“ӨӨРИЙНХӨӨ БААТРЫН ТУХАЙ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” уралдааны шилдэг захидлуудаас

June 13, 2019

Энэ бол миний баатар

Эрхэмлэн нандигнан явдаг хөгшин буурал эмээдээ өнөөдөр энэхүү зурвасаар дамжуулан итгэл сэтгэлийн бэлэг барих гэсэн юм. Хүн бүхэн ээж, эмээ нартаа илүү хайртай байдгийн адилаар би ч бас эмээдээ хязгааргүй их хайртай. Миний эмээ бусдаас онцлог нандин чанар ихтэй бөгөөд хөдөөгийн сайханд малаа маллаж явахдаа ч аль эсвэл олон найз нөхдөө тойруулчихаад инээж баясаж байхдаа хамгийн ухаалаг бас хамгийн авьяаслаг хамгийн сэргэлэн нэгэн. Урлаг соёлын  арга хэмжээнд ч  бас л хамгийн түрүүнд оролцож хүн бүхэнд нандин бүхнээ зориулж явдаг ийм эрхэм хүнээ би та бүхэнд бахархан хэлмээр санагдсан учир энэ зурвасыг бичиж сууна.

Миний ээж 2013 оны 3-р сард өвчний улмаас нас барсан юм. Энэ үеэс эхлээд эмээ бид хоёрт маш хүнд амьдрал тохиосон юм. Эмээ маань маш сэтгэлийн тэнхээтэй хатан зоригтой хүн болохоор аравхан настай өнчирч үлдсэн намайг аливаа муу бүгдээс хамгаалан өдий зэрэгт хүргэсэн.Би эмээдээ тэр болгон “Хайртай шүү” гэж хэлж чаддаггүй боловч үйл хөдлөлөөр минь намайг ойлгодог гэж боддог.IMG_0358Ээжид зориулж эмээ маань”Эхийн сэтгэл” гэсэн сайхан ном бичиж олны хүртээл болгосон. Энэ ном хүмүүсийн сэтгэлд хүрсэн гайхалтай ном болсон. Эмээг хүмүүс магтахад намайг магтаж байгаа юм шиг би баярладаг. Насаараа мал маллаж хөдөөгийн сайхныг биеэрээ мэдэрсэн миний эмээ үс нь буурал болсон ч олон хүмүүсийн дунд бужигнаад залуугаараа мэт байдаг. Ер нь эмээд минь онцгой сайхан авьяас заяаждээ. Гавьяа шагнал гэвэл Монгол улсын тэргүүний ардын авьяастан бас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэсэн сайхан цолуудыг эмээгийн минь хөдөлмөрийг үнэлж өгсөн. Хорвоод заяасан хэдхэн насанд ховорхон заяах нандин авьяас миний эмээд байдаг.

Миний ээж аав хоёр ханилан суугаад би 2013 онд төрсөн. Тэгэхдээ намайг төрөөд удаагүй байхад тэр хоёр маргалдан салсан гэсэн.

Намайг 5-р ангид байхад миний ээж Мөнх-Очир гэсэн сайхан хүнтэй ханилж намайг хойд аавтай болгосон юм. Аав ээж хоёр ханилаад 3 сар болоход миний ээж хүнд өвчнөөр өвчилсөн юм. Би тухайн үед ямар өвчнөөр өвчилснийг мэдээгүй. Удапгүй эмээ маань ээжийг аван хот руу эмчлүүлэхээр явсан юм. Хотод очоод эмээг ярихаар нь ээжийгээ асуутал ээж чинь маш хүнд өвчнөөр өвчилсөн гэж ярьсан. Тэгээд миний сэтгэл санаа үймэрсэн. Ээж маань эмнэлэгт хэд хонолоо.

Гэтэл нэг өдөр ээж маань намайг дуудсан гэхэд би ухаангүй их баярлаж билээ. Тэгээд би аавтайгаа цуг хот явсан юм. Би хот ороод 3-р эмнэлэгт гүйн ороод ээжийгээ хайтал ээж минь эмнэлэгийн цагаан орон дээр ёолон хэвтэхийг харлаа. Ээж дээрээ гүйн очтол ээж минь инээмсэглэн “Сайн уу миний хүү ”гэхэд өөрийн эрхгүй нулимс бөнжигнөн урслаа. Ээж буруу харж уйлан зөв харж инээн намайг миний хүү хажуугаар хэвт гэж билээ. Намайг харахад ёолон байсан ижий намайг очиход түр зуур өвчин нь дарагдсан юм. Хэд хоногийн дараа миний ээж тархины хорт хавдарын хагалгаанд орлоо. Маргааш нь би ээж дээрээ ортол ээж минь ухаангүй хэвтэнэ. Эмээ ээж яаваа гэтэл эмээ нулимсаа асгаруулан уйлжээ. Би ээжээ гэж хичнээн дуудавч ээж минь сэрсэнгүй. Эмээ миний хажууд ирээд миний нулимсыг арчсанаа “Миний хүү битгий уйл ” гэж хэллээ. Ээжийн хажууд байгаа дэлгэцэн дээрх долгионтой зураас удалгүй тэгш болж ээж минь хагалгаагаа дийлэлгүй нас барсан юм. Би ээжийнхээ зүүн хацрыг үнсэж ээжийнхээ үнэрийг авч, салах ёс гүйцэтгэсэн.

