“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

“ДЭЛГЭЦЭНД ДОНТОЛТ” - энэ талаар эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ? 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь цахим төхөөрөмжөө хэдий хугацаагаар ашиглаж байгааг мэдэхэд төвөгтэй байдаг. Цаашилбал хүүхэд интернет, нийгмийн сүлжээнд донтсон эсэхийг тодорхойлох нь бүр төвөгтэй. Технологи хөгжиж, дэлгэрэхийн хэрээр хүүхэд, залуус улам бүр технологиос хамааралтай болж байна. Харин эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхэд, залуусыг цахим төхөөрөмжид донтож байгаа эсэхийг мэдэж чадаж байна уу, тэдэнд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэх мэдлэг чадвар байна уу?

Их Британид хийсэн судалгаагаар эцэг эхчүүдийн 47% нь хүүхэд нь дэлгэцний өмнө хэт их цаг зарцуулж байна гэжээ.

Ухаалаг утсанд донтолт эрүүл мэндэд нөлөөлдөг

Дөнгөж 13 настай хүүхдүүд хэт удаан дэлгэцтэй харьцсанаас болж “ухаалаг утасны нөхөн сэргээх эмчилгээ”-нд хамрагдаж байна. Их Британид дэлгэцэнд донтсон хүүхдүүд, насанд хүрэгчидтэй ажилладаг тусламжийн төвүүд бий болсон нь энэ асуудал ноцтой төвшинд хүрснийг харуулж байна.

Дэлгэцэд донтолт нойргүйдлийн шалтгаан болдог

10 хүүхэд тутмын 7 нь дэлгэцэнд донтох зуршлаасаа болж нойргүйдсэн гэсэн бол 60 хувь нь үүний үр дүнд хичээл, номоо орхигдуулсан гэжээ. Хүүхдийн хувьд сайн унтаж амарч байх нь анхаарлаа төвлөрүүлж, тайван байхад нь маш чухал.

Итгэлтэй байдал, дэмжлэг туслалцаа, бусдад хүлээн зөвшөөрөгдөх

Олон улсын хүүхдийн комисс “Лайк дах амьдрал” тайландаа 8-11 насны хүүхдүүд нийгмийн сүлжээг хэрхэн ашиглаж байгаа талаар судалжээ. Судалгааны үр дүн хүүхдүүд нүүр, нүүрээ харсан амьд харилцаанаас холдож, онлайн найз нартайгаа өөрт тохиолдсон асуудлаа ярилцаж, хуваалцах, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, бусдаас дэмжлэг хайхад ухаалаг төхөөрөмжөө ашиглаж байгааг харуулсан байна.

Бусад зүйлсийг сонирхох сонирхол буурах

Таны хүүхдийн сонирхлыг ухаалаг төхөөрөмжөөс өөр бусад зүйлс татахгүй болсон байж магадгүй. Хүүхэд чинь хичээлээ тасалж, гэрийнхэнтэйгээ харилцах нь эрс багасаж, гэр дотор болж буй үйл ажиллагаанд ч оролцох дургүй болсныг та анзаарч болно. Зан ааш, зуршил, амьдралын хэв маягт нь гарч буй бага ч болтугай өөрчлөлтийг анзаармагц хүүхэдтэйгээ нэн даруй ярилцах нь чухал.

Ухаалаг төхөөрөмж дэх апп донтолт үүсгэдэг

Апп-ыг сэтгэлзүйн арга, заль мэхийг ашиглан хүний анхаарлыг байнга татаж, уяж байхаар бодож зохиодог. Үүний нэг жишээ гэхэд Снапчат дээр найзуудтайгаа байнга харилцан холбогдсоноор “стрийк” (streak) нэмж авдаг. Хэрэв чи хариу өгөхгүй бол стрийк алдана. Апп-ын донтуулах шинж чанар нь хүүхдүүдийг өөртөө татах, дахин дахин ашиглуулахад чиглэдэг.

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Ухаалаг төхөөрөмж ашиглах хугацааг хязгаарла

Өнөө үед технологи бол хүүхдийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа гэдэгтэй маргашгүй. Технологи, ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг бүрэн хорих нь хүүхдийн орчин үетэйгээ хөл нийлэн алхах, найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд нь сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Иймд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмж ашиглахыг нь бүрэн хорилгүй харин ашиглах хугацааны хувьд тодорхой хязгаар тогтоож өгөх нь зүйтэй. Хүүхэд тань гэрийн даалгавраа хийхэд нь ухаалаг төхөөрөмж ашиглах шаардлагатай байж ч магадгүй тул цахим орчинд зугааца, тоглох хугацаанд нь л хязгаар тогтоогоорой. Яагаад хязгаар тогтоож байгаа талаараа та хүүхэддээ тайлбарлаж, ойлгуулаарай.

