Хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх цахим сүлжээний үйл ажиллагаанд багш, сургуулийн ажилтны тавих хяналт

October 17, 2017

Хүүхдийн хувьд гэр бүлийн орчноос гадна сургууль, цэцэрлэгийн орчинд ихэнх цагаа өнгөрөөж нийгмийн харилцаанд оролцдог. Тэрхүү нийгмийн харилцаа нь өнөө цагт цахим орчноос ихээхэн хамааралтай болсон үед сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны зүгээс цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах талаар мэдлэг, чадвартай байх нь чухал юм. Ингэхдээ хүүхдийн насны онцлогт тохирсон арга зам, мэдээллийг хүүхдэд өгөхөд анхаарах хэрэгтэй.[1]

  • 3-4 насны хүүхдэд цахим орчин дахь дарамт, гадуурхал болон оролцогчдын үүргийн талаар ойлгуулах хэрэгтэй. Мөн өөрийн тухай маш их мэдээллийг цахим орчинд түгээх нь буруу гарт орох эрсдэлтэй талаар ойлгуулах нь чухал.
  • 4-6 насны хүүхдэд цахим орчны дарамтын талаар голчлон таниулах хэрэгтэй. Энэ хүрээнд цахим орчин дахь өөдгүй зан авир, муу сонголтыг зогсоох, дэмжихгүй байхын ач холбогдлыг таниулах хэрэгтэй. Мөн цахим орчинд хэт их тоглох, нууц үгээ хуваалцах, онлайн орчинд найзлахтай холбоотой эрсдэлийг ойлгуулахад анхаарах нь зөв.
  • 7-10 насны хүүхдэд цахим ертөнц дэх сөрөг зан үйлийн үр дагавар, хууль зүйн эрсдэлийн талаар таниулах нь чухал. Энэ хүрээнд цахим орчин дахь хөгжилтэй зүйлс тэр бүр инээдэм биш, өөрт болон бусдад бодит хохирол учруулж болзошгүй гэдгийг сануулах хэрэгтэй. Мөн олон нийтийн сүлжээн дэх сонирхлын бүлэгт нэгдэх эсэх, түүнтэй холбоотойгоор өөрийн хувийн орон зайг хамгаалах талаар анхаарах нь зүйтэй.
  • 10-13 насны хүүхдэд онлайнаар зургаа нийтлэхээс өмнө хоёр удаа /нэгээс багагүй/ бодох шалтгааныг таниулах хэрэгтэй. Мөн хэрхэн тухайн олон нийтийн цахим сүлжээнд гомдол гаргах болон холбогдох төрийн байгууллагаас тусламж авах арга замыг тайлбарлана. Түүнчлэн, дотнын хүний зургийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд түгээх нь ямар үр дагавартай талаар тайлбарлах шаардлагатай.
  • 14-өөс дээш насны хүүхдэд хэт задгай болон ёс бус зураг, зурвас бусдад илгээх буюу түгээх асуудалд төвлөрөх хэрэгтэй. Мөн олон нийтийн цахим сүлжээн дэх сэтгэгдэл хэрхэн буруу ойлгогддог, багахан зүйл нь том асуудал болж хувирдаг тухай онцлон таниулах шаардлагатай болно. Үүнээс гадна хүүхдүүдийн нийтэлсэн, түгээсэн зүйл нь цахим ул мөр үлдээдэг тухай анхаарах хэрэгтэй болно. Тодруулбал, цахим орчинд хэрхэн нууцлал, аюулгүй байдлын тохиргоо хийх талаар онцгойлон тайлбарлах хэрэгтэй.

Энэ хүрээнд нууцлал, аюулгүй байдлын дараах тохиргоог хүүхдүүдэд зааж, хэвшүүлэх хэрэгтэй байна /зааврыг холбоос дээр дарж үзнэ үү/:

Гар утсан дээр:

Компьютер дээр:

Олон нийтийн цахим сүлжээнд:

Эцэст нь товч дүгнэхэд, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг цахим орчин дахь сөрөг нөлөөллөөс хамгаалахын тулд сургуулийн орчинг хүүхдэд ээлтэй болгоход багш, сургуулийн ажилтнууд онцгой анхаарах хэрэгтэй юм. Мөн хүүхдийг шийтгэхийг урьтал болгохгүйгээр ойлгуулах, таниулах нь чухал ач холбогдолтой.[2]

[1] Office of the eSafety Commissioner. Classroom resources https://www.esafety.gov.au/education-resources/classroom-resources

[2] Miriam Clifford. 15 Strategies Educators Can Use to Stop Cyberbullying. October 26, 2012 http://www.opencolleges.edu.au/informed/features/15-strategies-educators-can-use-to-stop-cyberbullying/

Сингапур улсын контентын зохицуулалтНууцгүй интернет