Ярилцъя, гэхдээ чатаар

November 02, 2017

Аливаа харилцаа нь нийгмийн хөгжлийн онцлогоос хамаарч байнга хувьсан өөрчлөгдөж ирсэн билээ. Харин хүмүүсийн өдөр тутмын харилцаанд мессеж, мессенжер нь хэзээнээс чухал үүрэг оролцоотой болсон бэ?

Чат нь аль хэдийн хүн төрөлхтний харилцааны нэг хэлбэр болсныг нотлох дараах сонирхолтой баримтыг та бүхэнтэй хуваалцъя. Үүнд:

  1. Дэлхий дахинд өдөрт дунджаар 20 тэрбум мессеж илгээгдэж байна. (Adobe)
  2. АНУ-ын насанд хүрэгчдийн 97 хувь нь 7 хоногт дор хаяж 1 удаа өөр хоорондоо мессежээр харилцдаг.  (Pew Research)
  3. Нийт илгээгдсэн мессежний 90 хувийг илгээснээс хойш 3 минутад хүмүүс нээн уншиж, тэдний 45 хувь нь хариу мессеж илгээж байна. (Forbes)
  4. Мессеж хүлээн авагчдын 98 хувь нь ирсэн шинэ мессежээ нээн уншдаг. Энэ нь и-мэйлтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Харин цахим шууданг илгээсний дараа нийт цахим захидал хүлээн авагчдын ердөө 20-30 хувь нь нээж уншдаг байна. (Adobe)
  5. Дөрвөн хүн тутмын нэг нь цахим орчноор дамжин нийгмийн харилцаанд оролцдог ба өсвөр үеийнхний 51 хувь нь цахим хэлбэрээр хүмүүстэй харилцах хүсэл сонирхолтой гэдгээ илэрхийлжээ.
  6. Дэлхийн нийт хүн амын 32 хувь нь өдөрт өөр хоорондоо мессежээр харилцаж байна.
  7. Бизнес эрхлэгчдийн 86 хувь нь үйлчилгээндээ мессеж ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд захиалга авах, хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авах гэх мэт үйлчилгээний чанарыг сайжруулах, түүнчлэн цахим хуудсанд мессеж илгээх цонх ажиллуулах нь цаг хэмнэж үйлчилгээг түргэсгэх шилдэг арга хэмээн үзсэн байна.  (eWeek)
  8. Их Британийн 16-24 насны иргэдийн 90 хувь нь өдөр тутамд дор хаяж 1 удаа мессежээр найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцаж байна. Харин 74 хувь нь цахим орчин дахь нийгмийн сүлжээгээр, 67 хувь нь гар утсаар, 63 хувь нь нүүр нүүрээ харан өөр хоорондоо харилцдаг болохыг тогтоожээ.

Дээрх судалгаануудын үр дүнгээс дүгнэхэд хүмүүс бид ирээдүйд бараг л дуу авиа гаргалгүй, өөр хоорондоо ярилцах шаардлагагүйгээр харилцдаг болох эмгэнэлтэй гэмээр өдөр ирэх магадлалтайг харуулж байна. Гэсэн ч мессеж бичих нь яагаад хүн төрөлхтөнд ингэтлээ таалагдана вэ?

Мессежинд дурлах шалтгаан

  • Хурдан

Ихэнх хүмүүс мессеж бичих нь утсаар ярихаас илүү богино хугацаанд өөрийгөө илэрхийлэх арга гэж боддог учраас мессеж бичихийг илүүд үздэг.

  • Өртөг бага

Мессеж нь утсаар ярихаас хамаагүй бага зардалтай байдаг. Зарим хүмүүс мөнгөө хэмнэхийн тулд үргэлж мессеж бичихийг илүүд үздэг.

