Таны ч таамаглаагүй цахим сүлжээний нөлөөллүүд

September 26, 2018

Та хамгийн сүүлд хэзээ алс хол суугаа хэн нэгэндээ захиа бичсэн бэ? Эсхүл өглөөний цай дээрээ сонингийн хуудас эргүүлж суунгаа дэлхийн эргэн тойронд юу болж буй сонин хачин мэдээллийг олж уншсан үеийг санаж байна уу? Үнэн хэрэгтээ дээрх үйлдлүүдийг бид саяхан л хийж байсан ч технологийн хурдацтай хөгжлөөс үүдэн бидний нийгэмтэй харилцах харилцаа асар ихээр өөрчлөгдөж байна.

Одоогоор дэлхийн нийт хүн амын 40% буюу 3 тэрбум гаруй хүн өдөрт дор хаяж 2 цагийг  интернет орчинд өнгөрөөж байна. Ихэнх цахим хэрэглэгч нар нийгмийн сүлжээндээ цагийг өнгөрөөхийг илүүд үзэх болжээ. Үүнээс харахад бидний өдөр тутмын амьдрал интернетгүй байна гэдэг төсөөлшгүй зүйлийн нэг юм. Ухаалаг утас нь бидний биеийн нэг эрхтэн болсон мэт. Энэ их шинэ технологийн хэрэглээ хүн төрөлхтний зарим нэг чадварууд болон өсөлт хөгжилд эерэг болон сөргөөр нөлөөлж эхэлснийг эрдэмтэд нотлоод байна.

  1. Хүмүүсийн дэлгэцээс унших чадвар хурдасч байна.

Та бүхэн 20-р зууны суут хүмүүс ном уншихдаа мөр мөрөөр нь эсхүл нэг хуудсыг нь секундийн дотор уншдаг байсныг мэдэх үү? Энэ нь тэдний харааны багтааж сайнаас үүдэлтэй бөгөөд тэд аливаа мэдээллийг гүйлгэж уншдаг байсан. Үг нэг бүрчлэн уншихгүй ч хэрэгтэй үгнүүдийг түүн ойлгох чадвартай байжээ.

Тэгвэл орчин үеийн залуусын харааны багтаамж цахим хэрэглээний нөлөөгөөр зөвхөн техникийн орчинд хөгжиж байна. Цахим хэрэглэгчид маань интернетээс мэдээлэл олж уншихдаа хэрэгцээтэй үгээ сонгон уншиж ерөнхий утгаар нь мэдээллийг хүртэх болсон. Гэхдээ мэдээж энэ нь мэдээллийн хурдацтай хөгжиж байгаа энэ үед сайн зүйл мэт боловч зарим тохиолдолд мэдээллийн доторх гүн агуулгыг орхигдуулах аюултайгаас гадна уншсан зүйлээ насан туршийн мэдлэг болгон ой тоондоо ортол хүлээж авахаа больсон.  Энэ нь мэдээж хэрэг бид google-д хэт их найдах болсонтой холбоотой.  Орчин үед Google бол бидний хувьд зөөврийн хаард л гэсэн үг. Хүссэн үедээ хүссэн мэдээллээ хайн гаргаж ирж болж байхад юм бүхнийг тогтоон цээжлэх шаардлагагүй санагдах хэдий ч тэр тийм ч сайн зүйл биш юм.

  1. Таны хүүхэд магадгүй нурууны гажигтай болж ч магадгүй.

