БНСУ-ын контентийн зохицуулалт

September 13, 2017

НҮБ-ын 2016 онд гаргасан цахим засаглалын судалгааны тайланд дурдсанаар БНСУ цахим засгийн үзүүлэлтээр дэлхийд 3 дугаар байрт, Ази тивд 1 дүгээр байрт орсон тус улсын онлайн контентийн зохицуулалттай танилцъя.[1]

1995 онд БНСУ Харилцаа холбооны үйл ажиллагааны тухай хууль баталсан бөгөөд тус хуулиар Мэдээлэл, харилцаа холбооны ёс зүйн газрыг байгуулсан. Тус газар нь цахим орчинд хяналт тавих өргөн эрх мэдэлтэй. Энэ нь цахим орчинд үндэсний бүрэн эрхт байдал, нийтийн ёс суртахуун, өсвөр насныханд хохирол учруулж болохуйц мэдээ, мэдээлэлд хяналт тавих хэлбэрээр илэрнэ. Мөн тус хуулийн дагуу Харилцаа холбооны сайд нь дээрх шалгуурын дагуу тухайн нэг мэдээллийг устгах буюу хориглох шийдвэр гаргаж болно. 1996 оны эхний 8 сард интернетийн үйлчилгээ үзүүлэгч гурван компани цахим орчин дахь нийт 220,000-аас багагүй мэдээллийг устгасан байна. Энэ нь Хойд Солонгос улстай харилцах улс төрийн харилцаанаас ихээхэн хамааралтай гэж судлаачид үздэг байна.[2]

Харин 2002 оны 6 дугаар сард тус улсын Дээд шүүх Харилцаа холбооны үйл ажиллагааны тухай хууль дахь “хортой контент”-ын тодорхойлолт буюу тус хуулийн 53 дугаар зүйлийн зохицуулалт нь хортой контентийг зохицуулахтай холбоотой хязгааргүй эрх хэмжээг төрийн эрх бүхий байгууллагад олгосон гэж үзсэн. Энэ ёсоор 2002 оны 12 дугаар сард тус улсын Үндэсний ассамблей хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд “хортой контент” гэх ойлголтыг “хууль бус контент” гэж өөрчилсөн. Энэ зохицуулалт Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний удирдлага ба мэдээллийн хамгаалалтыг дэмжих тухай хуульд 2007 онд орсон өөрчлөлтөөр хүчингүй болсон. Хууль бус мэдээлэл гэдэгт нийтийн ашиг сонирхол, нийгмийн дэг журмыг зөрчсөн, харгислал, доромжлол, хүчирхийлэл, мөрийтэй тоглоомд татан оруулах шинжтэй контент хамаарна.[3]

БНСУ-ын өнөөгийн эрх зүйн зохицуулалтын дагуу интернетийн контентийг төрийн хоёр байгууллага болох Солонгосын Харилцаа холбооны стандартын хороо (KCSC) болон Үндэсний сонгуулийн хороо (NEC) голчлон зохицуулж байна. Үндэсний сонгуулийн хорооны хувьд сонгуультай холбоотой интернет дэх бүх төрлийн мэдээ, мэдээллийн хяналтыг хариуцах бөгөөд сонгуультай холбоотой нийтлэл, сэтгэгдэл, блогийг устгах эрх хэмжээтэй. Харилцаа холбооны стандартын хорооны хувьд Насанд хүрээгүй хүнийг хамгаалах тухай хуулийн дагуу өсвөр насныхан, хүүхдэд хортой мэдээллийн агуулгыг тодорхойлох эрхтэй бөгөөд хууль бус контент бүхий вэб сайтын эсрэг авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд вэб сайтыг хаах, хязгаарлах, зөрчилтэй мэдээллийг устгах даалгавар өгөх боломжтой. Мөн Харилцаа холбооны стандартын хороо нь онлайн гүтгэлэг, доромжлолтой холбоотой маргааныг зуучлалын журмаар зохицуулдаг.

Үүнээс гадна БНСУ-д кибер гэмт хэрэг, интернет дэх зохиогчийн эрхийн зөрчилтэй тэмцэхэд онцгойлон анхаардаг. Энэ хүрээнд 2008 оны 7 дугаар сараас эхлэн “цахим гүтгэлэг” буюу цахим орчин дахь гадуурхлыг гэмт хэрэгт тооцох болсон. Тус гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу арван сая воноор торгох шийтгэл оногдуулах зохицуулалттай. 2009 оны 4 дүгээр сараас Үндэсний ассамблей Зохиогчийн эрхийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд интернет дэх зохиогчийн эрхийн зөрчилтэй тэмцэх арга замыг хуульчилсан. Энэ зохицуулалт ёсоор зохиогчийн эрхийг зөрчсөн контентийг устгах тухай гурваас доошгүй удаа сануулсны дараа тийнхүү устгахаас татгалзсан бол Соёлын сайд тухайн зөрчил гаргагч хаягийг хаах эрх хэмжээтэй болсон. Ингэхдээ тухайн бүтээлийн зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зүгээс гомдол гаргасан эсэхээс үл хамааран интернет дэх зохиогчийн эрхийн зөрчлийг зогсооход тус арга хэмжээ чиглэдэг байна.

Товч дүгнэхэд, БНСУ-д цахим орчин дахь хууль бус контенттой тэмцэхэд төрийн байгууллага, албан тушаалтнууд холбогдох хууль тогтоомжийн дагуу тус тусын эрх хэмжээтэй оролцох бөгөөд нэг байгууллагад бүх эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байх нь онлайн контентийг үр ашигтай, зардал багатай, цаг хугацаа хэмнэх байдлаар зохицуулж байгаа хэлбэр юм.

[1] UN E-Government Survey 2016 https://publicadministration.un.org/egovkb/en-us/reports/un-e-government-survey-2016

[2] Peng Hwa Ang. How Countries Are Regulating Internet Content.

https://www.isoc.org/inet97/proceedings/B1/B1_3.HTM#s9

[3] OpenNet initiative. South Korea. 2012  https://opennet.net/research/profiles/south-korea#footnote25_d6cpcd6

Цахим тоглоомд дурлагч хүүхдийн эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөөЦахим орчин дахь гадуурхал сэдэвт гар зургийн уралдааны бүтээлүүд