Тэр өдрөөс хойш миний амьдрал эрээнтэй бараантай ээж минь энэ орчлонд байхгүй болсон ч гэсэн хойд аав минь эмээ бид хоёр дээр цагаан сараар ирж золгодог. Намайг таарах болгондоо үнсэж элгээ дэвтээж явдаг юм даа.

Хөөрхий эмээ минь хүүгээ л нэг хүний зэрэгт хүргэчих юмсан миний хүү сайн хүн болноо. Эмээ нь урт насална үхэж болохгүй хариуцлагатай хүн гэж үргэлж ярьдаг. Миний төрсөн аав маань одоо дөрвөн сайхан хүүхдийн аав болчихсон сайхан л амьдарч яваа харагдах юм даа. Эмээ ярихдаа миний хүүгийн аав олон хүүхдийн аав болсон тэгэхдээ миний хүү Баттогтохийн Буянбадрах гэж улсдаа байтугай дэлхийд нэрийг нь цуурайтуулсан сайн хүн болно гээд л намайг магтдаг юм.

Сумын наадам болж “Сайхан хос” шалгаруулах тэмцээн болоход миний аав эхнэртэйгээ ижилдэн гоёод морь хослон унаад л наадмын асар дундуур явж байхад эмээ бид хоёрт их л хүнд тусаж байсан даа. Сургуулиас цүнхээ үүрчихсэн явж байхад аав маань дэргэдүүр давхиад л өнгөрөхөд би бас л миний аав гэж уулга алдсан шүү дээ.

Ер нь хүн хагацал зовлон үзэхээрээ юмыг их ойлгодог юм байна лээ. Эмээгээ магтах гэсэн чинь бусад хүмүүсийг биччихлээ. Хүний сайхан сэтгэлийг ойлгоосой гэж хүүхдийн хувь заяаг ойлгоосой гэж бичсэн юм шүү. Эмээ таньдаа захидап бичээгүй өдий хүрч дээ. Даанч балчир насандаа ээжээсээ өнчирсөн болохоор энэ хорвоод эмээгээс эрхэм хүн надад алгадаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ээждээ захидал бичихэд эмээ минь нулимастай нүдээ надаас нуун нуун бичихийг сэтгэлээрээ өрөвдөн зүрхээрээ биширч явна даа. Миний эмээ хүн бүхэнтэй их л эелдэг харьцдаг. Ийм учраас би энэ хүнийг бүхнээс эрхэм хүн гэж нандигнан явахыг хичээдэг. Бас эмээгийн минь ёжлон хэлэх үг нь хүртэл сургаал байдаг өөрийнхөө алдаа болгоныг нэг ч үлдээлгүй бүгдийг нь үр ачдаа ярьж өгдөг нь бас ч хүний ухаан юм шигээ. Заримдаа эмээ минь инээдтэй хошин зүйлийн тухай ярьж биднийг инээлгэдэг тэр нь ч бас л хүний амьдрал болохоор хошин ч гэсэн ухаарах юм байжил таарна. Хүнийг шоолоод инээж байгаа хүнийг хараад дагаад инээх тохиолдол зөндөө л байдаг тэгэхдээ тэр зүйл ямар алдаа байна вэ? гээд дараа нь сайн тунгааж бодож байгаад л эмээ маань захидаг юм.

Би эмээгийнхээ захиасыг бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй л байгаа байх тэгэхдээ “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэсэн Монгол ардын сайхан зүйр үг бий. Эмээ бас зүйр үгийг дандаа ярьж хэлдэг. Бодоод байхад энэ нь бас л хүний ухаан амьдралын зорилго бодлого байдаг юм шиг. Эмээгээ би тэр болгон баярлуулж байгаагүй энэ захидлаар баярлуулах гэсэн юм.

Энэ дэлхий дээр би шүтэн биширдэг ганцхан баатартай. Тэр бол хүдэр чийрэг биетэй хүчирхэг дайчин баатар биш жилээс жилд бие нь жижгэрч, бусдын төлөө миний төлөө элэглэж яваа жирийн хэрнээ асар хүчтэй миний сайхан эмээ билээ. Таныхаа үргэлжлэл болж хэн нэгний баатар нь байх ухааныг хүү нь танаасаа л ойлгосон юм шүү. Эмээ таньдаа хүү нь зүйрлэшгүй их хайртай.

Өвөрхангай аймгийн Баруунбаян улаан сумын

ЕБС-ийн 10а ангийн сурагч

Б.Буянбадрах

Цахим орчинд бусадтай харилцах зааварХууль бус, хортой контентын сөрөг нөлөөнөөс зайлсхийх нь