Мэдээг нүүр номноос

December 24, 2018

Дэлхий нийтийн нийгмийн сүлжээг ашиглах зорилго, чиг хандлага өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байна. Нийгмийн сүлжээгээр дамжуулан хүмүүс өөрийн танилын хүрээг тэлдэг байсан ч орчин цагт нийгмийн сүлжээ нь мэдээ мэдээллийг түгээгч эх сурвалж болж хувираад нэлээдгүй хугацаа өнгөрчээ.

Хэдийгээр мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй, баттай эх сурвалж гэдэг нь үл мэдэгдэх боловч нийгмийн сүлжээнд тархсан мэдээлэл олон нийтийн сэтгэл зүйд өөрийн гэсэн нөлөөллийг их бага хэмжээгээр үлдээх нь тодорхой юм.

Тухайлбал, заавал орой бүр 20:00 цаг болохыг хүлээн Мэдээний нэвтрүүлгийг үзэж суухаас хамаагүй хялбар бөгөөд хувийн үзэл бодлоо ч илэрхийлээд амжих боломжтой юм. Үүний нэг жишээ нь орчин үед хүмүүс ихэнхдээ мэдээллийг нүүр номноос л хүлээн авч байна.

Түүнчлэн сурвалжлагч нар нийгмийн сүлжээнд олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудыг сонгон авч сурвалжлага хийх тохиолдол ч их болсон. Тэгвэл нийгмийн сүлжээ үнэхээр мэдээллийг тэгтлээ сайн түгээж байгаа эсэхийг судалсан томоохон судалгааг танд хүргэе.

“Пев судалгааны төв (Pew research center)” нь жил бүр Америкчууд хэрхэн нийгмийн сүлжээг ашиглан мэдээ мэдээллийг олж авч байгааг судалдаг бөгөөд энэ жилийн судалгааны онцлох хэдэн зүйлийг тодруулбал үүнд:

– Америкчуудын 68 хувь нь цахим нийгмийн сүлжээнээс цаг үеийн мэдээллүүдийг олж уншиж байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оныхтой (2017онд 67%) ижилхэн байгаа нь нийгмийн сүлжээнд мэдээлэл түгээх хандалт буураагүйг илэрхийлнэ.

– Мэдээлэл хүлээн авах гол сувгаар нүүрном тодорчээ. Тус судалгаанд оролцогчийн 47 хувь нь мэдээллийг нүүрномоор дамжуулан хүлээн авч байна. Үүний удаах мэдээлэл хүлээн авах эх сурвалж нь YouTube бөгөөд 21 хувийг эзэлж байна. Дараа нь жиргээчид мэдээллийг Twitter хуудсаараа дамжуулан олж авдаг байна.

– Хүйсийн хувьд эмэгтэйчүүд мэдээллийг цахимаар дамжуулан олж авах нь эрчүүдээс арай илүү байжээ. Тэдний ихэнх нь 30-49 насныхан зонхилж байна.

– Хэдийгээр мэдээ мэдээллийг цахимаар дамжуулан хүлээн авч байгаа цахим хэрэглэгч нар маань тухайн мэдээллийн үнэн бодит байдалд маш их эргэлздэгээ нуугаагүй нь энэхүү судалгааны нэгэн онцлох хэсэг болжээ. Үүнээс харахад цахим мэдээллийн үнэн бодит байдалд цахим хэрэглэгч нар маань аль хэдийн өөрийн цэнзүүрийг тавиад эхэлжээ.

Харин өөр нэгэн томоохон судалгаа үүнийг няцаасан нь Харвард, Йель, ЭмАйТи тэргүүтэй дэлхийн шилдэг Их сургуулиудын 16 судлаачдын хамтарсан баг нь Твиттерийн орчинд түгээгдсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд худал мэдээлэл нь үнэн бодит мэдээллээс илүү түгээгдсэн байна.

Энэ нь Твиттерийн системийн үйлдэлтэй хамаагүйгээр барах уу хүний өөрийн ухамсрын асуудал байсанд судлаачид бүр их цочирдож хүлээн авчээ. Үүнээс гадна хүмүүс үнэн бодит мэдээлэлд татагдахаасаа илүү худал хуурмаг, шинэ содон, сэтгэл хөдөлгөсөн хуурмаг мэдээнд илүү татагддаг болохыг тогтоожээ.

Магадгүй үнэн бодит мэдээлэл хэтэрхий уйтгартай байж болох юм. Түүнчлэн мэдээ мэдээллийн шинэчлэл нь яг л хувцас загвар шиг, хүн хэдий чинээ нийгэмд үнэлэгдэхийг хүснэ төдий чинээ нийгэмд болж буй цаг үеийн мэдээллээс хоцрохыг хүсдэггүй. Тэр ч утгаараа нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн хүмүүс орой бүр 20 цагийн мэдээг хүлээж, өглөө бүр өдрийн сонин гарчигладаг байх.

Харин цахим ертөнцийн хөгжил нь бид бүхэнд дуу хоолойгоо бусдад түгээх завшаан олгосноор нийгмийн сүлжээнд болж буй аливаа хэргийн талаар ам уралдан ярих нөхцөлийг бүрдүүлсэн. Зарим тохиолдолд ийнхүү тухайн мэдээллийн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ өөрсдөө ч мэдэлгүй үнэнг худал болгон хувиргаж байгаагаа төдийлөн мэддэггүй байна.

