрс байж болзошгүй, зарим төрлийн хараалын үг хэллэг орсон гэдгийг илэрхийлдэг), хатуу (ноцтой зохисгүй үг хэллэг, дүрсийг агуулж байгааг илэрхийлдэг) гэсэн 3 түвшинд ангилдаг.

ТАЙЛБАР

Монгол Улсын хувьд зөвхөн телевизээр дамжиж буй нэвтрүүлэгт зориулсан “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага” MNS 6587:2016 үндэсний стандарт (стандартыг http://www.crc.gov.mn/k/2Zd орж үзнэ үү.) байдаг бөгөөд телевизийн үйлчилгээ эрхлэгчид дагаж мөрдөх үүрэгтэй. Харин кинотеатр, видео тоглоом, Netflix зэрэг бусад орон зайгаар дамжиж буй контентуудын хувьд насны ангиллын стандарт байдаггүй тул та бүхэнд зөвлөмж болгох үүднээс Их Британийн насны ангиллын системийн талаар дурдлаа.   

ВИДЕО ТОГЛООМЫН НАСНЫ АНГИЛАЛ

PEGI (Бүх Европын Тоглоомын Мэдээлэл) гэдэг нь бүх төрлийн видео тоглоомд насны ангиллын доод хязгаарыг тогтоодог систем юм. Насны ангиллыг тухайн тоглоомд дүрслэгдэж байгаа агуулгаас нь хамааруулан тогтоодог. Түүнчлэн PEGI-с тоглоом бүрийн хувьд хүчирхийлэл, бэлгийн харилцаа, зохисгүй үг хэллэг, мансууруулах бодис зэрэг зохисгүй агуулгыг агуулсан эсэхийг илэрхийлсэн тэмдэглэгээг хийж өгдөг.

PEGI АНГИЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

PEGI ангилал нь насны хязгаарлалт болон контентийн тэмдэглэгээ гэсэн 2 хэсэгтэй. “Контентийн тэмдэглэгээ” нь эцэг эхчүүд, хүүхдүүдэд тухайн тоглоом нь хүчирхийлэл, айдас, бэлгийн харилцаа, зохисгүй үг хэллэг, ялгаварлан гадуурхал, мөрийтэй тоглоом, мансууруулах бодис гэх мэт агуулгын хувьд юу агуулж байгаа вэ гэдгийг олж мэдэхэд тусалдаг. Тоглоомын насны ангилал, контентийн тэмдэглээг мэдсэнээр тухайн тоглоом таны хүүхдэд тохиромжтой эсэхийг үнэлж, цэгнэхэд дөхөм болох юм. 

PEGI-с 3, 7, 12, 16, 18 гэсэн насны 5 ангиллыг тогтоосон байдаг.  

PEGI-с дараах 8 төрлийн контентийн тэмдэглэгээтэй:

  • Айдас
  • Хар тамхи, мансууруулах бодис
  • Тоглоомын явц дахь худалдан авалт
  • Хүчирхийлэл
  • Зохисгүй үг хэллэг
  • Ялгаварлан гадуурхал
  • Мөрийтэй тоглоом
  • Бэлгийн харилцаа

САНУУЛГА

PEGI-ийн зүгээс видео тоглоомуудыг агуулгаар ангилах арга хэмжээг авдаг хэдий ч цахим орчинд таны хүүхэд өөрийн насыг батлахгүйгээр тоглоом худалдан авах бүрэн боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь таныг мэдээгүй байхад хүүхэд тань насандаа тохироогүй агуулга бүхий тоглоомыг нээх, үзэх, тоглох эрсдлийг бий болгодог. Иймд хүүхдийнхээ ямар тоглоом сонирхож, үзэж, тоглож байгааг тогтмол хянаж, тэдэнтэй цахим ертөнцийн талаар нээлттэй ярилцаж байхыг танд зөвлөе.

ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ

Хүүхдийнхээ хамгийн их ашиглаж, худалдан авалт хийх магадлалтай App Store, Google Play Store, PlayStation Store, Microsoft Xbox Store зэрэг онлайн данснуудад эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн байнгын хяналт тавьж, шаардлагатай хяналтын систем, програм хангамжуудыг ашиглахыг таньд зөвлөж байна.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд