Фэйсбүүкийн залилан

January 03, 2018

Нэг өглөө сэрэхэд фэйсбүүкийн мессенжирт “найзад нь яаралтай мөнгө хэрэг боллоо, эсхүл найздаа мөнгө зээлээч” гэх мессежийг таны өмнөөс олон хүнд илгээсэн байхыг олж мэдэх тэр мэдрэмж ямар байх бол?

2017 он гарсаар иргэдийн сошиал хаягт хууль бусаар нэвтэрч тухайн фэйсбүүкийн хэрэглэгчийн өмнөөс ойр дотны хүмүүс рүү нь мөнгө нэхсэн залилангийн гомдол одоогоор 20 орчим иргэн ирүүлснийг цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна.

Сүүлийн үед цахим сүлжээний залилан хамрах хүрээгээ тэлсээр байна. Энэ төрлийн залилан нь гол төлөв таны нийгмийн сүлжээн дэх нэр, зургийг хуулбарлан шинэ хаяг нээж таны өмнөөс найзуудаас тань мөнгө зээлэх эсхүл бидний гэнэн цайлган зангийн илрэл болох фэйсбүүкийн нууц үгээ хэт амархан хийснээс болж бусдад боломж олгосноор энэхүү гэмт хэрэг даамжирдаг.

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар дэлхий дээр нийт 2,07 тэрбум фэйсбүүк хэрэглэгчид байна. Үүнээс 60 сая фэйсбүүк хаяг хуурамч болон давхацсан байгааг  “Фэйсбүүк” компани өөрөө хүлээн зөвшөөрч мэдээлэл хийжээ. Тодруулбал 10 хувь нь тодорхой хэмжээгээр ашиглагддаг давхацсан хаяг, 2-3 хувь нь хуурамч хаяг байна. Эдгээр үзүүлэлт нь даруй өнгөрсөн оноос өссөн үзүүлэлт, мөн фэйсбүүкээр дамжин гарах нийт гэмт хэргийн тоо эрс ихэсчээ.

Энгийн фэйсбүүк хэрэглэгч бид өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд тодорхой хэмжээний мэдлэгтэй байхад илүүдэхгүй тул хуурамч фэйсбүүкийн хаягийг хэрхэн  илрүүлэх талаар  дараах хэдэн зөвлөгөөг танд хүргэе.

Инээсэн бүхэн найз биш гэдгийн тод жишээ бол олон дагагчтай болж харагдахын тулд фэйсбүүк хэрэглэгч нар маань найзын хүсэлт явуулсан хүн бүрийг бүртгэж авдаг. Тэгвэл энэ үйлдэл тань таныг болон таны дотны хүмүүсийн мэдээлэл алдагдах гэмт хэргийн золиос болгох эхний үе шат юм.

Хэрэв та шинэ танилаа найзаараа бүртгэх гэж байгаа бол тухайн хүний мэдээллийг шалгаж үзэхэд илүүдэхгүй болов уу. Иймд танд гэж хэлэхэд тухайн хүний мэдээллийг дараах байдлаар шалгаж болох юм.

  • Хэзээнээс эхлэн фэйсбүүкийн хэрэглэгч болсныг нь “timeline” хэсгээс хайж үзэх боломжтой. Ихэнх хуурамч хаяг ашиглагчид фэйсбүүк хуудсанд 1 өдөр хэт их мэдээлэл хийдэг иймд оруулсан мэдээллийн давтамжийг сайн анзаарах хэрэгтэй.
  • Найз нөхдийн хүрээлэл дунд таны таньдаг хэдэн хүн байгааг хайж үзэх.

Хэчнээн таны найз нар тухайн хэрэглэгчийн найз байлаа ч гэсэн та яг хэдэн найзтай байгаа тоон дээр ач холбогдол өгөөрэй. Яагаад гэвэл бодит фэйсбүүк хэрэглэгчийн найзын тоо 100-400 хооронд байдаг. Харин хуурамч фэйсбүүк хэрэглэгч ихэвчлэн дунджаар 600-аас дээш найзын хүрээлэлтэй байдаг.

  • Профайл зургаас нь та хуурамч хэрэглэгч эсэхийг хялбархан мэдэж болно.

Тухайн хэрэглэгчийн профайл зургийг та google зураг хайгч програмыг ашиглан жинхэнэ зураг уу эсвэл татаж авсан зураг эсэхийг шалгах боломжтой. Хэрэв татаж авсан зураг байх нь илэрвэл энэ бол хуурамч фэйсбүүк хэрэглэгч байх магадлал өндөр юм.

