ХХМТГ, ГБХЗХГ болон ХХЗХ-оос хамтран 2018 онд зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл нэвтрүүлгийн уралдаанд оролцогч оюутан Б.Анхиламын бүтээл

April 22, 2019

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал

Дөнгөж арванхоёр настай өсвөр насанд ч хүрээгүй охин. Өөрийнхөө хувьд аль хэдийн залуу хатагтай мэтээр сэтгэвч үнэн хэрэгтээ тэр мөрөөдөл хүсэл бүхэн нь ямар нэг, үл мэдэгдэх хүчээр биелчихнэ гэж итгэдэг бяцхан хүүхэд хэвээр байсан юм.

Тэр фейсбүүк хаяг нээгээд тийм ч их хугацааг өнгөрүүлээгүй байлаа. Өнөөгийнх шиг утасгүй интернэт сүлжээ ч хараахан нэвтрээгүй байсан цаг. Хааяахан нэг интернет кафе ордог байсан тэр үе. Хаяг дөнгөж нээхэд хувийн мэдээллийн тухай асуултууд гарч ирэхэд тэр хуурч дөнгөжээ. Тэгж л анх цахим ертөнцөд нэвтэрсэн юм даа.

Бусдыг даган дуурайхдаа тэдний бичиж, түгээх постууд шиг пост бичин зургаа элдвээр оруулаад л…

Гэвч асуудал тэдгээр зургуудад байгаагүй юм. Тэр шүлэглэдэг байсан. Ноорхой дэвтэр дээр яаран таталсан хэдхэн мөрт бүрээ гололгүй пост болгон оруулдаг байв. Яг энэ мөчид би та бүхэнд түүний юу мөрөөдөн, бяцхан сэтгэлдээ юу горьдон холбож хэлхсэн хэдэн шүлгүүдээ чамбайлан фейсбүүктээ оруулдаг байсныг нь хэлье.

Тэр мөрөөддөг байсан. Нэг л өдөр томхон шүлэгч болно гэж, нэг л өдөр хэн нэгэн түүний авьяасыг олж харна гэж… Тэгж бодсоны эцэст фейсбүүкт шүлгүүдээ оруулж болох юм гэсэн ёрын бодолд ээрэгдсэн юм. Тэгээд л тэр пост бичих болсон. Гэхдээ хэн ч уншдаггүй байлаа. Тэгэхээр нь дан ганц бичгээр пост оруулах хангалттай санагдсангүй. Илүү хүртээмжтэйгээр шүлгээ хүргэх хэрэгтэй гэж бодогдох болжээ.

Ангийн хөвгүүд нь Эмили Минаж гэж хэн болох талаар ярилцаж, амтай болгон л “…хоот, секси гэж мэгээл…” гэх үгсийг ашиглах болжээ. Гэвч тэр тэдний юу яриад байгааг мэдээгүй юм. Учир юу гэвэл түний гэрт суурин компьютер байхгүй тул фейсбүүкт гарах шинэ содон зүйлсийн тухай хожим хойно нь олж мэддэг байв. Магадгүй тэдгээр мааз үгс, Эмили Минаж гэх нэр ямар учиртай болоход жоохон ч болтугай анхаарал хандуулсан бол өдийд би энэ түүхийг өгүүлээд, та үүнийг уншаад сууж байхгүй байсан биз ээ.

2012 оны есдүгээр сар. Хичээлийн шинэ жилийн нээлт болоод төдийлөн удаагүй байж билээ. Наймдугаар ангийн уран зохиол, монгол хэлний хичээл агуулгынхаа хүрээнд шүлэглэх нэгэн шинэ аргыг заасан юм. Сонирхолтой нь мөр бүхний эхний үсгийг цуглуулахад ямар нэг үг эсвэл хэн нэгний нэрийг бүтэх аж. Багын л шүлэг найраг уншиж бичих уралдаан болгонд өөрийгөө сорьдог байсан түүнд тухайн өдрийн тэр хичээл ч түмэн зугаатай байсныг нь хэлэх нь зүйтэй.

Есдүгээр сарын хоёрдугаар долоон хоног. Хичээл уйтгартай санагдаж эхлэв. Тэгэхээр нь тэр бичлээ. Гэхдээ энэ удаа тэр урьд урьдынхаасаа тэс хөндлөн шүлэг бичсэн юм. Мөр бүхний эхний үсгийг цуглуулахад шохоорхож явсан хөвгүүнийх нь нэр бүтнэ. Д-Ө-Л-… Үсэг бүхэнд таарах мөрийг бичсээр л, эцэст нь “Л” үсэг л үлдчих нь тэр. Л үсгээр эхлэсэн гуравхан үг санаанд ороход бүгдэд нь бичиж үзсэн ч нэг мөр арай илүү нийцэмжтэй санагдахлаа. Шүлэг уншигчдаа тодорхой үйл явдлыг товчоор өгүүлж чадаж байсан нь түүнд таалагдав. Гэхдээ тэдний дунд юу ч болоогүй атал түүнд “хаягдсан” мэтээр шүлэглэх санаа үнэхээр дэмий байсанд одоо ч өөрийгөө зүхнэ.

Тэр өдөр хичээл дуусахад хүргэн ахынх руугаа явах боллоо. Тэднийх суурин компьютер, интернеттэй айл байсан юм. Хийх байхаа олж ядахдаа фейсбүүк орох санаа төрөв. Яг л ямар байдаг шигээ, зураг оруулдаг нь зургаа оруулж, гуниг гомдлын үгс шидэлдэг нь шидэлсээр л.. Фейсбүүкээр онц сонин зүйл байсангүй. Гэтэл гэнэт нэг ёрын санаа төрсөн нь, бичлэг хийнгээ өдрийн зохиосон шүлгээ унших байлаа.

Тэр уншсаан. Бас бичлэгээ ч хийсэн. Бяцхан бодолд нь тэр үнэхээр л сайн жүжиглэсэн юм. Тэр дотроо, “Энийг үзээд хүмүүс намайг ямар сайн жүжиглэдэгийг мэднэ дээ! Бодвол нэг алдартай хүн үзээд надад санал тавих биз” гэж л санаж билээ. Даанч гэнэхэн, жаахан байж дээ..

Бичлэгээ цахим сүлжээнд байршуулсанаас хойш хоёр хоног интернет гэгчийг ашиглаагүй юм. Хоёр хоногийн дараа сургуулийн ойролцоо кафе орж, фейсбүүкээ шалгатал хэд гурван хүмүүс л үзсэн байлаа. Бас ч үгүй ангийн найз нь сэтгэгдэл үлдээжээ. “Яасан хөөрхөн юм бэ? Мундаг шүү” гээд л…

Хэд хоног нам жим. Нэг өдөр хичээлдээ түүртэн ядрахдаа гэртээ ирсэн даруйдаа унтчихжээ.

Гэнэт утас дуугарлаа. “Хөөе, хэнээ, чиний бичлэгийг хүмүүс цааш нь түгээгээд байна, сэтгэгдэл дээр нь дээд ангийхан муулаад байна” гэхэд нойрондоо дийлдэхдээ үл ойшоосон янзтай “за,за” гэж хэлж л амжсан юм. Төдөлгүй аав, ээж хоёр нь ирлээ. Уг нь тэр унтаж байсан юмсан. Хайхрах ч шинжгүй угз татан сэрээгээд хашхична. Хэсэгтээ тэдний юу ярьж байгааг ойлгоогүй юм. “Сая над руу найз маань залгалаа”, “Тэрний хүү чамайг асууж ярьж байна”, “Чи юу хийчихсэн хүн бэ???”, “Баахан хүмүүс чиний тухай лавлаж байна”…

Хар дарсан зүүд шиг л… Тэр бүхнийг ойлгож, хүлээж авахад дэндүү жаахан байсан шүү дээ. Ээж, аавдаа тайлбарлалаа. Загнуулж, хараалгуулж, жавтий ч хүртээд амжчихав. Тэр багахан хугацаанд мөн ч их юм болсон доо. Амьдрал нь ч орвонгоороо эргэсэн.

Хамгийн гомдмоор нэг зүйл нь итгэж, хүндэлж явсан хүмүүс чинь чамайг дооглон ярихыг сонсох байдаг юм билээ. Хичнээн найз гэж итгэсэн ч, хэдий гэр бүл байсан ч, ар хударгаар шивэр авир хийх нь урт чихэнд наалдсанд бус ухаан бодлын совинд минь туугдахад нь салхи хүүрнээд өгчихдөгт аж.

Маргааш нь хичээлдээ явсаан. Гудамжаар зөрөх бүхний амны зугаа болсон байх бөгөөд энэ маягаараа яаж хичээлдээ сууна аа л гэж эмээж явсан юм. Хүн өөрийг нь таних вий гэж болгоомжлохдоо ээжийнхээ нарны шилийг зузаан, нүүр нь арайхийн цухуйх ороолттой хослуулан нуугдна. Ангийхан нь харин сайхан хамт олон байсан тулдаа адаглаад түүний дэргэд хэсэгтээ тэр тухай яриагүй. Гэвч хүүхдүүд л болсон хойно доог тохуу хийлгүй өнгөрөх нь тун ховор. Дээд ангийхан бүгд шоолж, сургуулийн хонгилоор явах хүртэл хүндрэлтэй болж байв. Зөрсөн хүн бүхэн “зүгээр л чамд гэж хэлэхэд…”, “… зан гаргачихаад…” гэх мэтчилэн тайван өнгөрөөх шинжгүй ажээ. Ер нь л арай хүн дүртэй нь ардуур шивэгнэлдэж, сүг дүртэй нь өнгөн дээр орилолдох нь энүүхэнд.