  • Завгүйгээс

Мессеж бичих хугацааг хянах боломжтой учраас Завгүй хүмүүс ихэвчлэн текст бичихийг илүүд үздэг, харин эсрэгээрээ утсаар ярихад хэдий хир хугацаа зарцуулахыг урьдчилан таамаглахад харьцангуй хүндрэлтэй. Тэгээд ч мессежний агуулга таны хүссэн бүхнийг илэрхийлэх тул утсаар ярьж үл ойлголцохоос л дээр юм.

  • Зарим ичимхий хүнд харилцааны шинэ арга барил болдог болохоор

Зарим хүмүүс танихгүй эсвэл тийм ч сайн мэдэхгүй хүмүүстэйгээ уулзах, утсаар ярихад ичих тохиолдол гардаг. Ийм хүмүүст мессеж бичих нь илүү таатай санагддаг байна.

  • Хувийн нууцаа ил болохгүйн тулд

Хэрэв хэн нэгний гар утасны хонх олон хүний дунд дуугарлаа гэхэд бусад хүмүүст өөрийнхөө яриаг сонсгохыг хүсэхгүй байж болно. Ийм тохиолдолд утсаар ярихаас мессеж бичихийг илүүд үзэж болох юм.

  • Бусдад саад болохгүй

Хурал, хичээл гээд утасны дуудлагад шууд хариу өгөх боломжгүй тохиолдолд завтай болмогц хариу илгээх боломжийг олгодог учраас олон хүн мессеж бичихийг илүүд үздэг.

Хэдийгээр мессеж бичих нь бидний амьдралд цаг хэмнэж, орон зайг үл хамааран хурдан шуурхай өөр хоорондоо харилцах боломжийг олгож байгаа ч хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг бүрэн илэрхийлж чадахгүй сул талтай юм.

Энэ байдлыг Массачусетсийн технологийн институтийн сэтгэл судлаач Шерри Туркл анзааран мессежний хэрэглээ хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгааны үр дүнд хүн бусадтай нүүр тулж ярилцах нь өөртэйгөө ярих, бодож сэтгэх, дүн шинжилгээ хийх, өөрийн үйлдлийг хянах чадваруудын хөгжилд эергээр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Харин эсрэгээрээ мессеж бичих нь хүний нийгмийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байгааг нотолжээ.

Түүнчлэн түүний үзэж буйгаар хүн нийгмийн харилцаанд орохдоо бусдад өөрийгөө ойлгуулах, хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг зөв тайлж мэдрэх, бусдын хэлсэн үгийг  үнэн, худал эсэхийг нь ялгах, амьдралдаа хандах хандлага зэрэгт техник технологийн хөгжил сөргөөр нөлөөлж байгааг анхааруулжээ.

Хэт их мессеж бичих нь хүнийг ганцаардмал болгож, амьд харилцаанаас зугтах хандлагыг төлөвшүүлэх эрсдэлтэй байж болохыг мөн онцолжээ.

Хэдийгээр техник технологи асар хурдтай хөгжиж байгаа ч хүн төрөлхтөн хүн байх төрөлх чадвараа аль болох хамгаалж байх нь чухал юм. Иймд та бүхэн хайртай хүмүүстэйгээ аль болох амьд харилцааг эрхэмлэн харилцаж байгаарай. Ажил хэрэг бизнес эрхлэхэд мессеж нь тохирох харилцаа мөнөөсөө мөн билээ.

Мэдээллийн эх сурвалж:

  1. By Nicole Jenkins, 10 Reveling Statistics That Prove Every Business Should be Texting (2017)
  2. DANIEL RUSSELL, WE JUST DON’T SPEAK ANYMORE. BUT WE’RE “TALKING” MORE THAN EVER. (2015)
  3. Neil Howe, Why Millennials Are Texting More And Talking Less(2015)
  4. Jeffrey Kluger, We Never Talk Anymore: The Problem with Text Messaging(2012)
Нууцгүй интернетОлон нийтийн цахим сүлжээний зохицуулалтын төрөл, хэлбэр