“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Цахим уруу таталтын талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Уруу татах гэдэг нь хэн нэгэн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг үйлдэх зорилгоор хүүхдийн итгэлийг олж авахын тулд тэдэнтэй найз болж сэтгэл зүйн холбоо үүсгэх явдал юм. Тэд цахим болон цахим бус орчинд хүүхэдтэй харилцаа үүсгэх, холбоо тогтооход төрөл бүрийн технологийн арга замыг ашигладаг ба хамгийн түгээмэл нь ашиглагддаг орон зай нь интернет юм. Тэднийг бэлгийн харилцааны зан үйлд татан оролцуулахын тулд хохирогчийнхоо итгэлийг олж авах нь маш чухал байдаг. Уруу татагч этгээд нь үл таних хүн эсвэл хүүхдийн сайн мэддэг хэн нэгэн байж болох бөгөөд  хүүхэдтэй сонирхдог зүйлс, бусадтай харилцах харилцаа гэх мэт хувийн мэдээлэл солилцох хэлбэрээр яриа өрнүүлэх, магтаал урсгаж, бэлэг сэлтээр өөртөө татах, түүгээр ч зогсохгүй хяналтыг гартаа авахын тулд айлган сүрдүүлэх зэрэг аргуудыг хэрэглэдэг. Энэ бүх үйл явц хэдэн өдрөөс хэдэн жил ч хүртэл хугацаагаар үргэлжилж болох магадлалтай.

Уруу таталтын гэмт хэргийн тоо огцом ихэсч байна

Нэг баримт жишээ дурдахад Англи болон Уэлсд 2017 оны 4 дүгээр сард гар утас, нийгмийн сүлжээгээр дамжуулан хүүхдэд бэлгийн харилцааны тухай зурвас илгээсэн насан хүрэгчид хариуцлага тооцох тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн байна. Хууль хэрэгжиж эхэлсэн эхний жилд хүүхэдтэй бэлгийн харилцаатай холбоотой асуудлаар холбоо тогтоосон 3000 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь мэргэжилтнүүдийн таамаглаж байснаас 50 хувиар өндөр байсан байна.   

Хүүхдүүд бүгд эрсдэлд байна

Их Британийн Хүүхдийн эсрэг хүчирхийллээс хамгаалах үндэсний нийгэмлэг (NSPCC)-ийн 2018 оны тайланд нийт хүүхэд залуусын дөрөвний нэг нь үл таних насанд хүрсэн хүн тэдэнтэй онлайнаар холбогдохыг оролдож байсан гэсэн баримтыг дурдсан байна. Мөн 4 хүүхэд тутмын нэг нь таагүй, сэтгэл түгшээсэн зурвас, зураг, дүрс бичлэг хүлээн авсан гэсэн бол 13-аас доош насны 10 охин, 20 хөвгүүн тутмын нэг нь бэлгийн харилцааны тухай хүсээгүй зурвас хүлээн авсан гэжээ.

Хүүхдүүд эмзэг бай болдог

Уруу татагчид хүүхдүүдийг гэр бүл, найз нөхдөөс нь салгахын тулд сэтгэлзүйн янз бүрийн арга заль ашигладаг бөгөөд арганд нь амархан автах, ятгалганд хялбар өртөх хэт эмзэг хүүхдийг голдуу сонгодог байна. Тэд хүүхэд, залуусын өргөн хэрэглэдэг апп, вэб хуудсуудыг ашиглан ирээдүйн хохирогчоо хайдаг ба амжилт олох боломжоо нэмэгдүүлэхийн тулд хэдэн зуун хүүхэдтэй онлайнаар холбогддог.

Шууд дамжуулалтын эрсдэл

Уруу татагчид дүрс бичлэгийн шууд дамжуулалт хийж (live video) хүүхдүүдийг бэлэг сэлтээр урхидан залилдаг. Уруу таталт ихэвчлэн тоглоомын хэлбэртэй байх бөгөөд бэлгийн харилцааны үйлдэл хийснийх нь төлөө хүүхдэд “лайк” дарах, заримдаа мөнгө ч хүртэл өгдөг байна. Нийгмийн сүлжээнүүд тухайлбал Youtube, Facebook, Instagram, Snapchat зэрэг маш олон сувгууд бүгд дүрс бичлэгийн шууд дамжуулалт хийх боломжтой байдаг. Мөн эдгээр сүлжээнүүдээс гадна хүүхдүүд ашиглах боломжтой Omegle, Live.me, BIGO Live, YouNow зэрэг өөр олон апп-ууд байдаг гэдгийг анхаараарай.      

Уруу таталт түргэн хугацаанд явагдаж болно

Уруу таталт нь ихэвчлэн удаан хугацаанд санаатайгаар, нарийн төлөвлөгдөж, тодорхой арга зүй ашиглаж хүнийг хууран мэхэлж аргандаа оруулах үйл явц байдаг. Гэхдээ Swansea их сургуулийн судлаачид цахим уруу таталт нь маш хурдан хугацаанд ч явагдах боломжтойг нэгэн харилцан ярианы (чат) тэмдэглэлд үндэслэн тогтоожээ. Тэдний үзэж буйгаар зарим уруу татагчийн хувьд хохирогчтойгоо болзоо тогтооход ердөө 18 минут хангалттай гэжээ. Ийм уруу татагчид боловсон, ятгаж үнэмшүүлэх харилцан ярианы нарийн стратеги ашиглан хохирогчтой ойр зуурын яриа өрнүүлэх, магтах, дөвийлгөх зэргээр итгэлийг нь хурдан хугацаанд олж авч улмаар маш хурдтай лавшруулж бэлгийн харилцааны талаар зурвас илгээх, санал тавихуйц хэмжээнд хүрдэг байна.

Таны хүүхдийг хэн ч уруу татаж болзошгүй

Олон хүн уруу татагчийг хүүхдийн дүрд хувилсан том хүн байдлаар төсөөлдөг ч энэ нь тэр бүр үнэн байдаггүй. Swansea Их сургуулийн судалгаанаас харахад уруу татагчдын хувьд хуурамч хувийн мэдээлэл (нас, гадаад дүр төрх, байршил) ашиглах нь харьцангуй бага байдаг байна. Учир нь тэд хэтэрхий олон хүүхэдтэй харьцдаг тул тэр болгонд худлаа дүр эсгэх, ярих амаргүй байдаг байх талтай. Тиймээс ийм шударга, илэн далангүй байдал нь хохирогчдод тэдний харилцаа үнэн бодит мэт мэдрэмж төрүүлдэг бөгөөд энэ нь хохирогчдыг илүү аюултай байдалд оруулдаг. 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Ярилцана гэдэг хамгийн зөв алхам

Та хүүхдээ интернет ашиглахыг нь болиулж, тэдний цахим орчин дах үйл хөдлөлийг нь байнга хянаж чадахгүй ч тэдэнтэй цахим орчинд юу хийдэг талаар нь тогтмол, нээлттэй ярилцаж байх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд тань цахим орчин дах зохистой, зохисгүй зүйлсийн талаар мэддэг болно. Мөн та хүүхдээсээ цахим найзтай эсэх эсвэл огт уулзаж байгаагүй хүмүүстэй цахим тоглоом тоглодог эсэхийг нь асууж тодруулаарай. Ингэж байнга ярилцаж хэвшсэнээр та хүүхэдтэйгээ цаашдаа уруу таталтын талаар нээлттэй, илэн далангүй ярилцаж чаддаг болно.

Хувийн нууцлалын тохиргоог шалгаарай

Хүүхдээ цахим орчин аюулгүй тоглуулахын тулд ашиглаж байгаа сүлжээ, төхөөрөмж, апп, вебсайтуудын нууцлал (privacy), эцэг эхийн хяналтын тохиргоонуудыг нягталж шалгаж байх нь нэн чухал. Хэрэв та хүүхдээ хаана байгааг хянах зорилгоор байршил хуваалцдаг апп ашигладаг бол үл таних хэн нэгэнд хүүхдээ тагнаж, дагах боломжийг мөн давхар олгож байгаа гэдгээ санаарай. Иймд хүүхдийнхээ байршлын мэдээллийг хуваалцахдаа зөвхөн найдвартай гэсэн дотны хүмүүсийн хүрээнд хуваалцахыг зөвшөөрч тохиоргоог  хийгээрэй.  

