Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийллээс сэргийлэх нь

June 03, 2019

Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэл /Sexting/ гэдэг нь өдөөн хатгасан буюу бэлгийн харилцааны агуулга бүхий зураг, зурвас, дүрс бичлэгийг илгээх, онлайн орчинд нийтлэх үйлдэл юм. Энэ нь нийгмийн болон хууль зүйн үр дагавартай зүйл.

Хэрэв ийм зураг, дүрс бичлэгийг найздаа, үерхдэг хүндээ илгээсэн бол, даруй устгахыг найзаасаа гуйх хэрэгтэй. Мөн ийм зураг, дүрс бичлэгийг онлайн орчинд байршуулсан бол тэндээс өөрийн нэрийг арилгаж, устгуулах хэрэгтэй. Үүний тулд тухайн зураг, дүрс бичлэг бүхий бичвэрийн тохиргооноос “report” товчийг дарна. Олон нийтийн цахим сүлжээний төрлөөс хамааран энэ боломж харилцан адилгүй ч, нийтлэг зарчимтай байдаг.[1] Ингэж зураг, бичлэгийг устгуулахын тулд ганцаардахгүйгээр, найз нөхдийнхөө тусламжийг авах, нэгдэх хэрэгтэй.

Хэрэв, дүрс бичлэг, зураг аль хэдийн цахим сүлжээнд тархсан бол нэн тэргүүнд тайвшрах, дараагийн алхмаа бодох хэрэгтэй. Одоохондоо “дэлхий сүйрчхээгүй байна”. Эцэг эх, итгэлтэй хүнтэй үүссэн асуудлыг ярилцсанаар боломжит арга замыг олох болно. Ингэж ярилцахаас санаа зовох хэрэггүй. Эцэг, эхийгээ тавгүйтүүлэх, уурлуулах, гайхшруулахаас болгоомжлох, ярилцахгүй байх нь  үүссэн асуудлыг улам хүндрүүлэх, амьдралд нь байнгын хар мөр үлдээх эрсдэлтэй.

Зарим судалгаанд дурдсанаар, бэлгийн харилцааны агуулга бүхий зураг, зурвас, дүрс бичлэгийг 17% нь өөрсдөө бусдад илгээдэг бөгөөд, хүлээн авсан хүмүүсийн 55% нь нэгээс дээш хүнд тараадаг. Тэгэхээр таны хувийн зурвас гэв гэнэт л хувийнх байхаа больдог.[2] Түүнчлэн, өсвөр насныхны 48% нь бэлгийн харилцааны агуулгатай зурвас хүлээн авдаг.[3]

Ийм ноцтой тул цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэл нь хууль зүйн үр дагавартай болдог. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлд “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэргийг хуульчилсан. Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан; хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн; хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон бол 2,700,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн тус хуулийн 16.9 дүгээр зүйлд заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” гэмт хэрэгт хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан үйлдэл хамаарах бөгөөд 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг цахим сүлжээ ашиглаж; бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 10,000,000-40,000,000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэл үйлдэгчийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. Ингэж гомдол гаргахын тулд тэдгээр бэлгийн агуулга бүхий зурвасыг урьдчилж баримтжуулж авах, хадгалах хэрэгтэй. Ингэснээр нөхцөл байдлыг улам хүндрэх, хэрэгтнийг олж тогтоон хариуцлага хүлээлгэхэд илүү дөхөм болно.

[1] eSafety guide to games, apps and social networking https://www.esafety.gov.au/esafety-information/games-apps-and-social-networking

[2] Sexting- A True Story https://hopewomenscenters.com/sexting-true-story/

[3] Sexting information sheet for parents https://www.secasa.com.au/assets/Sexting/Sexting-infosheet-parents-v8.pdf

“ӨӨРИЙНХӨӨ БААТРЫН ТУХАЙ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗАХИДЛУУДААСЦахим орчинд бусадтай харилцах заавар