Нийгмийн сүлжээнд хууль сахиулах шинэ алхам: ХБНГУ-ын жишээ

December 07, 2017

2016 оны 7, 8 дугаар сарын мэдээллээр ХБНГУ-д хэрэглэгчийн мэдэгдлээр хууль бус контентыг устгасан байдал Facebook-т 39-46%, YouTube-д 10-90%, Twitter-т 1%-тай байна.[1] Энэ нь хэрэглэгчийн гомдлоор хууль бус контентыг устгах тал дээр нийгмийн сүлжээ ихэвчлэн “хойрго” ханддаг болохыг харуулсан байж болохоор байна. Үүнтэй холбоотойгоор ХБНГУ-д “Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хууль” 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр батлагдаж, 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхлэв.[2] Энэ хуулийн зохицуулалтыг багцлан хүргэж байна.

Хуулийн үйлчлэх хүрээ

Энэхүү хуулиар Facebook, YouTube, Twitter болон түүнтэй төстэй нийгмийн сүлжээн дэх хууль бус контент буюу үзэн ядсан үг хэллэг, гүтгэлэг болон хуурамч мэдээтэй тэмцэхийг зорьсон байна. Тодруулбал, хууль бус контент гэдэгт үзэн ядах (доромжлох, гүтгэх) гэмт хэрэг, хуурамч мэдээлэл (гэмт хэргийн шинжтэй бол), хүүхдийг садар самуунд ашигласан үйлдэл, терроризмыг сурталчлах агуулга хамаарна. Тус хуулийн үйлчлэх хүрээнд  мэйл, цахим зурвас, цахим хуудас, худалдааны платформ, онлайн үйлчилгээ хамаарахгүй.

Хуулийн 1-р хэсгийн 1-р зүйлд нийгмийн сүлжээг хэрэглэгчид нь дурын агуулга, мэдээллийг хоорондоо солилцох буюу олон нийтэд дэлгэж тавих зориулалттай платформыг ашгийн төлөө интернетэд ажиллуулж байгаа мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний байгууллага гэж тодорхойлсон. Нийгмийн сүлжээ бүр хууль сахиулах байгууллагын хүсэлтэд хариулах чиг үүрэг бүхий дотоодын төлөөлөгч (Герман Улс дотор) ажиллуулах шаардлагыг хуульчилсан байна.

Хууль бус контентыг устгах

Тус хуулиар нийгмийн сүлжээнд хэрэглэгчийн гомдлыг хүлээн авснаас хойш “илт хууль бус” контентыг 24 цагийн дотор устгах үүрэг хүлээлгэсэн. Хэрэв тухайн контент хууль бус эсэх нь илэрхий биш бол нийгмийн сүлжээнээс гомдол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хянан шалгаж, устгана.

Хууль бус контентыг тодорхойлохын тулд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл буюу хууль бус суртал ухуулгын материал тараах буюу Үндсэн хууль харшилсан байгууллагын тэмдэглэгээг ашиглах; төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдэхийг дэмжих; хууран мэхлэх гэмт хэрэг үйлдэхийг завдах; олон нийтийг гэмт хэрэгт уриалах; мөн үзэн ядахыг өөгшүүлэх болон бусад гэмт үйлдлийн зохицуулалтыг хэрэглэнэ. (Хууль бус контент гэдэгт ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн  86, 86a, 89a, 91, 100a, 111, 126, 129 to 129b, 130, 131, 140, 166, 184b, 184d, 185 to 187, 241, 269 дэх зүйлүүдийг илэрхийлсэн контент ойлгох талаар тус хуулийн 1 дэх хэсгийн 3-т заасан байна.)