Хүмүүс нэгнээ шоолж байхдаа өөрт зугаатай л бол тухайн хүндээ ямар санагдах бол гэж огт бодож үздэггүй бололтой. Хэтэрхий их доромжлол… Тэр асууж байлаа, “Би тэсэх болов уу?”.

Тэр тэссээн. Хэдий хүнд байсан ч, хичнээн гомдож уйлмаар байсан ч, үнэхээр л түүний алдаа байсан хойно шүд зууна. Арванхоёрхон настай хүүхдэд ахадсан ачаа. Мянга мянгаараа хөврөх үхэхийг зөвлөсөн сэтгэгдэлүүд, мянга мянгаар тоологдох тоглоом шоглоомуудыг үзэхэд сэтгэл сэртхийхгүй байхын аргагүй. Заримдаа шантрахыг хүснэ. Арванхоёрхон настай охин руу гурван сая хүнтэй улсын тэн хагас нь чичлэхдээ ядаж нэг нь ч болтугай түүнд ямар санагдах бол гэж төсөөлж үзсэн болов уу??? Бас нэг зүйл нь гэвэл тэд хэзээ ч дан ганц түүн рүү чичлээд өнгөрөөгүйд оршино. Халдвартай юм шиг үсчин, түүнд ойртсон болон түүний эргэн тойрны бүх хүн давхар хэл амны зугаа болно. Хүн болсоор тийм бусдад гай болсон оршихуй тогтнож болох уу даа?

Туяхан булбарай бугуйнд тэгж л анх сорви тогтсон юм даа. Өөрийн үйлдсэн үйлийн хариуцлагыг үүрэх ёстойгоо ухамсарлах авч, төмрөөр хайлуулж цутгаагүй тул яахан тэвчих билээ? Тэр үйл явдлаас хойш зургаан жилийн туршид тэр сүнс мэт амьдарсан. Үхэж зүрхлээгүй хойно тэвчээд амьдрахаас өөр сонголт үлдээгүй аж. Байрны гадаа хүүхдийг тоглож байхад тэр гэртээ сууж л байдаг, үеийн хүүхдүүд гадагш гаран зугаалж байхад тэр гэртээ сууж л байдаг тийм л агаар хороож, зай эзэлсэн оршигч болсон юм. Магадгүй тэр бүх хугацаанд түүний дэргэд байж, сэтгэл санаагаар дэмжиж ирсэн найзууд нь байгаагүй сэн бол тэр өдийд ингээд та бүхний хүүхдүүдийн төлөө өөрийн үгээ хэлж, сануулан суух тэнхэлгүй байх байсныг үгүйсгэшгүй. Хүн өөрөө нийгмийн амьтан атал дэрвэж дэгдэх тэр л ялдамхан насандаа танихгүй хүнтэй танилцах хүсэлгүй, таних хүндээ ойртох ч хүсэлгүй болохын гаслан ямар уйтай гэж санана.

Ажиглаад байхад өнөөгийн нийгэм хэтэрхий хүйтэн. Өрөвдөх, нэгнээ хайрлах сэтгэлээр дутмаг юм. Хүссэн нь юу ч бодохгүйгэээр цахим ертөнцийн сүг болж, бусдыг үг хэлээр доромжлож болох юм гэсэн сэтгэхүйтэй. Ийм хүрээлэн буй орчинд хүүхдээ хараа хяналтгүйгээр цахим ертөнцөд орхих нь алт эрдэнэс нуусан гэрийнхээ хаалгыг хаачихаад түгжилгүй яваад өгөх шиг найдваргүй билээ. Би түүнд тохиолдсон зүйл өөр хэн нэгэнд бүү тохиолдоосой гэж хүсэхдээ үүнийг бичлээ. Ялангуяа мөрөөдөл хүсэлдээ умбах учиртай тэр бяцхан зүрхнүүд хайхрамжгүй нэгний хэл амны бай болохыг бид хүлээн зөвшөөрөхгүй учиргүй.

УБ хот. 2018 он.

МУИС-ШУС-ХУС нэгдүгээр түвшин Б. Анхилам

Цахим хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх нь“ӨӨРИЙНХӨӨ БААТРЫН ТУХАЙ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА