Өөрийнхөө нууцыг хүртэл дэлгэмээр байх юм

August 27, 2018

Нийгмийн сүлжээнд өөрийн амьдралын цаг мөч бүрийг бусдад дэлгэх дуртай хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хачирхалтай нь хүмүүс үүнийг огтхон ч тоохоо больсон. Харин ч эсрэгээрээ энэхүү үйлдлийг даган дуурайгчид нэмэгдэх болсон. Та бүхэн анзаараад нэг үзээрэй, нүүр номын 10 пост тутмын 7 нь өдрийн хоолондоо юу идсэнээ, хэнтэй хаагуур яг тухайн мөчид юу хийж байгаагаа, хүүхдийнхээ юу хийж байгаа болон нийгэмд болж байгаа үйл явдалд бухимдаж буй талаар бичсэн сэтгэгдлүүд хөвөрнө.

Үүнээс харахад хүмүүс ийнхүү нийгмийн сүлжээнд пост оруулах нь зүй ёсны хэрэг үү, эсхүл уншигчид болон дагагчид нь эдгээр хүмүүсийг хэтэрхий их пост оруулахад нөлөөлж  байна уу? Энэ нь бодууштай л асуудал. Ямартай ч нийгмийн сүлжээнд өөрийн амьдралын тухай нуулгүй хэт дэлгэдэг хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг бүгдээрээ энд авч үзье.

Сэтгэл хөдлөл өндөр хүмүүс

Өөрийнхөө сэтгэгдлийг хайр найргүй хуваалцдаг хүмүүсийн ихэнх нь сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Тэдний хувьд нүүр ном, твиттер бол өөрийн сэтгэл хөдлөлийг илчлэх гол талбар нь юм. Яагаад гэвэл, хэрвээ тэд хэт их сэтгэл хөдлөлөө амьд харилцаанд шууд  чөлөөтэй илэрхийлбэл бусад хүний хариу үйлдэл нь тэдэнд төвөгтэй учир цахим ертөнц нээлттэй хялбар санагдана.

Сонирхолтой нь цахим орчин дахь зан үйл судлалын судлаачид нийгмийн сүлжээнд өөрийн постолсон зүйлээс болж хүмүүс хэр их харамсдаг талаар судалж үзэхэд судалгаанд оролцогчдын 52% нь буюу 25 наснаас доош насныхан, 32% нь буюу 25-аас дээш насныхан харамсдаг талаараа дурджээ. Хүйсийн хувьд мэдээж хэрэг сэтгэл хөдлөл өндөр эмэгтэйчүүд дийлэнх байр суурийг эзэлсэн байна. Үүнээс дүгнэхэд ихэнх харамсмаар үйлдлүүдээ бид өсвөр насандаа гаргадаг байж болох юм.

Анхаарал халамж дутах мэдрэмж өндөр хүмүүс

Хүүхэд эцэг эхийнх нь хайр халамж дутагдсан үед тэдний анхаарлыг татахыг хичээдэг. Түүнчлэн өөрийн мэдэлгүй дүрсгүйтэж, хэдийгээр тухайн үйлдэл нь бусдын дургүйг хүргэх байсан ч хамаагүй томчуудын анхаарлыг өөртөө татахыг оролддог.

Үүний нэгэн адил заримдаа хүмүүс анхаарал халамж дутсан үедээ бусдыг цочроох өөрийн хувьд үнэ цэнэтэй ч хамаагүй нууцыг бусдад ил тод дэлгэчихдэг. Энэ үйлдэл нь нийгмийн сүлжээнд нэлээдгүй түгээмэл юм.

Иймд хэрэв таны эргэн тойронд өөрийнхөө бүхий л нууцыг хаа хамаагүй дэлгэдэг хэн нэгэн байгаа бол та түүнд анхаарал халамж дутсан эсэхийг шалгаад нэг үзээрэй. Ихэнх тохиолдолд иймэрхүү үйлдэл гаргагчид өсвөр насныхан байдаг бөгөөд тэр дундаа охидууд байх магадлал өндөр юм.

Эгосист хүмүүс буюу “Би” төвт хүн

Нийгмийн сүлжээндээ цаг мөч бүр өөрийнхөө юу хийж, хаагуур яваа тухай постолж байвал ихэнхдээ “Би” төвтэй хүмүүс юм. Хэн нэгэн тэдний талаар мэдэхгүй, тэднийг магтахгүй байх үед тэд сэтгэл зүйн гүн дарамтад ордог. Иймд бусдын анхаарлыг өөртөө татахын тулд цаг минут тутамд өөрийн нийгмийн сүлжээн дэх мэдээллээ шинэчилнэ. Нөгөөтэйгүүр байнгын шинэчлэл хийдэг хүмүүс ихэнхдээ хэт уйдамхай хүмүүс байдаг байна.

Мэдээллээ хэт их шинэчлэх, өөрийн үйлдэл бүрийг бусдад ний нуугүй дэлгэх нь нэг талаараа сэтгэл зүйн асуудалтай болох гэж байгаа анхны дохио юм. Ийм үйлдэл нь хэтрэх үед анхаарал сулралтай болох эсхүл FOMO-той /Fear of Missing Out буюу мэдээллээс хоцрохоос айх түгшүүр/ болж байх магадлалтай.

