Цахим худалдааны шинэ эрин

October 12, 2018

Та бүхэн анзаарсан бол фэйсбүүкээ нээх үед 10 мэдээлэл тутмын 4 нь бараа бүтээгдэхүүний зарын шинжтэй мэдээлэл байрших болсон. Энэ нь биднийг цахим худалдан авагчид болоод нилээдгүй цаг хугацааг үдснийг харуулж байна. Гэхдээ хөгжингүй орных шиг томоохон цахим худалдааны сайт болон хүргэлтийн компаниуд Монголд хараахан хөгжөөгүй байгаа ч тэрхүү орон зайг фэйсбүүк болон бусад цахим худалдааны сайтууд нөхөх оролдлогыг хийсээр байна.

Дэлхий дахинд цахим худалдаа хөгжиж буйг илтгэж болох олон үзэгдлийн нэг нь алдартай брэндийн дэлгүүрүүд цахим худалдаанд шилжин салбар дэлгүүрүүдээ хааж эхэлснээрээ борлуулалтын орлогын талаас илүү хувийг цахим хэлбэрээр олох боломжийг бүрдүүлж эхлээд байна.

Үүнээс үзэхэд цахим хэрэглээний хөгжил дэлхийн зах зээлд өөрийн гэсэн өөрчлөлтийг авчраад байна. Тэгвэл цахим худалдаа яагаад хүмүүсийг ингэтлээ татаж байгааг худалдан авагч болон борлуулагчийн зүгээс хэрхэн тайлбарлаж байгааг дурдъя.

Худалдан авагчдын тухайд:

  • Цаг хугацааг хэмнэнэ;
  • Хүссэн зүйлээ компьютер эсхүл ухаалаг утсаараа хайгаад л олчихно;
  • Хүргэлт. Та хаана ч байсан захиалсан бараа чинь таныг олоод л ирнэ;
  • Төлбөрийн уян хатан нөхцөл нь худалдан авалтыг илүү дөхөм болгож байна;
  • Таны данс болон түрийвчид бэлэн мөнгө байхгүй байсан ч зээлийн карт ашиглан хүссэн зүйлээ хүссэн цагтаа авч болно;
  • Олон дэлгүүр хэсч ядрахгүй;
  • Дэлгүүрээс ч илүү хямд үнээр хүссэн зүйлээ худалдан авах боломжтой;
  • Хэзээ л бол хэзээ, Хаанаас л бол хаанаас гэх дүрэм үйлчилнэ. Шөнө дунд ч нойр хүрэхгүй үед дэлгүүр хаасан байна гэх айдасгүй, ажлын байран дээрээ ч стрессээ тайлах зорилгоор худалдан авалт хийх боломжтой.

Борлуулагчийн тухайд:

  • Дэлгүүртэй болохын тулд олон бараа бүтээгдэхүүнтэй байх шаардлагагүй, Жижиглэнгээр ч бараагаа борлуулж болно;
  • Худалдан авагч ирэх болов уу гэж хүлээх шаардлагагүй;
  • Дэлгүүрийн талбай түрээслэх шаардлагагүй;
  • Худалдагч ажлуулахгүй нь хэрэгцээгүй зардлыг хэмнэнэ;
  • Хэзээ л бол хэзээ, Хаанаас л бол хаанаас гэх дүрэм борлуулагчид ч мөн үйлчилнэ;
  • Хүргэлтийг нэг өдөр төвлөрүүлэн хүргэж өгөх боломжтой. Эсхүл хүргэлтийн компани таны энэ үүргийг хөнгөвчилнө;
  • Таны бараа дэлгүүрт зарагддаг шигээ хадгалалт болон байршуулан тавьснаас үүдэн элэгдэх зэрэг эрсдэлийн хэмжээг хэд дахин багасгана гэх мэтчилэн цахимаар худалдаа эрхлэх нь бидний өдөр тутмын амьдралыг хэчнээн их хөнгөвчилж байгааг тоочоод байвал барагдахгүй билээ.

Гэхдээ цахим худалдаа хөгжихийн хирээр худалдаа эрхлэгчдийн зүгээс хэрэглэгч нартаа зориулсан тусгай нөлөөллийн маркетингийн бодлогод хүмүүс автаж олон хэрэгцээгүй худалдан авалт хийж байна. Ялангуяа эмэгтэйчүүд нийт цахим худалдан авалтын 78.6 хувийг эзэлдэг байна.

Хайсан зүйлээ олсон ч өөр зүйлсэд сэтгэл татагдана.

Цахим хэрэглээг ашиглан хайх гэсэн товчлуурыг дараад л та хүссэн зүйлээ олох болов ч таны хайлтыг дагалдан өөр бусад бүтээгдэхүүний мэдээлэл цахим хуудасны талаас их хувьд нь гарч ирдгийг та анзаарсан уу?

Харахад таны хайсан зүйл компьютерийн дэлгэцийн талаас их хувийг эзэлсэн мэт боловч хаа сайгүй таны сонирхлыг татах олон өөр бараанууд таныг л авахыг хүлээж буй мэт өнгө өнгөөр алаглана.

Мэдээж та яаж зүгээр байх уу өөр зүйлсийг сонирхоод үзье гэж бодон секунд бүрд өөрчлөгдөх бусад бараанууд дээр дарж үзнэ. Ийнхүү аялснаар та өөрөө ч мэдэлгүй анх авахыг хүссэн бараагаа биш тэс өөр зүйлсийг сагсандаа хийн худалдан авна.

