Цахим орчин дахь зүй бус үйлдлийн 2017 оны төлөв, сургамж: АНУ, Английн жишээ

December 19, 2017

Удахгүй 2017 он улирч, 2018 он гарахаар айсуй энэ цагт цахим орчин дахь зүй бус үйлдэл, хүчирхийллийн төлөвийг тоймлон харах нь зүйтэй юм. Ингэснээр 2018 онд хүүхэд, өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчид цахим орчин дахь зүй бус үйлдлийн хохирогч болохгүй байх, цахим орчны дарамт хир хэмжээнд хүрснийг ойлгох ач холбогдолтой билээ.

Гэхдээ Монгол Улсад энэ чиглэлийн тухайлсан судалгаа, тойм байхгүй тул АНУ, ИБУИНВУ (Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улс)-ын иргэдээс авсан судалгааны үр дүнгийн жишээн дээр энэхүү тоймыг бэлтгэлээ. Энэхүү судалгаанд АНУ-ын 18-аас дээш насны 20,554 хүн оролцсон бөгөөд ИБУИНВУ-ын Англи, Шотланд, Уэлс, Хойд Ирландын 18-аас дээш насны 21,098 хүн оролцжээ.[1]

  • Судалгаанд оролцогсдын 50 гаруй хувь нь фэйсбүүк дээр хамгийн их зохисгүй зан үйлтэй биечлэн тулгарчээ (АНУ-д 54.5%, ИБУИНВУ-д 55.1%).
  • Мөн 18-24 насны оролцогсдын 40 гаруй хувь нь цахим орчинд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэлтэй биечлэн тулгарсан (АНУ-д 45.2%, ИБУИНВУ-д 40.6%).
  • Бүх эмэгтэй оролцогсдын 60 гаруй хувь нь фэйсбүүк дээр хамгийн их зохисгүй зан үйлийг үзжээ (АНУ-д 61.1%, ИБУИНВУ-д 61.9%).
  • 25-34 насны оролцогсдын 30-40 орчим хувь нь цахим орчинд ижил хүйстнийг эсэргүүцэж, үзэн ядсан зан зүйлийг үзсэн бол (АНУ-д 39.8%, ИБУИНВУ-д 29.6%).
  • 18-24 насны оролцогсдын 30 гаруй хувь нь цахим орчинд шашин шүтлэгээр нь тохуурхах зохисгүй зан зүйлийг үзэж (АНУ-д 35.7%, ИБУИНВУ-д 31.5%).
  • Түүнчлэн 18-24 насны оролцогсдын 40 орчим хувь нь цахим орчинд дээрэлхэх, доромжлох, дарамтлах зохисгүй зан зүйлийг үзжээ (АНУ-д 39.6%, ИБУИНВУ-д 37.8%).

Эндээс харахад, аль улс байхаас үл хамааран цахим орчин дахь дарамт, зүй бус үйлдлийн эзлэх хувь, хэмжээ төдийлөн ялгаагүй байх бөгөөд хэлбэрийн хувьд олон янзаар илэрч байна. Энэ байдлаас болж хүмүүсийн 28% нь цахим сүлжээн дэх нууцлалын тохиргоог өөрчилсөн буюу дахин сайжруулан тохируулсан бол, 27% нь цахим орчинд мэдээлэл, зураг оруулахгүй байхаар шийдсэн, 16% нь цахим орчин дахь нээлттэй мэдээллээ өөрчилсөн буюу нуусан, 47% нь дээрх үйлдлийн аль нэгийг хэрэгжүүлсэн байна.[2]

Ийнхүү цахим орчинд гадуурхал, зохисгүй үйлдэл их давтагдаж буй шалтгааныг судалгаанд оролцогсод дараах байдлаар тодорхойлсон байна.[3] Үүнд: 1/ сэтгэцийн болон сэтгэл хөдлөлийн стресс; 2/ найз нөхөд, гэр бүлтэй холбоотой асуудал; 3/ тухайн нэг хүний нэр хүндэд халдах буюу хохирол учруулах; 4/ хайр дурлалын харилцаатай холбоотой асуудал; 5/ ажил, сургууль дээрх асуудал; 6/ санхүүгийн алдагдал; 7/ ажилгүйдэл; 8/ бусад хүчин зүйл.

Харин хэн дээрх шалтгаанаар цахим орчинд зохисгүй, зүй бус зан авир гаргаж буйг судлахад, тийм хүмүүсийн 34% нь гаж буюу танхай этгээд, 31% нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүн, 26% нь танил, 18% нь найз, 11% нь гэр бүлийн гишүүн, 7% нь өмнө нь үерхэж байсан хүн, 5% нь хамт ажилладаг хүн нь байжээ.[4]

Эндээс дүгнэхэд, 2018 онд цахим орчинд айдасгүй, санаа зовох зүйлгүй байхын тулд дараах алхмыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Үүнд:

  • Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээнд нууцлалын тохиргоо хийх буюу тийм тохиргоог сайжруулан шинэчлэх;
  • Цахим орчинд зохисгүй зан үйлдэл гаргаж буй этгээдийг нийгмийн сүлжээний найзаасаа хасах буюу блоклох;
  • Өөрийн цахим орчинд зөвхөн зөв хүмүүжилтэй хүмүүсийг зөвшөөрөх;
  • Хувийн мэдээллийг нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд дэлгэхгүй байх;
  • Танихгүй буюу сайн мэдэхгүй, хэт сөрөг сэтгэл хөдлөлтэй хүнийг өөрийн цахим сүлжээнд нэмэхгүй байх, таны хувийн мэдээлэл үзэх боломж олгохгүй байх.

[1] The Cybersmile Foundation. Stop Cyberbullying Day. Survey 2017 https://www.cybersmile.org/wp-content/uploads/Stop-Cyberbullying-Day-Survey-2017.pdf

[2] Pew Research Center, July, 2017, “Online Harassment” 2017. p.10 https://www.cybersmile.org/wp-content/uploads/PI_2017.07.11_Online-Harassment_FINAL.pdf

[3] Pew Research Center, July, 2017, “Online Harassment” 2017. p.20

[4] p.25

Нүүдлийн соёл иргэншил ба интернетЦахим орчин дахь зохисгүй зан үйлийг хуулиар зохицуулах нь: Итали улсын жишээ