Хүмүүс яагаад худал мэдээнд илүү автамхай байдаг бэ?

  1. Хүний тархины бүтэц их сонирхолтой. Аливаа зүйлийг ургуулан бодох чадвартай, шинэ мэдээллийг өөрийн болгон хүлээн авахдаа өөрийн амьдралын туршлага дээр тулгуурлан хүлээн авдаг. Иймд хүн бүрд нэгэн ижил мэдээллийг хүргэсэн ч хүн бүрийн ойлголт өөр байдгаас болж мэдээллийн утга алдагдах нь элбэг тохиолддог. Заримдаа тухайн мэдээллийг бүрэн ойлгоогүй байсан ч таамаг дэвшүүлэн түүндээ итгэдэг байна.
  2. Нэгэнт хүн мэдээллийг хүлээн авбал тухайн мэдээллийн ойлголт болон агуулгыг тийм ч амархан өөрчлөх дургүй. Энэ нь хүний сэтгэл зүйн нэг онцлог болох өөрийгөө үнэлэх үнэлэлттэй нягт холбоотой.

Хүн өөртөө хэр их итгэлтэй байна төдий чинээ өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийнэ. Үүний нэгэн адил аливаа мэдээллийг та буруу ойлгосон байна, эсхүл энэ мэдээллийн утга арай өөр байсан юм гэж хэлэх үед тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж рүү дайрсан мэт мэдрэмж төрж,  яг “Та л худал мэдээ тараагч, та худалч” гэж хэлсэн мэтээр хүлээн авна.

Энэ үед тухайн хүний ухамсарт өөрийгөө хамгаалах систем ажиллаж эхэлнэ. Анх хүлээн авсан мэдээллийн агуулгыг хамгаалах бүх зүйлийг хийж эхэлдэг байна. Ийм учраас худал мэдээлэл гэдгийг мэдэлгүй нийгмийн сүлжээндээ түгээсэн бол өөрийн цахим дүрийг ямар ч аргаар хамаагүй хамгаална. Худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэх зүйр үгийн биелэлт мэт цахим сүлжээнд худал мэдээлэл ийнхүү өөрийн байр суурийг олж авна.

  1. Хүн бүрийн дотор сайнаасаа илүү муу мэдээлэлд татагдах нэгэн нууцхан булан сэтгэлд нь нуугдаж байдаг. Энэхүү нууцлаг булангийн хэрэгцээг хангахын тулд заримдаа төсөөлөн бодох чадвараа ашиглан аливааг харддаг.

Ингэж хардахдаа өгөгдсөн мэдээллийн агуулгад тулгуурлан үгүйсгэж болох шинжийг нягтлан таамаглал дэвшүүлж үнэн бодит мэдээллийн агуулгыг гуйвуулснаар, энэхүү таамаглал хэр их цар хүрээнд бусдад нөлөөлж чадахыг нийгмийн сүлжээ тухайн хүнд ямар ч хариуцлага тооцохгүйгээр түгээх боломжийг олгож байна.

Иймд жиргээ болон нүүр ном хуудаснаас бусдын мэдээллийг олж уншихдаа тухайн мэдээллийн эх сурвалжийг сайтар нягтлах хэрэгтэй. Хэрэв эх сурвалж нь зөвхөн хувь хүний өнцгөөс хандан мэдээлсэн бол тухайн мэдээллийн үнэн бодит байдал их бага хэмжээгээр алдагдсаныг бодолцож үзэх нь зүйтэй болов уу.

Ийм л учраас дэлхийн далд засаглал нь яах аргагүй хэвлэл мэдээлэл юм. Хэвлэл мэдээлэл өндөр хөгжсөн газар хэвлэл мэдээллийн эх сурвалжид илүү их баримт шаарддаг бөгөөд баримтгүй аливаа мэдээллийг олон нийтэд түгээх нь маш ноцтой үр дагавартай тул баримт нотолгоог хангалттай цуглуулсны үндсэн дээр олонд дэлгэдэг.

Харин цахим орчинд энэхүү баримт нотолгоо гэх зүйл үнэнд тулгуурлах цэнзүүр байхгүйгээс болж хэн нэгэн хүний дурын сэтгэгдлээр бусдад түгээж бидний сэтгэлгээг улам доройтуулах нэг үндэс болж байна. Иймээс хэрэв та цахим орчноос ямар нэг мэдээлэл олж уншсан бол тухайн мэдээлэлд үнэн худлын цэнзүүрийг тавиад сэтгэл хөдлөлд авталгүй хүлээн авахыг оролдож үзээрэй.

Сэтгэл зүйч Д. Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж

  1. News Use Across Social Media Platforms 2018
  2. Д. Идэржаргал, Худал хуурмаг үнэнийг үргэлж “ЯЛЖ” байгааг хуурамч мэдээний хамгийн том судалгаа нотлов (2018)
Цахим орчинд дээрэлхэж дарамталбал яах вэ?Цахим орчинд бусадтай харилцах заавар