Гомдол гаргах механизм ба хоёр жил тутмын тайлан

Нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчид гомдол гаргахад хялбар, ил тод, байнгын механизм бий болгох үүрэгтэй. Мөн тухайн гомдлыг хүлээн авсан, татгалзсан зэрэг шийдвэрийг тухай бүр хэрэглэгчид мэдэгдэх ёстой. Мөн нэг жилийн хугацаанд хууль бус контентын тухай 100-аас дээш тооны гомдол хүлээн авдаг нийгмийн сүлжээнээс тухайн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хоёр жил тутам ХБНГУ-ын Хууль Зүйн Яам-д тайлагнах шаардлагатай. Энэхүү тайлан нь Холбооны “Төрийн мэдээлэл” эмхтгэлд болон нийгмийн сүлжээний нүүр хуудаст хагас жилийн эцсээс хойш нэг сарын дараа нийтлэгдэх ёстой. Анхны тайлан нь 2018 оны эхний хагас жилийн дараа нийтлэгдэнэ. Ийм тайлан нь амархан танигдахуйц, шууд үзэж болохуйц, байнга ил байх ёстой. Тайланд нийгмийн сүлжээний зүгээс хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээний мэдээлэл, гомдол барагдуулах журам, хүлээж авсан гомдлын тоо, гомдлыг хариуцаж буй ажилтнуудын мэргэжил, тоо, сүлжээний холбооны гишүүнчлэл, хууль бус контент эсэхийг шийдэхэд гуравдагч этгээдийг оролцуулсан тоо, гомдлын дагуу устгасан контентын тоо, контент устгахад зарцуулсан хугацаа, гомдол гаргагч болон устгасан контентыг нийтэлсэн гишүүнд мэдэгдэл хүргүүлсэн арга хэмжээ зэрэг мэдээллийг тусгана.

Торгууль

Дээр дурдсан үүргийг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн нийгмийн сүлжээг торгоно. Хэрэв нийгмийн сүлжээнээс дотоодын төлөөлөгч ажиллуулаагүй буюу томилогдсон төлөөлөгч нь хүссэн мэдээллийг гаргаж өгөөгүй бол 5 сая хүртэлх еврогоор (ойролцоогоор 5.7 сая ам.доллар) торгоно. Бусад бүх зөрчлийн хувьд, нийгмийн сүлжээг 50 сая хүртэлх еврогоор торгоно. Хэрэв устгах ёстой хууль бус контентыг устгаагүй гэж Хууль зүйн сайд үзэж, компанийг торгохыг хүсвэл энэ тухай шүүхээс шийдвэр гаргуулах ёстой.

Байр суурь

Дээрх хуулийн талаар дэмжсэн болон шүүмжилсэн байр суурийг энд авч үзэе. ХНБГУ-ын Хууль зүйн сайд Heiko Maas хэлэхдээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бол суурь эрх мөн хэдий ч “эрүүгийн хууль эхлэх үед” энэ эрх “зогсоно” гэжээ. Мөн тэрээр, энэхүү шинэ хууль нь “ширэнгэн ойн аман хуулийг төгсгөх” замаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүх эрх чөлөөг хамгаалж байгаа гэжээ.

Харин доктор Petra Sitte энэхүү хууль нийгмийн сүлжээнээс тухайн контент хууль бус эсэхийг тодорхойлох хугацааг дэндүү богино тогтоосон гэж тэмдэглэсэн байна. Учир нь контентыг хууль бус эсэхийг хууль зүйн хувьд тодорхойлох нь төвөгтэй ажил гэжээ. Мөн тэрээр, контент хууль бус эсэхийг хууль зүйн хувьд тодорхойлох ажлыг хувийн хэвшил бус шүүх хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ.

[1] Results jugendschutz.net Monitoring http://www.socialistsanddemocrats.eu/sites/default/files/Meyer-Seitz%20Presentation.pdf

[2] Act to Improve Enforcement of the Law in Social Networks (Network Enforcement Act) https://www.bmjv.de/SharedDocs/Gesetzgebungsverfahren/Dokumente/NetzDG_engl.pdf?__blob=publicationFile&v=2

Шар мэдээнд дургүй хэн байхавНүүдлийн соёл иргэншил ба интернет