  • Хэрэв та сайтар анзаарч чадвал хуурамч фэйсбүүк хаягтай хүмүүс мэдээллээ оруулахдаа нийтлэг хэдэн алдаа гаргадаг. Үүний жишээ нь тэдний төрсөн өдөр юм. Ихэнх хуурамч хаягтай хүмүүс төрсөн өдрөө 1 дүгээр сарын 1 хэмээн хийсэн байх нь элбэг юм. Үүнээс гадна тэдний сурч байсан сургууль, ажлын газрын тодорхойлолтоо хэт дөвийлгөх, эсхүл өөрийн гэрийн ойролцоо байх хаягуудыг сонгосон байдаг. Эдгээр мэдээллүүдийг ашиглан та бодит болон хуурамч хэрэглэгчийг хялбархан таних боломжтой.

Фэйсбүүкийн хэрэглэгч нарын гэмт хэрэгт өртөх болсон өөр нэг шалтгаан бол яахын аргагүй хэн нэгэн таны фэйсбүүк хаягаар нэвтэрч, таны өмнөөс эрсдэлд үйлдлийг хийх явдал юм. Тэгвэл энэ боломжийг бид өөрсдөө тэдгээр гэмт хэрэгтнүүдэд олгож байна. Үүний тод жишээ нь таны фэйсбүүк хаягийн нууцлал хэтэрхий хялбар байгаагаас нууц үгээ алдах эрсдлийг 75 дахин ихэсгэдэг. Ихэнх фэйсбүүк хаягтай холбоотой гарч байгаа хэргүүдийн  45 хувь нь таны өөрийн нууцлал сул, нууц үгээ хэтэрхий хялбараар хийсэнтэй холбоотой. Танд л гэж хэлэхэд таны банкны картны нууц үг, и-мэйл хаягийн нууц үг хэрхэв ч таны төрсөн өдрөөр хийж болохгүйг анхааруулья.

Сүүлийн үеэд нууцлалыг хадгалах хамгийн энгийн арга нь нууц үгээ сар бүр солих явдал юм. Гэхдээ энэ нь та өөрөө нууц үгээ мартах магадлалтай тул Iphonecenter-ийн нийтэлсэн “Facebook хаягаа хэрхэн хамгаалах вэ?” нийтлэлийн зөвлөмжийг дагаад үзээрэй.

Мөн таны хэнэггүй үйлдэл өөрийг чинь эрсдэлд оруулж байдаг тул та хаанаас ч, хэний ч хамаагүй төхөөрөмж ашиглан фэйсбүүк хаягаараа нэвтрэх үйлдэл хийх нь  маш том эрсдэлийг дагуулж байдаг. Энэ тохиолдолд заавал хааж өөрийн хаягаас гарч сурах хэрэгтэй, Та анзаарсан бол фэйсбүүк автоматаар таны нууц үгийг санан нэвтрэх үйлдлийг хийхэд шууд таны хаягаар дахин нэвтэрдэг. Тиймээс фэйсбүүк хаягаа тогтмол нэг төхөөрөмжтэй холбох, бусдын төхөөрөмжийг аль болох ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв нэгэнт фэйсбүүк хаягаа бусдад алдсан бол даруй фэйсбүүкийн үйлчилгээний төвд хандан өөрийн гомдол хүсэлтийг мэдүүлэх боломжтой, Гэхдээ энэ үйл явц нь их төвөгтэй, хугацаа их шаардсан байдаг тул танаас их тэвчээр шаардагдах болно. Харин та өөрөө асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд таны хаягаар нэвтэрсэн IP хаягийг илрүүлэх программ ашиглаж сурахад хангалттай юм. Түүнчлэн өөрийн хаягийг блок болгон хаах хүсэлтийг фэйсбүүкоос хүсч болно.

Бидний өдөр тутмын амьдрал цахим хэрэглээнээс холдохын аргагүй болсон тул нийгмийн сүлжээний аюулгүй байдлыг хангахын тулд өөрөөс шалтгаалж болох бүх хамгаалалт, нууцлалыг хийж цахим ертөнцтэй хянамгай хандаж сурах нь одоогийн байдлаар та өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн шилдэг арга юм.

Сэтгэл судлаач Д. Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж:

  1.  Г.Баярцэцэг. Цахим орчин дахь залилан. (2017)
  2. Б. УЛАМБАЯР.Гадаадын цахим луйварчид монголчуудын 80 сая гаруй төгрөгийг залилсан(2017).
  3. Facebook хаягаа хэрхэн хамгаалах вэ?(2017.11)
  4. DAVID Z. MORRIS. Facebook Admits at Least 12% of Accounts Are Fakes or Duplicates (2017.11)
  5. Mohit Chauhan.Identify Fake Facebook accounts with these simple tricks( 2016)
Цахим гадуурхалын хананы цаана хүүхдийн ирээдүй сүүдэртэйLIVE хийж байна манайхан байна уу? ороод ирээрэй