“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Хүүхдийн ашиглаж буй ухаалаг төхөөрөмжтэй холбоотой 9 зөвлөмж 

Өнөөдөр хүүхдүүд харьцангуй бага наснаасаа эхлэн ухаалаг төхөөрөмж ашиглаж эхэлж байгаа тул ухаалаг төхөөрөмжийг хэрхэн зөв, зохистой, аюулгүй ашиглах талаар ярилцах нь зүйн хэрэг юм. Технологийн хөгжил, дэвшил бидэнд олон боломжуудыг бий болгож байгаа хэдий ч сөрөг талуудыг нь бас анхааралгүй орхиж болохгүй. Эцэг эхчүүдийн хувьд эдгээр сөрөг тал, эрсдлүүдээс үр хүүхдээ, гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар ойлголттой мэдлэгтэй байх нь чухал.

  1. Хяналттай байх

Ихэнх төхөөрөмж дээр эцэг, эхийн хяналт гэсэн тохиргоо (parental settings) байдаг бөгөөд үүнийг ашиглаж хүүхдийнхээ хандаж байгаа контентийг хянах боломжтой байдаг. Уг тохиргоог идэвхжүүлэх тийм ч хэцүү биш бөгөөд төхөөрөмж худалдаж авахад хэрхэн яаж идэвхжүүлэх заавар нь төхөөрөмжтэйгээ дагалдаж ирдэг. Та гэртээ байгаа төхөөрөмжүүдээ пин кодтой болговол хүүхэд тань зөвхөн таныг зөвшөөрсөн үед ухаалаг төхөөрөмж ашиглах болно.

  1. Андройд төхөөрөмж дээр яаж хамгаалах вэ

Хэрэв та Андройд таблет ашигладаг бол өөрийнхөө Google бүртгэлийг ашиглаж тухайн төхөөрөмжийг хэн ашиглаж болохыг тогтоож өгч болно. Ингэхийн тулд “Settings” (cog гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг харна уу) гэсэн цэс рүү орж, “Users” гэснийг сонгож, тухайн төхөөрөмжид нэвтрэх эрхтэй шинэ хэрэглэгчийн мэдээллийг оруулна. Шинэ хэрэглэгчийн бүртгэлийн нэр, нууц үгийг оруулсны дараа тухайн хэрэглэгчийн ашиглаж болох апп-г сонгож, зааж өгч болдог. Андройд ухаалаг гар утас ашиглаж байгаа бол эхлээд плэй стор (play store) дээрх “Parental Controls” –г сонгох бөгөөд бусад алхмууд нь таблет төхөөрөмжтэй адилхан хийгдэнэ.

  1. Apple төхөөрөмж дээр яаж хамгаалах вэ

Хэрэв та “Apple” төхөөрөмж ашигладаг бол Preferences/settings цэс рүү нэвтэрч “General” дотроос “Restrictions” гэснийг сонгоорой. “Restrictions”-т нэвтэрснээр та хүүхдэдээ ашиглахыг нь зөвшөөрөхгүй апп-г тухайн төхөөрөмж дээр устгах, хаах боломжтой.

  1. Гэртээ байгаа бүх ухаалаг төхөөрөмжөө шалгах

Таблет болон гар утаснаас гадна гэртээ байгаа видео тоглоомын консол, компьютер зэрэг бүхий л ухаалаг төхөөрөмжүүдээ шалгаж, эцэг эхийн хяналт хийх тохиргоо байгаа эсэхийг нягтлаарай. Та хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмж ашиглах, ялангуяа интернетэд байх хугацааг нь сайн бодож, шийдээрэй.

  1. Хайлтыг илүү хялбар болгох

Google, Yahoo зэрэг ихэнх хайлтын системүүд “аюулгүй хайлт”ын тохиргоотой байдаг тул энэхүү тохиргоог нь идэвхжүүлээрэй. Та интернетэд энгийн мэдээлэл хайхаар хайлтын системд бичихэд л санамсаргүйгээр зүй, зохисгүй төрөл бүрийн илрэцүүд гарч ирэх боломжтой байдаг тул ашиглаж буй хайлтын системийнхээ “аюулгүй хайлт”ын тохиргоог нь идэвхжүүлэх нь чухал. Мөн та “аюулгүй хайлт”-ын тохиргоог идэвхжүүлээд хадгалахгүй бол хайлтын системийг нээж ажиллуулах бүрт систем дефолт буюу анхны горимдоо шилжиж, “аюулгүй хайлт”-ын тохиргоо идэвхгүй болдгийг анхаарна уу. Та энэхүү тохиргоог ашигласнаар хүүхдийнхээ интернет орчинд зохисгүй илрэц, мэдээлэлтэй тааралдах эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. 

  1. Нийгмийн сүлжээний тохиргоог нь тогтмол хянах

Та хүүхдэдээ нийгмийн сүлжээ ашиглахыг зөвшөөрөхөөсөө өмнө нийгмийн сүлжээний сөрөг талын талаар ярилцаж, зөвлөөрөй. Мөн хүүхдийнхээ профайл,  хувийн тохиргоо руу нь орж, тогтмол шалгадаг байхыг хичээгээрэй. Нийгмийн сүлжээний платформ хөгжүүлэгч компаниуд хэрэглэгчид мэдэгдэлгүй хувийн мэдээлэлтэй холбоотой тохиргоог байнга өөрчилж байдаг. Тухайлбал Фэйсбүүк компани л гэхэд хүнийг царайгаар таньдаг програм хангамжийг нэвтрүүлсэн байна.

  1. Байршлын талаарх мэдээллийг бусдад мэдэгдэх хэрэггүй

Та хүүхдийнхээ хаана байгааг мэдэж байхад байршил заагч програм хэрэгтэй мэт боловч хүүхдийн тань байршлын талаарх мэдээлэл бусдад бас нээлттэй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймээс аюулгүй байдлыг нь хамгаалах үүднээс төхөөрөмжүүд дээрх байршил заагч програмийг нь идэвхгүй болгоорой. Мөн хүүхдийн тань ашигладаг цахим тоглоом, апп байршил болон хөдөлгөөний чиглэл бүртгэдэг эсэхийг бас шалгаж үзэх хэрэгтэй. Байршлаа ил тод байлгахын аюул, эрсдлийн талаар хүүхдэдээ сайн тайлбарлаж ойлгуулж, ашиглаж буй төхөөрөмжүүд дээр байршил заагчийг хэрхэн идэвхгүй болгох талаар зааж өгөөрэй.   

  1. Хуурамч профайлаас сэрэмжлэх

Эцэг эхчүүд нийгмийн сүлжээ нь бага насны хүүхэд сонирхогч буюу педофилуудын хувьд хуурамч профайл нээж, хүүхдүүдтэй харьцах гол орон зай  гэдгийг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ нийгмийн сүлжээнд ямар хүмүүстэй харилцаж, найз болж байгаад нь хяналт тавьж, сэжиг бүхий санагдсан хүмүүсийг нь блоклох арга хэмжээ авч байх хэрэгтэй.

  1. Дэлгэц ашиглах хугацаанд нь хяналт тавих

Орчин үед та бидэнд тулгарч буй асуудлын нэг нь дэлгэц ширтэж, дэлгэц ашиглаж буй цагаа хянаж, зохицуулах явдал юм. Дөнгөж өсөж, хөгжиж яваа бага насны хүүхдүүдийн хувьд хэт удаан хугацаагаар дэлгэц ашиглах нь бүр ч ноцтой асуудал бөгөөд сөрөг үр дагавар ихтэй. Их Британийн Хүүхдийн эмнэл зүй, эрүүл мэндийн коллежоос хүүхдийн дэлгэц ашиглаж буй цагт нь хатуу хязгаарлалт тогтоохоос гадна хүүхдийнхээ үзэж буй, сонирхож, татагдаж байгаа контентуудыг анзаарч, анхаарал хандуулах илүү чухал гэдгийг зөвлөсөн байна. Зарим төрлийн төхөөрөмжүүдэд “Guided access” функц байдаг бөгөөд эцэг эхчүүд уг функцийг ашиглан төхөөрөмжийн ашиглалтад хязгаарлалт тавих боломжтой.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд