Нүүдлийн соёл иргэншил ба интернет

December 07, 2017

Монгол бол суурин болон нүүдэлчин соёлыг хослуулан бий болгосон өвөрмөц нийгмийн тогтолцоотой орон юм. Гадаад ертөнц биднийг морьж унаж хичээл, ажилдаа явдаг уу, өндөр байшин барилга бий юу гэх мэтчилэн сонирхдог байсан цаг саяхан билээ.

Нүүдэлчин ахуй бол яах аргагүй Монгол Улсын дархлаа болсон зайлшгүй онцлох ёстой өвөрмөц өв соёл юм. Түүгээр дамжуулан Монгол хүний өвөрмөц сэтгэлгээ, сэтгэл зүйн онцлог дархлагдаж ирсэн.

Монгол хүний үнэт зүйлсийн тогтолцоонд барууны сэтгэлгээнээс огт өөр чиглэмж бүхий мөрөөрөө амьдрах, дураараа байх, нигүүлсэнгүй байх, төрсөн нутаг, эх дэлхий гэсэн үнэт зүйлс ихээхэн ач холбогдолтой юм.

Харин хотын соёл бол барууны соёлыг даган хөгжсөн гэх утгаараа амьдралын үнэт зүйл нь “ур чадвар, өмч хөрөнгө, ажил хэрэг, эд баялаг, эрх зүй” гэсэн дөрвөн үнэт зүйлээр тодорхойлогдож байна. Эдгээр нь төрөлх Монгол сэтгэлгээтэй маань зөрчилдөх нь элбэг хэдий ч бид улам бүр барууны соёлд автсаар л байна. Харин нүүдэлчин ахуй соёл, Монгол хүний үнэт зүйл маань өнөө цагт малчин түмнээр минь л уламжлагдан үлдэж байгаа нь харамсалтай

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 160.6 мянган малчин өрхөд 311.3 мянган малчин байна. Малчин нь уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэн хөтлөхийн зэрэгцээ мал зүслэх, үржүүлэх, эмчлэх, байгалийн юмс үзэгдлийг шинжих, ургамлыг таних, ашиглах, хамгаалах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ардын ёс заншил, урлаг судлах, хамтарч ажиллах, хөдөлмөрөө хорших зэрэг мэдлэг чадварыг эзэмшсэн дэлхийд хосгүй мэргэжил гэдгийг Монголын төр хүлээн зөвшөөрч “Малчин хүн мянган мэргэжлийн эзэн” хэмээн өргөмжлөн үнэмлэх, энгэрийн тэмдэг малчин түмэндээ олгодог болсон.

Хотын гэх тодотголтой зарим хүмүүс боловсролгүй хүн л малчин болдог гэх өрөөсгөл бодлыг тээх хандлагатай байгаа нь малчдын өв соёл, амьдралын хэв маяг, түүний залгамж халааг буруулах сөрөг үзэгдлийн нэг болж байна.

Энэ нь нэг талаараа малчид хөдөө орон нутагт мэдээллээс алслагдмал, хоорондын харилцаа холбоо муу байдагтай холбоотой үүссэн үзэл бодол байж болох юм. Гэтэл нүүдэлчин соёлоор дамжуулан бид Монгол хүний өвөрмөц сэтгэлгээг хадгалж үлдэх, мал маллах арга ухаанд суралцах, байгаль эхтэйгээ зохицон амьдрах арга билгийн ухаанд хөдөлмөрөөр дамжуулан суралцах гэхчлэн амьдралын гүн ухаанд суралцах боломжтой юм. Тэгвэл бид эдгээр уламжлал, арга ухааныг энэ цагийн харилцаа холбооны шинэ шийдлүүдээр дамжуулан өвлөн авч үлдэх боломж улам бүр нэмэгдсээр байна.

Монгол орны өнцөг булан бүрт үүрэн холбооны нийт 3.7 сая хэрэглэгч байгаагийн 2.4 сая нь дата хэрэглэгч байна.  Энэ нь Монгол улсын дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоо хүрээгээ тэлж буйн дохио юм. Тэгвэл хөдөө орон нутагт малчдын амьдралд цахим хэрэглээ нэвтэрснээр гарч болох эерэг өөрчлөлтүүдийг энд дурдья. Үүнд:

  1. Цаг агаарын мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авч, яаралтай тохиолдолд малчид өөр хоорондоо тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцэн, шийдвэрлэх арга замаа олж болох сайн талтай юм.
  2. Цаг үеийн мэдээлэлтэй зэрэгцэн алхсанаар улс оронд болж буй яаралтай асуудалд иргэн бүр өөрийн дуу хоолойг илэрхийлэх боломжтой. Одоогийн байдлаар “Үндсэн хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуулгууд ихээхэн анхаарал татаж байгаа тул улс орны өнцөг булан бүрээс цахим ертөнцийг ашиглан бид өөрийн санал бодлоо илэрхийлж болохоор байна.
  3. Малчдын хувьд арьс шир, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ болоод борлуулах цэгийн талаар мэдээлэл солилцох, цаашлаад цахим худалдаа хийснээр малчид өөрсдийн амьдралын  түвшинг дээшлүүлэх боломжтой.
  4. Мал сүргээ алдах, малаа эргүүлэн олж авахад гар утасны GPS-ийг ашиглаж яагаад болохгүй гэж.

Цахим хэрэглээ сум орон нутагт нэмэгдсэнээр багш, сурагчийн мэдээлэл авах, мэдээллийг түгээх хурд, хэмжээ нэмэгдэх боломжтой. Ингэснээр боловсролын хувьд аймаг, сум, хот, хөдөө, тэр ч бүү хэл гадаад дотоодод амьдарч буй Монгол туургатан бүрийн ялгаа арилах боломжтой юм.

Үүний нэг жишээ бол саяхан АНУ-д өсч торниж буй Монгол хүүхдүүд болон Монголоос төлөөлөл болгон 23-р сургуулийн сурагчдыг оролцуулан тэдний дунд математикийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан байна. Энэхүү олимпиадыг цахимаар дамжуулан зохион байгуулсан бөгөөд цаашдаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчуудын дунд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой юм. Боломж үргэлж бидний гарт байгааг та өөрийн ухаалаг утсаар дамжуулан мэдэрч болно.

Тэгвэл цахим орчин бүрдсэнээр хүүхэд, залуус маань заавал хот суурин бараадаад байлгүй цахимаар боловсрол эзэмших боломжтой юм. Түүгээр ч үл барам малчдад өөрийгөө хөгжүүлэхэд тус нэмэр болж цахимаар боловсрол олгох,мал аж ахуйн бизнесээ өргөжүүлэх, малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, хөдөөд ажлын байр бий болгох, цаашлаад бэлчээрийн оновчтой менежмент болон нийгмийн амьдралд оролцуулах хөгжлийн цогц бодлогыг цахим байдлаар малчдад хүргэж болох юм.

Харилцаа холбооны шинэ шийдэл дэлгэрснээр урлаг, соёл судлаачид маань өөрсдийн судалгааг цахим аргаар явуулах, хугацаа алдалгүй мэдээлэл цуглуулах бүрэн бололцоотой болж байна.

Үүнээс гадна мал маллах ардын арга ухааныг ахмад туршлагатай малчид маань залуу малчиндаа өвлүүлэн үлдээх, тэднийг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх, туршлагаа цахимаар хуваалцах боломжтой болж байна. Үүний нэг жишээ нь одоо өрнөөд буй мянгат малчид 10,000 ажлын байрыг бий болгож байгаа явдал юм.

Хэдийгээр цахим ертөнц бидний амьдралыг илүү амар хялбар, шинэ боломж бололцоог нээж өгч байгаа ч түүнийг бид ухаалаг ашиглахгүй бол хор нөлөө бас дагаж байгааг цаг ямагт санаж явах хэрэгтэй байх. Жишээ нь малчид ухаалаг утсаа ухаалгаар ашиглахгүй, түүний эрхшээлд орж, утасны донтон болбол яах бол?

Тэдний хувьд шинэ асуудал үүсэх л болов уу, тэр нь малчид “Малаа маллах уу, гар утсаа ухах уу” гэх сонголттой тулгарч болох. Нөгөөтээгүүр малчдын хувьд цахим хэрэглээг өөрийн өдөр тутмын амьдралд нэвтрүүлснээр түүний сөрөг сэтгэл зүйн нөлөөлөлд ч автах боломжтой юм. Юуны түрүүнд зах хязгааргүй их мэдээлэл дунд өөрийн өв соёлыг үгүйсгэж, бусад орны соёлд хэт автах, бүхнийг хялбарчлах нэрийдлээр залхуу болох эрсдэл байх талтай.

Сэтгэл зүйч Д. Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж

  1. СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ:МОНГОЛ МЕНТАЛИТЕТ /2012/
  2. Б.ХАЛИУН. ӨНӨӨДӨР МАЛЧИД, МАРГААШ НҮҮДЭЛЧИН СОЁЛ /2016/
  3. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
  4. ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН СТАТИСТИК (ХЭРЭГЛЭГЧИЙН) СУДАЛГАА
  5. Д.ЖАРГАЛСАЙХАН : ЦАХИМ ХУВААГДАЛ БА АЛТАН БОЛОМЖ
  6. ZARYN DENTZEL: HOW THE INTERNET HAS CHANGED EVERYDAY LIFE
Нийгмийн сүлжээнд хууль сахиулах шинэ алхам: ХБНГУ-ын жишээ