Хууль бус, хортой контентын сөрөг нөлөөнөөс зайлсхийх нь

June 19, 2019

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална.

Тодруулбал, хүүхдийг хориотой, зохисгүй контентын сөрөг нөлөөнөөс хамгаалах нь бүх нийтийн үүрэг юм. Ийм контентыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхойлсноос гадна, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц байх шинжээр таньж болно.

Хууль бус, хортой контентын төрөл Хууль зүйн үндэс
Бэлгийн харилцааг илэрхийлэх агуулга Эрүүгийн хууль.16.8 дугаар зүйл “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”

1.Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан; … бол 2700-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийг илэрхийлэх зураг Эрүүгийн хууль.16.9 дүгээр зүйл “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах”

1.Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан бол 5400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.цахим сүлжээ ашиглаж;

2.2.бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зандалчлал, терроризмд уриалсан агуулга Эрүүгийн хууль.20.2 дугаар зүйл “Террор ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх”

1.Террор ажиллагаа явуулахыг олон нийтэд уриалсан, терроризмыг олон нийтийн өмнө зөвтгөсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Дүрс бичлэг, тоглоом, клип дэх хүчирхийллийн бичлэг, гэмт хэрэг, осол Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль.11.5 “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.”
Гэмт хэрэг, хүчирхийллийг дэмжсэн буюу зааварчилсан агуулга

                Тэгвэл, цахим сүлжээнд дээр дурдсан хууль бус, хортой контент байгаа тохиолдолд хэмжээг эцэг эх болон хүүхдүүд дараах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд:

  • Тухайн цахим хуудас дахь контентыг үзэх, нэвтрэхгүйгээр хуудасны цонхоо хаах. Хэрэв тухайн цонх хаагдахгүй байвал компьютерын гарнаас control-alt-delete гэсэн товчийг зэрэг дарах;
  • Хууль бус, хортой контент буюу насанд хүрэгчдэд зориулсан контентын эсрэг шүүлтүүр програм, хэрэгсэл ашиглах, блоклох, вэб хөтчийн тохиргоог аюулгүй горимд байлгах;
  • Тухайн хууль бус, хортой контентын талаар вэб сайтыг эрхлэгчид мэдэгдэх;
  • Эмзэглүүлсэн буюу айдаст автуулсан контентын талаар итгэж болохуйц хэн нэгэнд ярьж тайвшрах;
  • Дээрх контентын талаар Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн байгууллагад гомдол гаргах.

Эцэг, эхийн хувьд Chrome болон Firefox хөтөч дээр “эцэг, эхийн хяналт”-ын тохиргоог хийх боломжтой. Тухайлбал, https://chrome.google.com/webstore хуудаст зочилж, “parental control tools” гэж хайж, гарч ирсэн програмаас сонгон “Add to Chrome” гэх товч дээр дарж, програмыг ажиллуулна. Мөн YouTube дээр тохиргоо хийхийн тулд өөрийн account-н дүрс дээр дарж, “Restricted Mode”-ыг “On” болгоно.

Үүнээс гадна хууль бус, хортой контентоос хүүхдийг хамгаалах зориулалттай дараах програм хангамж, апп-аас сонгож авч, тогтмол хэрэглээрэй.[1]

  • Circle App” нь эцэг, эх хүүхдийнхээ цахим төхөөрөмж дээр өнгөрөөж буй цагийг хянах боломжтой. Тодруулбал, агуулгад шүүлтүүр хэрэглэх, цагийн хязгаарлалт тогтоох, вэб хөтөч дээрх нарийвчилсан мэдээлэлтэй танилцах зэрэг өргөн боломжтой.
  • Kidbridge” нь эцэг, эхэд хүүхдийнхээ зурвас буюу мессеж, вэб хөтчийн түүхийг хянах боломж олгодог.
  • Kidgy” нь таны урьдчилан тогтоосон аюулгүйн бүс, хязгаараас (танай талбай, хөрш) таны хүүхэд гарсан тохиолдолд танд мэдэгдэх зориулалттай гар утасны програм юм.
  • Net Nanny” нь интернет дэх хэрэглээнд хяналт тавих боломжтой эцэг, эхийн хяналтын програм хангамж юм.

[1] Top 10 Resources for Privacy and Parental Control https://www.wizcase.com/blog/safely-raising-children-in-an-online-world/#blog-toc-7

“ӨӨРИЙНХӨӨ БААТРЫН ТУХАЙ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” уралдааны шилдэг захидлуудаасСэтгэгдэл, түүний мөрөөр гарч ирэх зохицуулалт