Сингапур улсын контентын зохицуулалт

September 28, 2017

Сингапур улс НҮБ-ын 2016 онд гаргасан цахим засаглалын судалгааны тайланд дурдсанаар цахим засгийн үзүүлэлтээр дэлхийд 4 дүгээр байрт, Ази тивд 2 дугаар байрт орсон тус улсын онлайн контентын зохицуулалттай танилцъя.[1]

Тус улсад интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP), интернетийн контент нийлүүлэгч (ICPs)-тэй холбоотой харилцааг Өргөн нэвтрүүлгийн хууль дахь тусгай зөвшөөрлийн нөхцөлөөр зохицуулдаг[2] бөгөөд тэдгээрийн контент нь Интернетийн тусгай зөвшөөрөл болон Интернетийн практикийн дүрмээр тогтоосон нөхцөлд нийцсэн байх ёстой.[3] Сингапурын контентын зохицуулалт нь нийтийн ашиг сонирхол, арьс өнгө, шашин шүтлэг, садар самуун, хүүхдэд хортой контент дээр төвлөрдөг. Энэ дагуу тус улсын интернетийн үйлчилгээ үзүүлэгчид дээр дурдсан хууль бус контент бүхий вэб сайт дахь олон нийтийн хандалтыг хязгаарладаг. Ийм хязгаарласан вэб сайтын дийлэнх нь садар самуун бүхий контенттой вэб сайт байдаг. Гэхдээ хувь хүний зүгээс хандаж буй онлайн контентийг хянах буюу хязгаарлах үйлдэл хийдэггүй. Тодруулбал, цахим шуудан, цахим зурвас зэрэг хувийн буюу хувь хүнд хамаарах захидал харилцаа Мэдээлэл, харилцаа холбооны эрх бүхий байгууллагын (IMDA) зохицуулалтад хамаарахгүй.

2015.02.02-ны өдөр зайнаас мөрийтэй тоглохыг сурталчлах, дэмжих, тийм үйлдлийг хөнгөвчлөх зэргээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан вэб сайтуудыг Дотоод хэргийн яамны “Зайны мөрийтэй тоглоомыг зохицуулах тухай хууль”-ийн 20(1) хэсгийн дагуу хаасан байна. Мөрийтэй тоглоомыг зайнаас тоглохтой холбоотой зохицуулалт нь өсвөр насныхан, бусад эмзэг, өртөмтгий хүмүүсийг зайнаас мөрийтэй тоглохын хор хөнөөлөөс хамгаалах үүрэгтэй.[4] Эцэг эхчүүдийн хувьд гэртээ хүүхдүүддээ интернетийг аюулгүй хэрэглүүлэх зорилгоор интернетийн үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс нэмэлтээр санал болгосон интернетийн шүүлтүүрийн үйлчилгээг захиалж хэрэглэх боломжтой. Түүнчлэн, интернет шүүлтүүрийн шийдэл боловсруулах, нийлүүлэх чиглэлийн компаниудаас зах зээл дээр эцэг эхчүүдэд зориулсан дангаар нь шүүлт хийх програм хангамжийг бас ашиглах боломжтой.

Эрх зүйн болон технологийн зохицуулалтаас гадна тус улсад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернетийн хэрэглээг удирдах олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулахыг хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй холбоотойгоор 2012 оны 8 дугаар сард Хэвлэл мэдээллийн боловсрол олгох зөвлөл (MLC)​ байгуулагдсан бөгөөд тус зөвлөл нь цахим боловсрол, хэвлэл мэдээллийн бичиг үсэг, эрдэм мэдлэгийн талаарх олон нийтийн боловсролын хөтөлбөр, санаачилгыг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй.[5]

Сингапур улсад цахим орчин дахь контентийг зохицуулах чиглэлээр дараах хууль тогтоомжийг мөрдөж байна. Үүнд:

  • Гүтгэлэг, доромжлолтой холбоотой хууль тогтоомж (Эрүүгийн хуулийн 499 дүгээр зүйл);
  • Нууц, итгэлцлийн хууль тогтоомж;
  • Зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой хууль тогтоомж;
  • Бослого, үймээнтэй холбоотой хууль тогтоомж;
  • Арьс өнгө ба шашны эв нэгдэлтэй холбоотой хууль тогтоомж (Эрүүгийн хуулийн 224 дүгээр бүлэг);
  • Нийтийн дэг журмын тухай хууль;
  • Хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхтэй холбоотой хууль тогтоомж (Эрүүгийн хуулийн 224 дүгээр бүлэг);
  • Садар самуун бүхий материалыг түгээхтэй холбоотой хууль тогтоомж (Эрүүгийн хуулийн 224 дүгээр бүлэг);
  • Компьютерыг буруу ашиглахтай холбоотой хууль тогтоомж.[6]

Товч дүгнэхэд, Сингапур улсад цахим орчин дахь контентийг  зохицуулахдаа гурван чиглэлийг баримталж байна. Үүнд 1/ интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP), интернетийн контент нийлүүлэгч (ICPs)-ийн оролцоотой зохицуулалт, 2/ өөрийн зохицуулалтыг дэмжих, 3/ олон нийтийн боловсролоор дамжуулан хэвлэл мэдээллийн боловсрол, ээлтэй цахим орчинг дэмжих гэсэн чиглэл багтаж байна.

[1] UN E-Government Survey 2016 https://publicadministration.un.org/egovkb/en-us/reports/un-e-government-survey-2016

[2] Broadcasting (Class Licence) Notificatio, G.N. No. S 330/ 2013, Revised 29 May 2013 https://www.imda.gov.sg/~/media/imda/files/regulation%20licensing%20and%20consultations/content%20and%20standards%20classification/broadcast%20class%20licence%20notification.pdf?la=en

[3] Internet Code of Practice https://www.imda.gov.sg/~/media/imda/files/regulation%20licensing%20and%20consultations/content%20and%20standards%20classification/policiesandcontentguidelines_internet_internecodeofpractice.pdf?la=en

[4] Remote Gambling Act 2014 https://www.mha.gov.sg/Key-Topics/gambling-and-casino-regulation/Pages/REMOTE-GAMBLING-ACT-2014.aspx

[5] Media Literacy Council, Singapore http://www.medialiteracycouncil.sg/Pages/default.aspx

[6] Media Literacy Council, Singapore. Understanding the Law http://www.medialiteracycouncil.sg/media-and-internet/Pages/understanding-the-law.aspx

Адам Эва хоёрын цахим хэрэглээний онцлогХүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх цахим сүлжээний үйл ажиллагаанд багш, сургуулийн ажилтны тавих хяналт