Нью Йоркийн мэс засалч Kenneth Hansraj- ийн сүүлийн үеийн судалгаагаар хүн гар утасруугаа 60 градус доош тонгойн харахад хүзүү болон нуруунд 23 кг ачаалал ирдэг. Иймд урт хугацаагаар гар утсаа ширтэх нь нурууны өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хэрэв таны хүүхэд бага наснаасаа эхлэн гар утас ширтэх болсон бол тэдний хувьд төрөлхийн нурууны гажигтай болох эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

  1. WIFI-ын хөгжил эр хүний үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлж байна.

Цахилгаан соронзон долгион хүний биед муу нөлөөтэй гэдгийг дэлхий нийт мэддэг боловч тэр бүр яг ямар гаж нөлөөтэйг төдийлөн мэдээд байдаггүй. 2011 оны судалгаанаас харахад урт хугацаагаар компьютерийн урд сууж ажилладаг эрчүүдийн үр тогтоох чадвар эрүүл эр хүнийхээс хэд дахин буурсныг тогтоожээ. Үүнээс гадна Английн Эксэтэр (University of Exeter) Их Сургуулийн судлаачид гар утсаа байнга өмднийхөө халаасанд хийж явдаг эрчүүдийн эр бэлгийн эсийн хурд буурахаас гадна эсийн тоонд өөрчлөлт орсон байсныг онцолсон байна.

  1. Дэлгэцийн цаанаас хэн ч нүүрэмгий болдог байна.

Хүн бүр амьд харилцаанд орохдоо айж ичих тохиолдол их тулгардаг. Тэгвэл цахим нийгмийн сүлжээнд оролцогчид бие биенээ харахгүйгээр харилцах нь тэдний харилцааг илүү нээлттэй болгохоос гадна, илүү нүүрэмгий болгодог болохыг цахим зан үйл судлаачид илрүүлсэн байна.

Үүнээс гадна цахим сургалтад хамрагдсан оюутнууд багштайгаа илүү илэн далангүй харилцаж, өөрийн хүссэн асуултыг ичиж зоволгүй асуудаг байна. Энэ нь сурах чадварт сайн нөлөө үзүүлж байж болох талтай гэж эрдэмтэд онцолжээ. Гэхдээ мэдээж хэрэг сайны хажуугаар саар гэгчээр судлаачдын үзэж буйгаар хүн төрөлхтөн өдрөөс өдөрт нүүр нүүрээ харж харилцах чадвараа алдаж байна хэмээн анхааруулан мэдэгдсэн байна.

  1. Хүний гайхширах, таашаах мэдрэмж муудаж байна.

Бидний өвөө эмээгийн үед шинэ содон зүйлсийг хүмүүс харахдаа уулга алдан хүлээн авдаг байсан бол одоо үед хүмүүсийг гайхшируулах их амаргүй болсон. Ийм учраас кино театруудад илүү их эффект ашигласан кино олны талархлыг хүлээж байж болох талтай.

Энэхүү нөхцөл байдлыг судлаачид мэдээллийн хэт их урсгалтай холбон тайлбарлаж байна. Та ухаалаг л утастай бол дэлхийн шилдэг гэх бүхий л зүйлсийг хормын дотор олж үзэх боломжтой болсонтой холбоотой. Нөгөөтээгүүр хүмүүс шинэ содон зүйлийг хүлээн авахдаа гар утсандаа бичиж нийгмийн сүлжээндээ байршуулахыг илүүд үзэж байгаагаас бус өөрөө тухайн мөчид мэдрэх ёстой гэдгээ мартдаг байна. Энэ нь нэг талаараа хүн хүнээ гэж онцлох мэдрэмж ч өдрөөс өдөрт буурч буйг илтгэж байж болох юм.

Иймд хүмүүс өөрийгөө хөгжүүлэхэд цахим хэрэглээг ашиглахаас биш ирээдүйд роботон хүн болохын тулд ашиглахгүй байгаасай гэж хүснэм.

Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж:

  1. Adam Wears: The 5 Weirdest Ways the Modern World Changed Human Behavior (2015)
  2. Lindsay Holmes: Sneaky Ways Technology Is Messing With Your Body And Mind (2017)
  3. Jessica Brown: Is social media bad for you? (2018)
Сошиал медиагийн шинэ найзаа яаж таних вэ?Хүүхэд бүрийн эцэг эхээсээ нуудаг цахим үйлдлүүд