Цахим орчин дах аюулгүй харилцааны талаар ярилцаарай

Үл таних хүнээс найзын хүсэлт хүлээж авахгүй байх, зөвхөн таньж мэддэг хүнээс ирсэн найзын хүсэлтийг хүлээж авч байхыг хүүхдэдээ тодорхой хэлж, ойлгуулах нь чухал. Хүүхэддээ үл таних хүн, сайн таньж мэдэхгүй хүнтэй цахим орчинд хэзээ ч харилцаж, ярьж болохгүйг (чат), мөн утасны дугаар, гэрийн хаяг, нууц үг, сургуулийн нэр хаяг зэрэг хувийн мэдээллээ хэнд ч, хэзээ ч дэлгэж болохгүйг байнга сануулж, ойлгуулаарай.

Эрүүл, зохистой харилцааны талаар ярилцаарай

Эрүүл зохистой харилцаа ямар байх ёстойг, харьцаж байгаа хүн нь хэлж ярьж байгаагаасаа өөр хүн байж болзошгүйг, ийм төрлийн хүнийг хэрхэн таньж мэдэх талаар хүүхэдтэйгээ ярилцаарай. Та хүүхэддээ уруу татагчдын гаргадаг үйлдэл тухайлбал тэд хэрхэн хүүхдийг магтан сайшааж, сонирхдог зүйлс, найз нөхөд, холбоо, харилцаа зэрэг хувийн мэдээллийнх нь талаар яриа өрнүүлж анхаарлыг нь татаж, итгэлийг нь олж авдаг талаар тайлбарлаарай. Мөн уруу татагчид хүүхдийг онлайн тоглоом хэрхэн сайн тоглож байгааг, эсвэл зурган дээр ямар хөөрхөн, сайхан харагдаж байгааг нь бишрэн магтдаг гэдгийг ч сануулаарай. Уруу татагчид хүүхэдтэй үүсгэсэн харилцаагаа онцгой, өвөрмөц гэж мэдрүүлэхийн тулд хүүхдийг эцэг эх, найзууд зэрэг ойр дотны хүмүүсээс нь холдуулан тусгаарлахыг хичээдэг.

Тусалж дэмжээрэй

Ямар ч асуудал гарсан үргэлж тусалж дэмжинэ гэдгээ хүүхэддээ ойлгуулж, мэдрүүлээрэй. Хэрэв хүүхэд тань хэн нэгэн хүнээс зүй бус зураг, сэтгэгдэл, хүсэлт, бэлгийн харилцааны тухай зурвас, үгс хүлээн авах зэрэг ямар нэгэн таагүй санагдах зүйл тохиолдвол таньд хандаж, ярилцаж болох юм байна гэдгийг тэд мэдэж байх нь чухал.

Уруу татагдаж байгаа эсэхийг нь шалгаарай

Хүүхдийн аюулгүй байдлын шинжээчид уруу таталтын гол хэв маягуудыг тодорхойлсон байдаг бөгөөд эдгээрээс хүүхдэд тань илэрч байгаа эсэхийг олж мэдэхийг эцэг эхчүүдэд зөвлөдөг. Үүнд:

  • Онлайн орчинд юу хийж байгаагаа нууцлах
  • Шөнө оройн цагаар интернет, ухаалаг утас ашиглах
  • Таны өмнө огт сонсож байгаагүй найз нөхөдтэй уулзахаар өмнө нь сонирхож байгаагүй хачирхалтай гэмээр газрууд руу явах
  • Нойр, хоолны асуудалтай байх, орондоо шээх зэрэг сэтгэл зүйн өөрчлөлттэй болох
  • Чөлөөт цагаараа хийх өөр бусад ажлуудад сонирхол нь буурах
  • Хувцас, гар утас зэрэг шинэ эд юмстай болох, хаанаас, хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байх
  • Зожиг, сэтгэл түгшсэн, сэтгэл санааны дарамтад орсон, уур уцаартай болох
  • Өөрөөсөө ахмад найз охин, найз хөвгүүнтэй болох
Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд