Сэтгэгдэл, түүний мөрөөр гарч ирэх зохицуулалт

June 19, 2019

Сэтгэгдэл бол цахим орчинд таны бодсон бодол, хэлсэн үг, илэрхийлсэн санааг гол төлөв бичвэрээр, мөн эможи, зураг, авиа, зарим тохиолдолд дүрс бичлэгээр хэлбэржсэн цахим орчин дахь тоон илэрхийлэл, тайлбар, тэмдэглэл, хариулт, шүүмж юм.[1]

Манай улсын Үндсэн хууль, бусад хууль, мөн олон улсын хүний эрхийн гэрээгээр таны үзэл бодол, байр суурь, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулахын хамт бусдын эрхэм чанар, нэр төр, алдар хүндийг давхар хамгаалсан билээ. Иймээс цахим орчинд хэрхэн өөрийгөө асуудалд оруулахгүй санаа бодлоо илэрхийлэх тухай зөвлөмж хуваалцъя.

THINK гэсэн нэг аргачлал бий[2]:

  • T = is it true? буюу “Энэ үнэн үү?”
  • H = is it helpful? буюу “Энэ тустай юу?”
  • I = is it inspiring? буюу “Энэ урам өгч байна уу?”
  • N = is it necessary? буюу “Энэ шаардлагатай юу?”
  • K = is it kind? буюу “Энэ эелдэг үү?”

2

Эдгээр асуултын дагуу Facebook пост оруулах, зурвас бичих, захиа илгээх, Twitter дээр жиргэх, Youtube дээр сэтгэгдэл бичих, блогоо оруулахдаа нягталж, бүх асуултад “Тийм” гэж харуулж байвал аюулгүй, бусдад сөрөг нөлөө бага тул нийтэд түгээхийг зөвлөдөг.

Та хуулийн талаар, түүнд юу хориглож байгааг мэдэхгүй байсан ч бусдыг доромжлохгүй, зүй бус үг хэллэг ашиглахгүй, сэтгэгдлээ таагүй, эвгүй байдлаар битгий бичээрэй. Нэг бол THINK аргачлалаар үзэхэд “Үгүй” гэж хариулахаар бичсэн бол тухайн постоо түгээхгүй, нийтлэхгүй, хуваалцахгүй байвал маш ашигтай.

Сошиал медиа хүмүүст хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан судлаачдын зүгээс дараах нийтлэг сөрөг үр дагаврыг баримтжуулж чаджээ. Үүнд:

  • Уншигч улам түрэмгий, бусдыг дайрч, доромжилсон, заналхийлсэн сэтгэгдэл бичих нь ихэссэн тул мэдээллийн байгууллагууд сэтгэгдэл бичих хэсгээ хязгаарлах буюу хориглох алхам хийх болжээ. Ялангуяа 5 хэрэглэгчийн 1 нь интернэт ашиглах үедээ сэтгэгдэл бичих хэсэгт цахим дарамтад өртсөн баримт судалгаагаар илэрсэн байна.[3] Нэрээ нуусан эсвэл хувийн мэдээллийг нь мэдэх боломжгүй этгээдийн талаас илүү хувь нь өөрийн нэрээ ашигладаг хэрэглэгчээс илүүтэйгээр сөрөг сэтгэгдэл бичдэг ажээ.[4] Цахим орчинд тухайн харилцаж, эсвэл онцолж байгаа хүнээ хүн гэж тоохоо болих үед хүмүүс улам бүдүүлэг болдог.[5] Мөн харц тулгарахгүй орчинд хүмүүс улам түрэмгийлж эхэлдэг ба үгээ сонгохдоо үл тоодог, ялгаварлах хандлагатай болдог.[6]
  • Хүмүүс өөрийн мэдэхгүй сэдвийн талаар хэлэлцэх, сэтгэгдэл бичихдээ өөрийнхөөр зүтгэх, бусдыг дайрах, ялгаварлах, хүн гэж үзэхгүй байх нийтлэг дүр зураг харуулжээ.[7]
  • Мэргэжлийн ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчийн албан ёсны вебсайтдаа олны хүртээл болгосон нийтлэлийг Facebook зэрэг сошиал медиагаар түгээж эхлэхэд хүмүүс сөрөг сэтгэгдэл бичвэл тухайн сэтгүүлчийн ажилд итгэх итгэл буурдаг. Эерэг сэтгэгдэл бичвэл нийтлэлийг улам таашаах хүмүүст тэр бүр хүчтэй нөлөөлдөггүй байна. Муу үгийг улам өлгөж авдаг бол сайн үгийг ер анзаардаггүй хандлагатай байна.[8]
  • Та цахим орчинд цаг ямагт сөрөг зүйлстэй нүүр тулгарах, сэтгэгдэл, хэлэлцүүлэгт оролцох тохиолдолд аажимдаа аливаа асуудлыг сөргөөр сэтгэж эхэлдэг байна. Цаашилбал таныг улам хэрцгий, танин мэдэхүйн түвшнээс хамаарч, уурлаж, бухамдахад хүргэдэг.[9]
  • Сөрөг сэтгэгдэл бичдэг болсон хүн аажимдаа эерэг сэтгэгдлийг уншаад сөргөөр хардаг, аливаа мэдээлэлд итгэж үнэмшихгүй, хардамхай, өөнтөгч, бусдад итгэхгүй байдал түгээмэл илэрдэг байна.[10]
  • Сэдвээсээ хөндлөн бичдэг, өө эрсэн, хэлэлцүүлэг, харилцан яриаг бусниулах хандлагатай хүмүүс буюу троллууд нь бусдыг залхаах, хүчирхийлэх сэтгэцийн онцлог шинжтэй (садист) байх нь түгээмэл. Цахим орчинд өөрийн садист хэрэгцээг тролл зан төлөвөөрөө хангадаг байна.[11]
  • Аливаа асуудлыг хөндлөнгийн байр сууринаас, үндэслэл нотолгоонд тулгуурлаж хардаг хүмүүс аажимдаа цахим орчинд бүдүүлэг, дур гутам, сөрөг сэтгэгдэлтэй нүүр тулсаар санаа бодол нь өөрчлөгдөх эрсдэлтэй болдог ажээ.[12]

Хэрэв ямар нэгэн асуудлыг зөвхөн сэтгэлийн хөөрлөөр эсвэл сөрөг сэтгэгдэлд тулгуурлаж хардаг хандлага түгэх үед хүмүүс явцуу, үндэслэлгүй, худал мэдээ, үйл явдалд итгэх, сонголтоо буруу хийх аюултай. Бүр сонгуульд оролцдог, идэвхтэй сонгогчд саналаа өгөхийн өмнө бусдын сэтгэгдэлд хөтлөгдөж, нэр дэвшигчийг үнэлдэг байна.[13]

Сөрөг сэтгэгдэл цахим орчинд улам ихэсвэл хүмүүс нэг нэгнээ хүндэтгэх, эрх тэгш байх, үл ялгаварлах, шударга хандах, асуудлыг олон талаас харах, хөндөх, хэлэлцэх чадвараа алдах болно. Үүнтэй уялдан цахим орчинд ажиллаж, эсвэл үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн компанийн зүгээс бусдыг хамгаалсан эрх зүйн баталгааг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ёстой. Үүний дагуу “Мэдмэгц устгах журам”-ыг (Notice and Takedown) зүй зохистой мөрдөж хэвших, дадах шаардлагатай байна.[14]

 

[1] Англи хэлний Оксфордын толь бичиг. Дэлгэрэнгүйг: https://en.oxforddictionaries.com/definition/comment

[2] Өмнөд Африкийн Оюутны нийгмийн хамгааллын төв. Дэлгэрэнгүйг: https://www.studentdigz.co.za/virtual-conversations-rules-road/

[3] “Цахим дарамт” сэдэвт 2014 оны тайлан. Дэлгэрэнгүйг: http://www.pewinternet.org/2014/10/22/part-2-the-online-environment/#harassment-in-different-online-neighborhoods

[4] “Онлайн сонин уншигчдын сэтгэгдлийн хэсэгт иргэнлэг байх шинжид нэрээ нууснаар үзүүлэх нөлөө” судалгаа. Дэлгэрэнгүйг: https://www.psychologytoday.com/intl/blog/your-online-secrets/201409/anonymous-commenters-are-ruining-everything-heres-how

[5] https://www.wsj.com/articles/SB10000872396390444592404578030351784405148

[6] https://www.sciencedirect.com/science/article/pii/S0747563211002317

[7] https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1111/jcc4.12009

[8] https://www.liebertpub.com/doi/abs/10.1089/cyber.2015.0005?src=recsys&journalCode=cyber&

[9] https://www.sciencedirect.com/science/article/pii/S074756321630022X

[10] https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25901633

[11] https://www.sciencedirect.com/science/article/pii/S0191886914000324

[12] https://www.technobuffalo.com/2013/03/12/how-trolls-and-nasty-comments-affect-people-according-to-study/

[13] https://www.sciencedaily.com/releases/2015/09/150924184948.htm

[14] http://blogs.lse.ac.uk/mediapolicyproject/2018/09/27/regulating-online-platforms-for-misinformation-and-disinformation/

Хууль бус, хортой контентын сөрөг нөлөөнөөс зайлсхийх нь