Зураг, дүрслэлээр илрэх хүчирхийллээс сэргийлэх нь

May 16, 2019

Энэхүү нийтлэлийг А-д тохиолдсон зүйлсээр эхлэмээр байна. А нь найз залуу Б-тэй ажил дээрээ анх танилцаж, удалгүй үерхсэн бөгөөд тэдний харилцаа гүнзгийрч, сээтгэнэсэн зурвас, нүцгэн биеийн зургаа солилцох болжээ. Гэхдээ тэд харилцаагаа ажлынхандаа мэдэгдэхийг хүсээгүй байна. Харин тэдний харилцаа таарамжгүй болох үед А энэ талаар Б-д хэлж, урьдынх шигээ ердийн найзууд байхыг хүссэн байна.

Гэвч, Б-гийн хувьд үүнийг нааштай хүлээж авсангүй төдийгүй, бухимдаж, өсөрхөж эхэлсэн бөгөөд А-гийн нүцгэн зургийг ажлынхаа бүх хүнд мэйлээр илгээсэн. Энэ нь А-гийн сэтгэлийг зовоон шаналгаж, ажлынхан, дарга нь юу гэж хэлэх бол, ажилгүй болох вий гэх зэргээр түгшихэд хүргэсэн. Харин ажлын хамт олон нь А-гийн талд байж, Б-гийн үйлдлийн талаар цагдаад гомдол гаргахад тусалж, Б-д сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ бол хэнд ч тохиолдож болох түүх төдийгүй зураг, дүрслэлээр илрэх хүчирхийллийн нэг жишээ юм. Ийм хүчирхийлэл нь дотно харилцааг илэрхийлэх буюу нүцгэн зураг, дүрс бичлэгийг түүнд дүрслэгдсэн хүний зөвшөөрөлгүйгээр тараах, бусдад дамжуулах үйлдэл юм.

Түүнчлэн, тийм зураг, дүрс бичлэгийг тараагаагүй хэдий ч, тараана гэж сүрдүүлэх нь зураг, дүрслэлээр илрэх хүчирхийлэл мөн. Үүнээс гадна, та өөрөө тийм зураг, дүрс бичлэг хийлгэхийг зөвшөөрсөн байх нь түүнийг бусдад тараах, дамжуулахыг зөвшөөрсөн хэрэг биш юм.

Зураг, дүрслэлээр илрэх хүчирхийллийг хэрхэн зогсоох вэ?

Үүний тулд тэрхүү зураг, дүрс бичлэгийг байршуулсан вэб сайт, цахим сүлжээнд хандаж, устгуулах, блоклох арга хэмжээ авах хэрэгтэй. Гэхдээ, ингэж устгуулахын өмнө хүчирхийллийг баримтжуулж, нотлох баримт болгох хэрэгтэй. Ингэснээр, та цаашид өөрийн эрх ашгаа хамгаалах буюу цагдаад хандах, хууль зүйн туслалцаа авахад илүү хялбар болно.

Учир нь зураг, дүрслэлээр илрэх хүчирхийллийг Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцож, хориглосон. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд “заналхийлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон бөгөөд заналхийлэх гэдэгт эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл хамаарна. Энд дурдсан “баримт, мэдээлэл” гэдэгт хохирогчийн нүцгэн зураг, дүрс бичлэгийг хамааруулж ойлгоно.

Мөн Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах” үйлдлийг, 13.10 дугаар зүйлд “Хувь хүний нууцад халдах”, 13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах” үйлдлийг тус тус гэмт хэрэг гэж тооцсон.

“Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан” үйлдэл нь хувь хүний нууцад халдах гэмт хэрэг болох бөгөөд, нүцгэн зураг, бэлгийн харилцааны агуулгатай зурвас нь хувь хүний нууцад тооцогдоно. Хувь хүний нууцад халдах үйлдлийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн бол гэмт этгээдийг 5,400,000 төгрөгөөс 27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

“Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” үйлдэл нь хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэг бөгөөд 4,500,000-5000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Хувь хүний нууцыг олж мэдсэн эмнэлгийн мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч, хуульч, хууль сахиулагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн хүмүүсийн хувьд ч хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй. Учир нь хувь хүний нууц бол эзнээс нь өөр этгээд дураар ашиглаж болохгүй хамгийн чухал зүйл юм.

Дээр дурдсан гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллын цагдаагийн байгууллагад өөрт байгаа буюу мэдэж байгаа нотлох баримтын хамт гомдол гаргах хэрэгтэй. Түүнчлэн гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд учирсан хохирлоо харьяа нутаг дэвсгэрийн иргэний хэргийн шүүхэд хандаж, нэхэмжлэх эрхтэй. Аль ч тохиолдолд, нотлох баримт шаардлагатай тулд, цахим орчинд тархсан буюу тийнхүү тараана гэх сүрдүүлгийг өөрийн боломжоор баримтжуулж авах шаардлагатай.

Үүний тулд, компьютерийн “print screen” товчийг дарж, түүнийгээ албан бичгийн хэрэглээний програм, мэйл дээрээ “paste” командын тусламжтайгаар зураг болгон буулгах хэрэгтэй. Гар утаснаас бол, “screenshot” хийх замаар цахим хүчирхийллийг баримтжуулж авах хэрэгтэй. Ингэхдээ, холбогдох линк буюу холбоосноос гадна, он, сар, өдрийг хамтад нь баримтжуулж авах нь чухал.

Цаашид, зураг, дүрслэлээр илрэх хүчирхийллээс сэргийлэх, дахин хохирохгүй байхын тулд асуудлыг ганцаараа шийдэх гэж оролдохгүйгээр, гэр бүл, найз нөхдийн дэмжлэгийг авах хэрэгтэй.

10 хуурамч мэдээ, түүний талаарх жишиг“ӨӨРИЙНХӨӨ БААТРЫН ТУХАЙ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗАХИДЛУУДААС