“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

APP STORE-ийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

“App” буюу програмууд нь тодорхой төхөөрөмжүүд дээр ажиллуулах зориулттайгаар Apple iOS, Windows, Android зэрэг тусгай үйлдлийн системд зориулан бичигдсэн байдаг. Apple iOS үйлдлийн системийн албан ёсны дэлгүүр болох “App store” –оос iPad, iPhone, iPod touch болон Apple-ийн бусад төхөөрөмжүүд дээр ашиглах 2 сая гаруй програм болон тоглоомуудыг татан авах боломжтой. Таны хүүхэд app store ашиглаж байгаа үед та дараах эрсдэлүүдийг мэдэж байх хэрэгтэй.

ТАНЫ ХҮҮХЭД 13-ААС ДЭЭШ НАСТАЙ ЮУ?

App store-с програм татах болон худалдан авахын тулд таны хүүхэд Apple ID буюу Apple-ийн бүртгэлтэй байх шаардлагатай. Хэрэв тэд iCloud зэрэг Apple-ийн бусад үйлчилгээг ашигласан бол тухайн Apple ID-аараа App store руу нэвтэрч болно. Хэрэв тэд 13 болон түүнээс доош настай бол өөрийн бүртгэлээр Apple ID нээх боломжгүй бөгөөд насанд хүрсэн хүн хүүхдийн өмнөөс бүртгэл үүсгэнэ.

ПРОГРАМ ДОТОРХ ХУДАЛДАН АВАЛТ

Програмууд үнэгүй, төлбөртэй байдаг. Програм дахь худалдан авалт нь нэмэлт функц, хийсвэр бараа, өвөрмөц контентыг идэвхжүүлэх боломжийг худалдан авч байгаа сайн дурын гүйлгээ юм. Хэрэв та тохиргоог нь өөрчлөөгүй тохиолдолд таны хүүхэд програм доторх худалдан авалт хийх нууц үгийг оруулсны дараа 15 минутын хугацаанд дахин нууц үг оруулахгүйгээр нэмэлт худалдан авалт хийх боломжтой. Ингэснээр хүүхдүүд санамсаргүй байдлаар эцэг эхийгээ маш өндөр төлбөрт оруулах нь бий.

ИЖИЛ ХАРАГДДАГ ПРОГРАМУУД

Зарим програм хөгжүүлэгчид хайхрамжгүй хэрэглэгчдийг хууран мэхлэх зорилгоор олонд танигдсан програмуудын брэнд, бүтээгдэхүүний нэр, хэрэглэгчийн интерфэйс, функцийг хуулбарласан програмуудыг гаргадаг. Үл мэдэгдэх хөгжүүлэгчийн бүтээсэн програмыг татаж авснаар таны хүүхэд төхөөрөмжөө аюулд оруулж байна гэсэн үг. Програмын зөвшөөрлөөр дамжуулан хакерууд камер ашиглан зураг авах, алсаас медиа руу нэвтрэх, хүүхдийн чинь байршлыг хянах, бусад бүртгэл рүүгээ нэвтрэхэд оруулж байгаа нууц үгийг тэмдэглэж авах болон утаснаас нь зурвас илгээдэг.

ЗОХИСГҮЙ ПРОГРАМУУД

Зарим тоглоом болон програмууд бага насны хүүхдүүдэд тохиромжгүй контент агуулж байдаг. Хамгийн ихээр олонд танигдсан, эсвэл гаднаас нь харахад гэм хоргүй мэт харагддаг програмууд ч насанд хүрэгчдийн сэдэвтэй контент, хүчирхийлэл, бусад хүмүүс болон амьтанд хандсан хэрцгийлэл, хяналтгүй чат, порно болон садар самуун агууламжтай байж болзошгүй.

ГУРАВДАГЧ ТАЛЫН ПРОГРАМЫН ДЭЛГҮҮР

Apple-ын албан ёсны App Store ямар програмуудыг хүлээн зөвшөөрч байршуулах талаар хатуу бодлого баримталдаг учир хүүхдүүд найз нөхдөөсөө сонссон програм, тоглоомуудыг өөр газраас хайх тохиолдол байдаг. Apple App Store-оос гадна iOS үйлдлийн системд зориулсан хэдэн зуун програмын дэлгүүрүүд байгаа хэдий ч тэнд байршсан програмууддаа тийм түвшний хяналт тавихгүй байж магад. Тэнд хэрэглэгчийн төхөөрөмжийг хортой кодоор халдварлуулах, эсвэл мэдрэмтгий мэдээллийг нь хуулж авснаар хэрэглэгчийн хувийн нууцлалыг эрсдэлд оруулдаг програмууд байх өндөр магадлалтай.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

ХҮҮХДИЙНХЭЭ БҮРТГЭЛИЙГ ҮҮСГЭ

Та 13-аас доош насны хүүхдэдээ Apple ID үүсгээд гэр бүлийн бүлэгтээ нэмснээр тэдний үйл хөдлөлийг хянах боломжтой. Үүний тулд Settings> [Таны нэр] > Family Sharing> Add Family Member> Create a Child Account> Next гэсэн дарааллын дагуу хүүхдийнхээ төрсөн өдрийг оруулан Next товчийг дараарай. Parent Privacy Disclosure буюу Эцэг эхийн хувийн нууцлалыг задруулах гэсэн хэсгийг уншин зөвшөөрч байна гэсэн товч дээр дарна. Family sharing хэсэгт та зургаа хүртэлх тооны гэр бүлийн гишүүнийг нэмж App Store-н худалдан авалт, iTunes, Apple Books-ээ хуваалцах боломжтой.

“ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ” ФУНКЦИЙГ ИДЭВХЖҮҮЛ

Хэрэв таны 13-аас дээш насны хүүхэд өөрийн Apple бүртгэлтэй бол түүнийг зөвхөн бэлгийн картаар худалдан авалт хийхийг нь зөвшөөрөөрэй. Мөн хэрэв Family sharing ашиглаж байгаа бол “Худалдан авалт хийх зөвшөөрөл авах” функцийг идэвхжүүлснээр гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн шинээр худалдан авалт хийх бүрт бүртгэлийн зохион байгуулагч руу хүсэлт очдог. Түүнчлэн хүүхэд чинь ашиглаж буй төхөөрөмж дээрээ ямар контент руу нэвтэрч болохыг та хязгаарлаж болно.

ПРОГРАМ ДОТОРХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ХЯЗГААРЛА

Та хүүхдийнхээ програм доторх худалдан авалт хийх чадварыг хязгаарлаж болно. iOS төхөөрмж дээр Settings (Тохиргоо) цэсийг нээж General (Ерөнхий) дээр дараад Restrictions (Хязгаарлалт) дээр дарна. “Хязгаарлалтыг идэвхжүүл” дээр дар. App Store болон iTunes Store дээр худалдан авалт хийгдэх бүрт нууц үг шаарддаг байхаар хязгаарлалт хийх боломжтой.

ПРОГРАМУУДЫГ НАСНЫ АНГИЛАЛААР НЬ ГАРГАХ

Хүүхдэдээ тохирох програм болон тоглоомыг олохын тулд насны ангиллыг нь шалга. iPhone болон iPod Touch дээр мэдээллийн хэсэгт програмын бүтээгдэхүүний хуудас дээрээс олж болох бөгөөд iPad, ширээний компьютер дээр бол Худалдан авах гэсэн товчны ойролцоо насны ангилал бичигдсэн байдаг. Kids буюу хүүхдийн хуудас дээр 5 болон түүнээс доош, 6-аас 8, 9-өөс 11 гэсэн насны ангиллуудаар програм олох боломжтой.

БУСАД ПРОГРАМЫН ДЭЛГҮҮРҮҮДЭЭС ЗАЙЛСХИЙ

Таны хүүхэд зөвхөн албан ёсны App Store ашиглан тоглоом, програм татах ёстой гэсэн дүрмийг хэрэгжүүл. Төхөөрөмжүүдээ аюулгүй байдлын асуудал, вирусын халдлагад өртүүлэхгүйн тулд яагаад зөвхөн найдвартай эх сурвалжаас програмууд татаж авах нь ухаалаг үйлдэл болохыг хүүхдэдээ тайлбарлаарай.

ПРОГРАМЫГ СУУЛГАХАД АЮУЛГҮЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ

Албан ёсны дэлгүүрээс нь татаж авлаа гээд тухайн програм аюулгүй гэсэн үг биш болохыг хүүхдэдээ хэлээрэй. Хуурамч буюу хуулбарласан програмууд ихэвчлэн буруу бичигдсэн үг, дүрмийн алдаатай байдаг тул програмын тайлбарыг дандаа уншиж, хөгжүүлэгчийн нэр, гарчгийг давхар шалгаарай. Зөвшөөрөл хүссэн урт жагсаалт бүхий програмуудаас болгоомжил. Програмын үнэлгээ, хүмүүсийн сэтгэгдлийг шалга- нэг одтой, програм тодорхой төхөөрөмж дээр ажиллахгүй байсан, эсвэл төлбөрийн асуудал байсан зэрэг гомдол бүхий нэг мөр сэтгэгдэлтэй програм бол сайн гэсэн үг биш.

ХУУРАМЧ СЭТГЭГДЛИЙГ ОЛЖ ТОГТОО

App store дахь хэрэглэгчийн сэтгэгдлийг шалгахдаа хэт ерөнхий, тодорхой биш, эсвэл хэтэрхий олон үр өгөөжтэй байгаа эсэхийг нягтал. Учир нь зарим хөгжүүлэгчид хуурамч үнэлгээ, сэтгэгдэл нийтэлж програмынхаа байрлалыг нэмэгдүүлэхийг оролддог. Програмын татагдсан тоог шалга- олон татагдсан байх тусам аюулгүй байх магадлалтай гэсэн үг. Мөн компаний нь вэбсайт руу орж тэнд тухайн програм байгаа эсэхийг шалгаж болно.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд