Цахим тоглоомд дурлагч хүүхдийн эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөө

September 13, 2017

 

“Хүүхэд маань компьютер болон гар утасны тоглоомоор ойрдоо их тоглоод байна уу даа” эсхүл “Энэ хүүхэд арай тоглоомын донтон болж байгаа юм биш биз” гэж хүүхдэдээ санаа зовнин түгшүүртэйгээр сэтгэл зүйчдэд хандах эцэг эхчүүд өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Энэ нь мэдээж нэг талаараа сайн хэрэг юм. Гэвч өнгөрсөн борооны хойноос цув нөмөрснөөс урьдчилан сэргийлж байх нь илүү үр дүнтэй гэдгийг эцэг эхчүүд маш сайн ойлгох хэрэгтэй.

Юуны түрүүнд хүүхдээ үнэхээр тоглоомд донтсон уу, зүгээр л түр зуур сонирхож байгааг ажиглан таньж мэдэх нь зүйтэй юм. Ингэж чадаагүйгээс өөрсдийн өнгөцхөн үнэлэмжээр зөвхөн хүүхдээ буруутгаж, тэдэнтэй буруу харилцсанаар хүүхэдтэйгээ харилцах харилцаанд ан цав үүсэх тохиолдол ч их байна.

Олон нийтийн дунд цахим тоглоом тоглох нь буруу гэх хандлага түгээмэл байна. Гэтэл бага насны хүүхэд өдөрт 1 цаг өөрийн сонирхсон тоглоомыг тоглох нь хүний тархины үйл ажиллагаа, дасан зохицох байдал болон танин мэдэхүйн чадварыг сайжруулж болохыг Оксфордын Их сургуулийн судлаачид тогтоожээ.

Цахим тоглоом тоглож буй хүүхдийг 3 төрөлд ангилна.

Нэгдүгээр төрлийн хүүхдүүд буюу жирийн тоглогч: Тэд үеийн бусад хүүхдүүдийн сонирхож байгаа тоглоомыг шохоорхон оролдож үздэг. Онцлох шинж нь тоглох хэдий ч хийх ёстой хичээл, даалгавар гэх мэт чухал зүйлсээ орхигдуулахгүй ном ёсоор нь биелүүлнэ.

Харин тэднийг буруугаар ойлгож хэт их цахим тоглоом тоглож байна хэмээн шүүмжилбэл хариуд нь таныг өөрийн орон зайд нэвтрүүлэхээ болих болно. Ийм нөхцөл байдал үүссэнээр эцэст нь эцэг эхчүүд цахим тоглоомд бурууг өгч алдааг өөрсдөөсөө зайлуулдаг. Улмаар хүүхдээ тоглоомоос нь хүчээр холдуулах оролдлого хийх нь яг үнэндээ буруу арга юм.

Хоёр дахь төрлийн хүүхэд бол тоглоомд жинхэнэ донтогч: Тэд өдөр шөнөгүй компьютерийн урд сууж бодит амьдрал байхгүй мэт ааш зан гаргана. Таны хүүхэд хэрэв доорх үйлдлүүдийг гаргаж байвал та мэргэжлийн хүнд хандаж туслалцаа авах болсон гэсэн үг юм. Үүнд:

  1. Бусадтай харилцах харилцаанаас зайлсхийх;
  2. Тоглоом л тоглохгүй бол бухимдаж, түгшүүртэй болж,  өөр зүйлсийг огт сонирхохгүй байх;
  3. Тоглоом тоглохын тулд худал хэлж, ёс бус үйлдэл гаргах;
  4. Тоглоомоос холдох гэж оролдсон ч хурдан шантарч дахин дахин тоглоомд донтох;
  5. Юм идэх, унтах гэхчлэн энгийн үйлдэл хийж байхдаа ч тоглоомоо тоглохыг оролдох зэрэг болно.

Гурав дахь төрлийн хүүхэд бол цахим тоглоом болон техник технологийн суут ухаантан юм. Тэд тоглоомд донтогчтой ижил харагдах боловч цаг хугацааг зөвхөн тоглох биш тоглоомыг сайжруулах, үе бүрийг төгс болгоход сэтгэхүй нь үргэлж тэлж, илүү бүтээлч байх хандлага ажиглагдана. Тэд зөвхөн цаг хугацаа хийгээд эргэн тойрноо мартан тухайн тоглоомд хэт автах нь тэднийг донтогч мэт харагдуулдаг юм.

Тэдний тархи цаг тутамд шинэ шийдэл эрж хайж, тоглоомоо тоглож дуусмагц шинийг бүтээхэд бэлэн байдаг нь тэдний давуу тал юм. Энэ төрлийн хүүхдийг донтогч хэмээн харалгүй аль болох тэдний суу билгийг тохирох зүгт чиглүүлж зөвөөр ашиглах хэрэгтэй. Жишээ нь тэднийг танихын тулд та тэднээс тухайн тоглоомын сул тал юу болох, хэрхэн сайжруулбал болох талаар асууж болно.

Хүүхэд бүр л тоглоом тоглох дуртай. Мэдээж хэрэг хүүхэд өөрийгөө удирдах чадваргүйгээс болж олон цагийг компьютерийн урд өнгөрөөж байж болох юм. Иймд эцэг эхчүүд бид тэдэнд өөрийгөө хянах чадварыг суулгах хэрэгтэй. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдгийн адил алдартай сурган хүмүүжүүлэгчид ч хүүхдэд багаас нь зөв дадал зуршлыг бий болгох хэрэгтэй хэмээн сургадаг нь цаанаа учиртай.

Зөв дадал зуршлыг бий болгохын тулд голчлон 4 зүйлийг анхаарах хэрэгтэй юм. Үүнд:

Итгэл бүхнийг бий болгоно

Эцэг эхчүүд цаг ямагт хүүхдэдээ итгэж буйгаа мэдрүүлэх нь хүүхдийг буруу үйлдэл хийхээс урьдчилан сэргийлдэг болохыг Харвардын сэтгэл судлаачид олж тогтоожээ.

Судалгаанд оролцогч хүүхдүүдэд эцэг эхийн итгэх итгэл нь үргэлж эрч хүч өгдөг гэжээ. Зүгээр л “бид чамд итгэж байна” гэх үг хүүхдэд гайхамшигтай нөлөө үзүүлнэ хэмээжээ.

Хүүхдэд хүний итгэл даах чадварыг багаас нь суулгахын тулд түүний аливаа үйлдлийн үр дүнг нь шүүмжлэн зэмлэлгүй, түүнд огт эргэлзэлгүй итгээд л үзэх хэрэгтэй. Юу ч хийж чадахгүй гэж загнахаас илүүтэй алдсан ч бай итгэлээ бууруулахгүй байх нь тэдний хувьд од шүүрэхээс ч илүү чухал юм.

Иймд та хүүхдэдээ компьютер тоглоомын давуу болон сул талыг танин мэдүүлж, хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар ярилцах нь зүйтэй.

Зорилготой хүн юу хийхээ мэднэ

Зорилго хүнийг урагшлахад тусална. Хүүхдээ багаас нь жижигхэн ч гэсэн аливаа зүйлд зорилго тавьж сургах нь таны хүүхэд тэмүүлэлтэй болж өсөх эхний алхам болно.

Компьютер тоглох зорилгодоо хүрэхийн тулд та хүүхдээсээ гэрийн даалгавраа хийж дуусгах гэхчлэн хүүхдийнхээ хийвэл зохих зүйлсийг хийлгэж, аливааг дуустал хийж сургах нь хүүхдийн хувьд хариуцлагатай болох нэг арга юм. Хэдийгээр аливааг хам хум хийж буй үйлдэл гаргавал аль болох шүүмжлэлгүйгээр түүнд чин сэтгэлээсээ ажил хийж сурах боломжийг бага багаар бий болгох нь зүйтэй.

Урамшуулал болон хараа хяналт үргэлж хэрэг болдог

Хараа хяналттай байна гэдэг цаг үргэлж араас нь мөшгөж, байцааж, үглэхийн нэр биш юм. Хүүхдээ компьютер тоглох үед цагийн хязгаарлалт бий болгож, цаг хэтрэх үед шийтгэл болгон дараа удаа тоглох цагаас 5-10 минут хасах, хэрэв яг цагтаа тоглохоо зогсоовол 5-10 минутаар хугацааг сунган урамшуулах аргыг хэрэглээд үзээрэй.

Урамшуулалгүйгээр амьдрал амтгүй алимтай л ижилхэн. Иймд зүй ёсны урамшууллыг хүүхдэдээ өгч байх хэрэгтэй. Зарим үед та өөрөө ч хамт тоглож болно. Ингэснээр хүүхэд та хоёрын хооронд өөр нэгэн харилцах суваг нээгдэж болох юм.

Мэдээж хэрэг энэ бүх урамшуулал хязгаарлалтыг гэр бүлээрээ зөвшилцөж бий болгосон компьютер хэрэглэх дүрэмдээ тусгах нь зүйтэй. Ингэснээр хэн нэг нь өөрийнхөөрөө зүтгэхгүй, асуудлыг шийдвэрлэхэд тустай.

Эцэст нь гэр бүлийн цагийг ихэсгэж гишүүн бүрийн оролцоог ханган кино үзэх, хамт тоглох, салхинд зугаалах, гадуур хооллох, музей дурсгалт газруудаар аялах гээд түүхийг хамтдаа бүтээж хөгжилтэй амьдрах боломжийг бий болгоцгооё.

Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж:

  1. Andrew Przybylski, Electronic gaming and psychosocial adjustment, Pediatrics (2014)
  2. 孙颖康,被孩子打电脑游戏困扰的家长,这里有份最理性的应对策略大全 (2016)
Австрали Улсын онлайн контентын зохицуулалтБНСУ-ын контентийн зохицуулалт