Энэхүү маркетингид ихэвчлэн эмэгтэй хүмүүс өртөх бөгөөд тэдний тархины процессийн онцлогийг ашиглан бий болгосон нөлөөллийн арга юм. Эмэгтэй хүний тархины нэг онцлог нь тэдний хувьд олон зүйлсийг зэрэг бодож, олон ажлыг амжуулахыг хүсч байдаг. Жишээ нь тэд хумсаа будах зуураа хүнтэй утсаар ярьж, оройн хоолонд юу хийхээ шийдэж байдаг гэвэл та итгэх үү. Үүний нэгэн адилаар эмэгтэйчүүд дэлгүүрт орохдоо анх ганцхан хүүхэддээ оймс авна гэж орсон бол нэгэнт дэлгүүр орсон юм чинь өөр бусад гэр бүлийн хүмүүстээ ч юм авахыг илүүд үздэг.

50%-90%-ийн Хямдрал гэх том улаан бичигт дуртай.

Шинэ жил, цагаан сар, наадмын хямдрал гээд жилийн 4 улиралд тохиох баярын хямдрал бидний худалдан авалтад хамгаас их нөлөөлдөг болохыг та ч би ч мэдэхийн дээдээр мэднэ. Үүний гол хүчин зүйл нь баярт биш өмнө байсан үнээсээ хэд дахин хямдарсан гэх өгөөшид байгаа билээ.

Нэгэн судалгаагаар хүмүүсийн сонголт хийх чадварыг туршиж үзжээ. Хэрэв хүмүүсийг уг үнэ нь 3 доллар болон 4 долларын бүтээгдэхүүн 2-ын хооронд сонголт хийхийг хүсвэл бүгд л хямдханыг нь сонгох нь ойлгомжтой. Гэвч урьд нь 8 доллар байсан гэх үнэтэй бүтээгдэхүүн 50% хямдран 4 доллар болсон байгааг харвал бид хажууд нь байх бусад илүү хямдхан бүтээгдэхүүнийг тоохгүй орхих магадлал 88% байдаг.

Яагаад гэвэл энэ нь орчны нөлөө юм. Энэ нөлөөллийг ашиглан дэлгүүрүүд зарагдахгүй байгаа барааны үнийг нэмж 50% хямдарсан гэж зарладаг. Энэ өгөөшид ч бид нар хурдан өртөж, нөгөө зарагдахгүй байсан барааг хормын дотор ховрын бараа мэт худалдана.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хямдарсан бараа худалдан авах нь хүний тархинд архи, хар тамхи, идэх юманд донтохтой ижил нөлөөлөл үзүүлдэг хэмээн үздэг байна. Иймд интернетээр худалдан авалт хийхдээ та өөрийгөө хямдрал гэх үгэнд хэр донтож байгаагаа ажиглаад нэг үзээрэй. Түүнчлэн “багц, ердөө, төгрөг” гэх үгсийн нөлөө ч дээрхтэй ижил юм.

Худалдан авалт нь заримдаа сэтгэл гутралын шалтгаан ч болно.

СанФранцискогийн хэрэглэгчийн сэтгэл зүй судлаач Kit Yarrow-ийн үзэж байгаагаар хүмүүс худалдан авалт хийх үед хүний тархи архи эсвэл хар тамхи хэрэглэсэн мэт аз жаргалыг мэдрэх боловч тухайн үед хийх шийдвэрүүд нь тийм ч ухаалаг биш болохыг онцолжээ.

Учир нь ихэнх худалдан авагчид сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалт хийдэг нь гэртээ хариад авсан зүйлсээ харах үед огт хэрэгцээгүй олон зүйл худалдан авснаа анзаарахад хүрдэг байна.

Энэ байдал нь архи хэрэглэсний дараах “Би дахиж л архи уухгүй ээ” гэх сэтгэл гутралын мэдрэмжтэй ижил гэмшлийн мэдрэмж байдаг ч худалдан авалтаас үүдэх сэтгэл гутрал нь бие мах бодиор биш санхүүгийн дарамтаар илэрдэг тул хүмүүс дараа долоо хоног гэхэд дахин худалдан авалт хийхэд бэлэн байдаг нь сонирхолтой юм. Зарим хүмүүс эсрэгээрээ гэмшил мэдэрсэн даруйдаа дахин худалдан авалт хийж сэтгэлээ сэргээх тохиолдол ч их гэнэ.

Худалдан авалт өөрөө л хүнийг татах увдистай, тэгвэл энэхүү увдисыг цахим хэрэглээ ид шидийн мэт амар хялбар болгож байгаа нь бүр ч гайхамшигтай. Гэхдээ л бидний худалдан авалт дэлгүүр хэсч байх үедээ сонголтоо хийж шийдвэр гаргахад хүнд байдаг бол цахимаар шийдвэр гаргахад ямар байх бол та үүнийг бодоод нэг үзээрэй.

Сэтгэл зүйч Д. Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж:

1.      Liraz Margalit Ph.D. The Rational Model and Online Decision Making (2014)

2.      Liraz Margalit Ph.D. If You Want to Win Over Customers, Appeal to Their Emotions (2018)

3.      Alina Dizik: Shopping a sale gives you the same feeling as getting high( 2016)

4.      Интернет худалдаа Монгол улсад (2017)

Ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлэх уралдаанСургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэгтэй юу – судалгаа