Орлуулах үйл ажиллагааг дэмж

Хүүхдийн найз нартайгаа тоглох, ном унших, гадаа тоглох зэргийг нь дэмжиж тэднийг ухаалаг төхөөрөмжгүйгээр хөгжилдөж, зугаацаж болно гэдгийг анзаарч, ойлгох боломж олгоорой. Хөл бөмбөг тоглох, зугаалгаар явах, алхах, усанд сэлэх зэргээр ухаалаг төхөөрөмж ашиглах цагийг эрүүл, идэвхтэй үйл ажиллагаагаар орлуулж хүүхдээ дэмжиж байгаагаа харуулан хамтдаа хийхийг хичээгээрэй.      

Өөрөөрөө үлгэрлэ

Хүүхдүүд орчин тойрныхоо хүмүүсийн зан чанар, дадал зуршлыг дуурайдаг, хэрэв эцэг эх нь байнга ухаалаг төхөөрөмжтэй харьцаж байдаг бол тэд ч бас дуурайна гэдгийг санаарай. Та ч бас өөрийн ухаалаг төхөөрөмж ашиглах цагийг хязгаарлан, хүүхэддээ тогтоосон дүрмээ өөрөө ч бас мөрдөөрэй. Хэрэв хүүхдээсээ ширээний ард ухаалаг төхөөрөмж ашиглахгүй байхыг шаардаж байгаа бол та өөрөө ч бас бүү ашигла. Гэр бүлээрээ дагаж мөрдөх дүрэм тогтоохыг хичээгээрэй.

Дэлгэц харах цагийг багасгаж, эрсдлийг бууруул

Ухаалаг төхөөрөмж ашиглах нь таны хүүхдийг цахим гадуурхал, цахим орчин дах бэлгийн хүчирхийлэлд өртөх, зохисгүй контент үзэх зэрэг олон эрсдлийг бий болгодог. Дэлгэц харах цагийг багасгаснаар тэр хэмжээгээр хүүхэд тань эдгээр эрсдэлүүдэд өртөх магадлал нь буурна.                   

Хоолны цагийг гар утасгүй өнгөрөө

Та хоолны ширээний ард, эсвэл ресторанд хүүхдээ тайвшруулахын тулд гар утас, таблет өгч байсан уу? Хэдийгээр энэ нь богино хугацаанд тэднийг тайвшруулах арга мэт санагдавч ухаалаг төхөөрөмж хүүхдийн харилцан ярианаас холдуулж сэтгэл доторхоо уудлах боломжийг үгүй хийдэг. Иймд хоолны ширээний ард суухдаа бүх ухаалаг төхөөрөмжүүдээ орхин өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар гэр бүлээрээ харилцан яриа өрнүүлж байхыг зөвлөе.

Унтлагын өрөөнд ухаалаг төхөөрөмж бүү оруул

Унтлагын өрөөнд ухаалаг төхөөрөмж авч орохгүй байснаар таны хүүхэд шаардлагатай нойроо авч, дараагийн өдөр нь хичээлдээ илүү анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Өсвөр насны хүүхдүүдийн 20% нь гар утас, төхөөрөмж дээр нийгмийн сүлжээний хаягаа шалгахын тулд байнга сэрдэг гэсэн байна. Унтлагын өрөөнд ухаалаг төхөөрөмж байгаа тохиолдолд унтраасан байсан ч хаягаа шалгах сэдэл төрүүлдэг.

Тоо баримт

3-4 насны хүүхдүүдийн 50% нь долоо хоногт 8 цаг орчим цахим орчинд байдаг.

5-7 настнуудын 79% нь долоо хоногт бараг 9 цагийг цахим орчинд өнгөрөөдөг.

8-11 настнуудын 94% нь долоо хоногт 13.5 цагийг цахим орчинд өнгөрөөдөг.

12-15 настнуудын 99% нь долоо хоногт 21 цагийг цахим орчинд өнгөрөөдөг.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд