10 хүүхэд тутмын 6 нь интернетийг аюулгүй ашиглах аргыг мэдэхгүй байна

September 20, 2019

14

ЕБС-ийн сурагч, 16 настай Н… сониуч зандаа хөтлөгдөн онлайнаар нэгэн “хөвгүүн”-тэй танилцжээ. Тэрээр өөрийгөө С… хэмээн танилцуулсан бөгөөд тэд мессеж бичин харилцаж өдөр бүр юу болсон тухайгаа хуваалцдаг байж. Н… охинд С… нь улам их итгэл төрүүлэн тэдний харилцаа улам дотносож зургуудаа чатаар солилцох болов. Н… охин өөрийнхөө царайг ил гаргасан биеийнхээ хагас болон бүтэн нүцгэн зургаа түүн рүү явуулжээ. Энэ түүний гол алдаа байлаа.

 

Тэрээр хаана сурдгаа, юу хийдгээ өдөр бүр түүнд өмнө нь нэгд нэгэнгүй хэлсэн байсан учир С… сургуулийнх нь гадна ирээд түүн рүү “Шалдан зургийг чинь сургуулийн чинь фэйсбүүкт байршуулах уу, эсвэл намайг яг одоо дагаад явах уу” хэмээн чат бичжээ. Н… охины сонголт “Түүнийг дагаад явах” байлаа.

 

Энэ бол 2016 онд Улаанбаатар хотын харьяат 28 настай эрэгтэй Б нь (өөрийгөө С… гэж танилцуулдаг байсан) интернет орчинд хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн 15-16 насны Н, Г, У нартай харилцаа холбоо тогтоож тэдгээрийн итгэлийг олж, хууран мэхлэх замаар хагас болон бүрэн нүцгэн 10 гаруй зургийг хууль бусаар олж авч интернетэд байршуулан, найз нөхөд рүү нь тараана гэх зэргээр дарамтлан бэлгийн харьцаанд орж, бага бус хэмжээний мөнгийг шилжүүлэхийг шаардаж авсан, бүртгэгдсэн хэргүүдийн нэг юм.

 

Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж байгаа өнөө үед насанд хүрээгүй хүүхдүүд цахим орчинд хараа хяналтгүй болж гэмт хэргийн халдлагад өртөх явдал ихсэх хандлагатай байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн сониуч зандаа хөтлөгдөн цахим гэмт хэргийн халдлагад өртөж байна.

 

Жишээлбэл, царайлаг охид, хөвгүүдийг клип, кинонд тоглуулж өгнө, загвар өмсөгч модель болгоно зэрэг хуурамч хаяганд итгэн өөрийн хувийн зураг бичлэгээ өгөх, өөрийн хаяг, нууц кодоо алдах зэргээр бэлгийн сүрдүүлэг болон ямар нэгэн дарамт шахалтад орж хохирогч болохоос гадна хүүхдүүд цахим ертөнцийг ашиглан гэмт хэрэг үйлдэж байна. Жишээ нь, Дархан-Уул аймгийн харьяат, 16 настай Ш, Т нар нь 2017 оны 10-р сараас 2018 оны 3-р сарын хооронд 60 орчим хэрэглэгчийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хүмүүсийн танилуудыг залилан 15 сая орчим төгрөгийг авчээ.

 

Сүүлийн жилүүдийн байдлаар цахим гэмт хэргийн халдлагад өртсөн насанд хүрээгүй иргэд энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн боловч тэр болгон шүүхээр таслан шийдвэрлэсэн тохиолдол бүртгэгдээгүй аж. Энэ төрлийн гэмт хэрэг нь нууц далд байдлаар үйлдэгддэг, хохирогч дарамт шахалтад ордог тул холбогдох байгууллагад шууд хандах нь ховор байдаг гэнэ.

 

ЕБС-ийн 11-16 насны 1236 сурагчаас 2017 онд авсан судалгаагаар2 хүүхдүүдийн 11.7% нь цахимаар бусдаас доромжилсон өнгө аястай захиа болон зурвас хүлээн авсан, охидын 4.1% нь насанд хүрсэн хүнээс интернетээр бэлгийн харилцааны талаар ярилцахыг оролдсон хэмээн хариулжээ. /Зураг №2/

 15

 

ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО: Та хүүхэдтэйгээ “ФЭЙСБҮҮК НАЙЗ” уу?

2017 онд 10-18 насны 4867 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар2 “Хамгийн ихээр зөвлөгөөг нь дагадаг, асуудал тулгарвал ханддаг хүн чинь хэн бэ?” хэмээх асуултад 56% нь найз нөхөд гэсэн бол 21% нь ЭЦЭГ, ЭХ хэмээн хариулжээ. /Зураг №3/

16

Энэхүү үр дүнгээс цахим хэрэглээний талаарх ойлголт, мэдээ мэдээлэл, зөвлөгөөг хүүхдүүдэд хүргэх найдвартай суваг нь “эцэг эх” гэдгийг харж болохоор юм. Хэрэв эцэг эх, томчууд өөрийн хүүхдүүдэд цахим хэрэглээний зөв хэрэглээ, аюулгүй байдлын талаарх зөвлөгөөг хүргэж чадвал онлайн орчинд хүүхдүүдийг хамгаалах нэг үндэс болно.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг ажиглаж болох зүйл бол тэдний хамгийн ихээр хэрэглэдэг талбар болох фэйсбүүк юм. Дээр дурдсан судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 98% нь фэйсбүүк хаягтай, тэр дундаа 23% нь 2-3 хаягтай хэмээн хариулжээ. /Зураг №4/

17

14 настай нэгэн хүү “Ээж миний бичсэн бараг бүхий л постны дор намайг ичээх сонин зүйлс бичээд байдаг болохоор нь би блоклочихсон” хэмээсэн юм. Томчуудын гаргадаг нийтлэг алдаа болох хүүхдийнхээ цахим хэрэглээнд хэт хяналт тавих гэдэг. Энэ нь нэг талаараа буруу зүйл биш ч үүнээс илүүтэй тэдэнд цахим орчны аюулгүй байдал, зөв хэрэглээний талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгөх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, цахим орчны сайн муу талыг тэдэнд ухааруулах нь хүүхдэд ээлтэй эрүүл орчинг бүрдүүлэхэд дөхөм болох бөгөөд эцэг эхийн оролцоо эрүүл цахим орчин бүрдүүлэхэд маш чухал үүрэгтэй.

Хүүхдийн цахим хэрэглээний талаар эцэг эхчүүдэд хүргэх зөвлөгөө:3

  • Хүүхэдтэй хориглосон биш зөвлөсөн байдлаар цахим ертөнцийн талаар илэн далангүй нээлттэй ярилцаж байх,
  • Хэрэгтэй болон аюултай вэб хуудсуудын талаар мэдээлэлтэй болох, хэрэгтэйг нь санал болгох, хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгөх, аюултайгаас нь хамгаалж чадахуйц мэдээлэлтэй болох,
  • Үйлдлийн систем болон хэрэглүүрүүд насны хязгаар тогтоох, хүүхэд хамгаалах тохиргоог үр дүнтэй ашиглах,
  • Олон нийтийн сүлжээг зөв ашиглах зөвлөгөөг өгөх
  • Хувийн мэдээллээ хөндлөнгийн хүн, элдэв вэб хуудсуудад хуваалцахгүй байхыг зөвлөх
  • “Хуваалцахын өмнө дахин нэг эргэцүүл” зуршлыг хүүхдэдээ хэвшүүлэх
  • Эцэг эх, хүүхдүүдийн хооронд цахим орчинг зөв ашиглах өөрсдийн гэсэн дүрэм, ойлголцолтой болоорой
  • Ямар нэгэн таагүй зүйлсийг цаг тухайд нь хэлж байхыг зөвлөх
  • Цахим орчинд өнгөрүүлж буй хугацаанд хязгаар тавих хэрэгтэй.

Европын улсуудад хийгдсэн судалгааны үндсэн дээр эрдэмтэд эцэг эхчүүдэд хандаж 0-2 насны хүүхдэд цахим орчныг хориглох, 3-5 насны хүүхдэд өдөрт 1-ээс бага цаг, 6-18 насны хүүхдэд өдөрт 2-оос бага цаг хэрэглүүлэх нь зохимжтой, муу нөлөө багатай болохыг зөвлөжээ.

 

Цахим хэрэглээний аюулгүй байдлын талаар ДУНД СУРГУУЛЬД ЗААЯ!

Сургууль бол хүүхдийг хүмүүжүүлэх бас нэгэн “гэр бүл”. Тиймээс тэдэнд хүргэх аливаа мэдлэг, мэдээллийг сургалтын агуулгын нэг хэсэгт багтаан оруулах боломжтой.

Дээр дурдсан судалгаанд4 хамрагдсан хүүхдүүдээс “Интернетийг аюулгүй ашиглах аргыг сургуульд заасан уу?” хэмээх асуултад 46% нь “Заагаагүй” хэмээн хариулсан бол 21% нь мэдэхгүй хэмээжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 6 нь интернетийг аюулгүй ашиглах аргыг мэдэхгүй байна. (Зураг №5)

 18

Бид цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар олон улсын туршлагаас суралцах, нэвтрүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм. Өсвөр насныхны интернет хэрэглээгээрээ нэгдүгээрт ордог Их Британи улсын хувьд ч энэ асуудалд анхаарал хандуулаад эхэлсэн бөгөөд хүүхдэд зөвхөн гэр бүлийн орчинд бус сургуульд ч энэ талаарх мэдээллийг олгох нь зөв хэмээн боловсролын байгууллагын мэргэжилтнүүд үзэж байгаа аж5.

 

Тиймээс цахим хэрэглээний аюулгүй байдлын талаарх ойлголтыг сургуулийн орчинд хэд хэдэн арга замаар заах боломжтой юм. Жишээ нь, хичээлийн агуулгад хэсэгчлэн багтаах, анги хамт олныг хамарсан тоглоомоор дамжуулж эсвэл олны танил эрхмийг урин зөвхөн тус сэдвийн талаар яриа хийх, хамтдаа судалгааны ажил хийх, хүүхдүүдийн өөрсдийн санаачилсан төсөл хөтөлбөрийг сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, сургуулийн олон нийтийн үйл ажиллагаанд тусгах гэх мэт аргууд байж болох юм.6

 

 

 

 

Бэлтгэсэн: Cэтгүүлч Б.Нямдарь (GoGo.mn)

Утас: 99053242

1 – ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төв

2– Өсвөр үе, залууст зориулсан YOLO.mn сайт

3– “Хүүхэд ба Цахим орчин” Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага – НҮБ, Хүүхдийг ивээх сан болон Мобиком Kорпораци

4– “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны тайлан, Монгол Улс -“Хүүхдийг ивээх сан”

5Expert: UK teenagers among world’s most extreme Internet users http://www.xinhuanet.com/english/2018-04/23/c_137131344.htm

610 ways schools are teaching internet safety 

 https://www.eschoolnews.com/2011/11/11/10-ways-schools-are-teaching-internet-safety/6/?all

9 онлайнаар худалдаа хийхэд анхаарах санамжФэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)