“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийллийн талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

18 наснаас доош насны хүүхдийн зураг, дүрс бичлэгийг зохисгүй байдлаар авах, энэ төрлийн зураг, дүрс бичлэгийг нийтлэх, бусдад тараах, түгээх нь хууль бус гэдгийг та мэдэх үү?

Snapchat, Facebook, WhatsApp зэрэг апп-уудыг цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэлд хамгийн их ашигладаг бөгөөд мөн өөр бусад апп-уудыг ч ашигладаг.

Хууль зөрчсөн үйлдэл

18-аас доош насны хүүхдийн зүй бус зураг, дүрс бичлэг хийх, бусадтай хуваалцах, бусдаас авах, бусдад тараах нь хууль бус юм. Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлд “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 16.9 дүгээр зүйлд заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” гэмт хэрэгт тооцогддог. Мөн хүүхдүүд хоорондын цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэл, эсвэл өсвөр насныхны хийсэн бэлгийн харилцааны агууламж бүхий зураг зэрэг нь хэдийгээр хүүхдүүд хоорондоо дотно харилцаатай, зургийг харилцан тохиролцон хуваалцсан байсан ч хууль бусад тооцогдоно.

Хүүхдүүд үүнийг гэм хоргүй зүйл гэж боддог

Ихэнх өсвөр насныхан цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэл бол тоглоом шоглоом, хэн нэгэн түүнд таалагддаг, өөрт нь итгэдэг гэдгийг харуулах хялбар арга, эсвэл зүгээр л зугаатай зүйл гэж үздэг. Гэвч хувийн мэдээллээ дэлгэх нь ямар муу үр дагавартайг, ирээдүйд өөрт нь хор уршиг дагуулж болзошгүйг анзаарч мэдэхгүй байж болох юм.

Хийсэн үйлдэлдээ гэмших

Зарим хүүхдүүд дээрх утга агуулга бүхий зурвас, зураг, дүрс бичлэгийг илгээх болон байршуулсны дараа бусдад түгээсэндээ гэмшдэг. Интернет орчинд нэгэнт тархсан л бол буцааж болдоггүй. Хүүхдүүд хоорондоо найзлаж, нөхөрлөхөө больсны дараа уг зураг, дүрс бичлэг бусдад түгээгдэх, нийтэд дэлгэгдэхээс ичиж зовох, эмзэглэх, санаа зовниж болзошгүй юм.

Гадуурхал, дарамт шахалт, айлган сүрдүүлэлт

Таны хүүхэд хэн нэгэнд өөрийн таалагддаг гэдгээ харуулах, сайн харилцаатай найзууд гэдгээ нотлох гэж байгаад бэлгийн харилцааны утга агуулга бүхий зурвас, зураг, дүрс бичлэг хуваалцахыг хүссэн бусдын хүсэлт, шаардлагыг биелүүлэх дарамт шахалтад орж болзошгүй юм. Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэл нь өсвөр насны залуусыг хүүхэд сонирхдог бэлгийн гаж донтнуудад олз өгөөш болох, өмнө илгээсэн зураг, мэдээллийг нь ашиглан айлган сүрдүүлэх замаар нэмэлт зураг, зүрс бичлэг авах, улмаар бэлгийн сонирхлоо гүйцэлдүүлэх, зарим тохиолдолд хохирогчдоос мөнгө нэхэх эрсдэлд оруулдаг.   

Мэдээлэл тараах, түгээх

Зураг, дүрс бичлэг интернетэд нэгэнтээ байршсан л бол хэчнээн хүн түүнийг хадгалж, хуваалцаж, түгээснийг мэдэх боломжгүй. Хүүхдүүдийн хувьд зөвхөн найздаа үзүүлж гайхуулах гэж хийсэн үйлдэл нь найзын хүрээнээс хальж нийт ангийн хүүхдүүд, сургууль, тэр бүү хэл үл таних хүмүүст хүртэл хүрэх тохиолдол олон бий. Хэрэв зураг, дүрс бичлэг нэгэнт цахим орчинд тавигдсан л бол эдгээр контентийн цахим орчинд хадгалагдаж, тараагдах, хуваалцахыг болиулах боломжгүй гэдгийг анхаараарай.