Мэдээж хэрэг шинэ эрин үед хүмүүс өөрийнхөө нийгмийн сүлжээнд ямарч мэдээллийг бусадтай хуваалцах нь хүний эрх ч зарим талаараа өөрийн мэдээллийг бусдад хэт их хуваалцах нь хэд хэдэн сөрөг талтай.

  1. Өглөөний цайнд юу идсэн, өдөр юу хийх гэж байгаа тухай нэгд нэгэнгүй мэдээлэх нь таны найз нөхөрлөлийн харилцаанд сөрөг нөлөөтэй.

Сэтгэл судлаач Stephen Rains-ны саяхны судалгаагаар хэрэгтэй, хэрэггүй мэдээллээ бусадтай хэт их хуваалцах нь дотны харилцаанд сөрөг нөлөөтэйг олж илрүүлжээ. Түүний судалгаанд оролцогчдын найз нөхдөөс нь хэн нэгнийг сонгон авч түүний нүүр номд оруулж буй постод дүн шинжилгээ хийж үзжээ.

Судалгаанд оролцогчид дотны найзынхаа нийгмийн сүлжээнд нийтэлж буй өдөр тутмын жижиг сажиг мэдээллээ хэт их оруулдагт дургүй хандаж байсан нь сонирхол татжээ. Учир нь тэдний хувийн мэдээлэл нь найзынх нь постоор дамжин бусдад алдагдах магадлалтай байна.

Харин судлуулагчийг интернет орчинд дагаж буй бусад хүмүүст түүний найзынх нь постолсон мэдээлэлд төдийлөн анхаарал хандуулдаггүй байна. Иймд хэрэв та өөрийн нийгмийн сүлжээний статус дээр мэдээлэл оруулах гэж байгаа бол дотнын хэн нэгнийг буруугаар ойлгуулах мэдээлэл тавихгүй байхыг хичээгээрэй.

  1. Сөрөг мэдээлэл оруулахаас аль болох татгалзах хэрэгтэй

Хэдийгээр нийгмийн сүлжээ зарим хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх сайхан талбар ч өөрийн бүхий л сэтгэл хөдлөл, мэдрэмжийг бусадтай нээлттэй хуваалцах нь тийм ч сайны дохио биш юм.

Нэгэн судалгаанд 177 оюутныг оролцуулаад тэдний нүүр номын постод хариу үйлдэл үзүүлж буй дагагч нарын мэдээлэл дээр анализ хийж үзэхэд, уншигч дагагч нар сөрөг мэдээлэлд тийм ч таатай хандаагүй бөгөөд хэр их сөрөг мэдээлэл оруулна тухайн хүнийг үнэлэх үнэлэмж буурч буйг олж илрүүлжээ. Тиймээс сэтгэл хөдлөлтэй байгаа үедээ аль болох нийгмийн сүлжээндээ мэдээлэл оруулахаас татгалзвал зохимжтой.

  1. Хэт их өөрийгөө дөвийлгөсөн мэдээлэл бусдын дургүйг хүргэх болно.

Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэгчээр энэ зүйр үг нийгмийн сүлжээнд ижилхэн нөлөөлөл үзүүлдэг болохыг судлаач Gwendolyn Seidman болон түүний хамтрагчид олж илрүүлжээ. Хэрэв та нийгмийн сүлжээнд их дагагчтай болохыг хүсч байгаа бол миний бодлоор гэж бичихээс илүү гуравдагч этгээдийн үүднээс асуудалд хандаж буй мэт постоо бичих, өөрийнхөө зургийг цаг ямагт оруулахаас илүү байгаль орчин, өөрийн харах өнцгөөс зураг авч постлох нь дагагч нарын сайшаалыг илүүтэй хүртэнэ. Иймд нийгмийн сүлжээндээ бусдыг татаж, бусдад эерэг сэтгэгдэл үлдээхийг хүсэж байвал өөрийгөө хэт дөвийлгөх хэрэггүй л болов уу.

Эцэст нь хэлэхэд нийгмийн сүлжээ үнэхээр л чухал мэт боловч хүмүүсийн амьд харилцаа нь илүү чухал бөгөөд бидэнд амьдралын амтыг илүү мэдрүүлдэг билээ. Иймд нийгмийн сүлжээндээ ямар мэдээлэл оруулах вэ гэж бодлогоширч суухын оронд өөрийн дотнын хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөөж дурсамж дүүрэн амьдрахыг танд зөвлөе.

Сэтгэл зүйч Д. Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж:

  1. Gwendolyn Seidman: How Much Is Too Much to Share on Social Media?(2015)
  2. Peggy Drexler: The Problem Isn’t Over-Sharing. It’s Over-Following (2014)
  3. Sandi Mann: The Psychology of “Over-Sharing” (2015)
Сурагчдын ухаалаг хэрэглээ – судалгааКомпьютерийн ард хэрхэн суух вэ?