Хүүхэдтэйгээ ярилцаарай

Хүүхэдтэйгээ цахим орчинд бусадтай мэдээллийг хуваалцахдаа юуг анхаарах, ямар мэдээллийг, хэнтэй, хэрхэн зөв, зохистой хуваалцах талаар нээлттэй ярилцаж байх нь чухал. “Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэл” гэдэг үгний талаар, ямар утга агуулж байгаа талаар нь тайлбарлаж, харилцан ярилцаарай. Хүүхэддээ шилжилтийн насны онцлогоос хамааран нүцгэн бие, эсрэг хүйсийн талаар сонирхож байгааг нь ойлгож байгаагаа хэлж, түүнийг хэзээд дэмжиж, туслахад бэлэн гэдгээ ойлгуулаарай. Мөн цахим орчинд сониуч зандаа хөтлөгдөн дараа нь сөрөг үр дагавар дагуулах зүйл хийхээс сэргийлэхийг, цахим орчинд ямар нэг мэдээллийг бусадтай хуваалцах, түгээхээсээ өмнө дахин дахин тунгаан бодож, нягтлах нь нэн чухал болохыг сайн тайлбарлаж өгөөрэй.

Хууль, журмын талаар ойлголт өгөөрэй

Хүүхдүүд, өсвөр насны залуус хийж байгаа зүйл нь хууль бус гэдгийг мэдэхгүй байж болох юм. Таны хүүхэд 18 нас хүрээгүй л бол өөрөө (selfie) ч бай харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн ч бай бэлгийн харилцааны утга агуулга бүхий ямарваа зураг авах, хадгалах нь хуулиар хориотойг ойлгуул.

Үр дагаврын талаар тайлбарлаж өгөөрэй

Зурвас, зураг, дүрс бичлэгийг нэгэнт илгээсэн л бол өөрийнх нь хяналтаас гарч, хүсээгүй хүмүүст нь түгээгдэх, бүр дэлхий даяар нээлттэй болж, дурын хүн нээж үзэх боломжтой болдог гэдгийг хүүхэддээ сайн хэлж, ойлгуулаарай. Мөн хэдийгээр хэн нэгэнд баттай итгэж байсан ч тэр хүнийх нь утаснаас өөр бусад хүмүүс санамсаргүйгээр олж харах боломжтой гэдгийг бас сануулаарай. Хүүхэддээ цахим орчинд нийтэлсэн ямар нэгэн зохисгүй мэдээлэл нь ирээдүйд их сургуулийнх нь найз нөхөд, ажил олгогч, хамтран ажиллагсад, эсвэл ирээдүйн хань ижилд нь хэзээ нэгэн цагт мэдэгдвэл ямар үр дагавартай болох талаар сайн тайлбарлаж, ойлгуулаарай.    

Зургийг хэрхэн устгах вэ?

Хэрэв зураг, дүрс бичлэг аль хэдийн цахим орчинд тархсан бол түүнийг хуваалцсан, тараасан хүнтэй нь хүүхэд тань өөрөө юм уу эсвэл та устгах талаар яаралтай ярилцах хэрэгтэй. Мөн тухайн зураг, дүрс бичлэг бүхий вэб хуудасны тохиргооноос “report” товчийг ашиглан, устгуулахаар хүсэлт гаргаж болно. Хүүхдийнхээ сургуульд хандаж, сургуулийн хүүхдүүдийн утсанд дүрс бичлэг, зураг хадгалагдаж байгаа эсэхийг тодруулж, устгуулах арга хэмжээ авч өгөхийг хүсэж болох юм. Хэрэв таны хүүхэд тухайн мэдээллийг хүчээр илгээхээс өөр аргагүй байдалд орсон байвал энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй.                                

Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийллийг зогсоох

Ухаалаг төхөөрөмж дээрээ блок хийх товчийг хэрхэн ашиглах, дуртай апп дээрээ хүсээгүй зурвас хүлээн авахыг яаж зогсоодог талаар хүүхдэдээ зааж өгөөрэй. Мөн хүүхдээ зүй бус зураг, дүрс бичлэг, контентэд нэвтрэхийг хянах, хязгаарлахын тулд өөрийн интернетийн үйлчилгээ үзүүлэгч компанид хандаж интернетдээ эцэг эхийн хяналтыг идэвхжүүлэх хүсэлт тавих, хүүхдийнхээ гар утсанд зохисгүй контентэд нэвтрэхийг хязгаарлах тохиргоог хийх боломжтой.

Таны хүүхэд бэлгийн харилцааны тухай зураг хүлээн авч байсан уу?

Та хүүхэдтэйгээ ийм төрлийн зурвас, зураг, дүрс бичлэг хүлээн авч байсан эсэх талаар нь илэн далангүй ярилцаж, асуугаарай. Хэрэв авч байсан бол энэ нь цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэл гэдгийг тайлбарлаж ойлгуулаарай. Таны хүүхэд ийм төрлийн мэдээллийг хүлээн авахыг хүссэн байна уу, эсвэл хүсээгүй байхад нь ирсэн байна уу гэдийг судлах хэрэгтэй. Хэрэв таны хүүхдэд насанд хүрсэн хүн бэлгийн харилцааны тухай мэдээлэл илгээсэн байвал та Цагдаагийн байгууллагад нэн даруй хандах хэрэгтэй.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд