Австрали Улсын онлайн контентын зохицуулалт

September 06, 2017

НҮБ-ын 2016 онд гаргасан цахим засаглалын судалгааны тайланд дурдсанаар Австрали Улс цахим засгийн үзүүлэлтээр 2 дугаар байрт орсон нь тус улсын онлайн контентийн зохицуулалт үр ашигтай, шинэлэг болохыг харуулж байна.

1999 онд Австрали Улсын парламент интернетийн контентийг зохицуулахтай холбоотой хууль баталсан. Энэ нь 1992 оны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тухай хуулийн нэмэлт хэлбэрээр хуульчлагдсан. Энэхүү зохицуулалт нь интернетийн эрх чөлөө болон олон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангахад чиглэснээрээ онцлог юм.[1] Тодруулбал, тус зохицуулалт нь интернет буюу онлайн үйлчилгээгээр дамжсан, нийтлэгдсэн контент нь хүүхэд, өсвөр насныханд тохиромжгүй буюу хууль бус эсэхийг хянахад чиглэсэн байдаг.[2]

Энэхүү хяналтыг Австралийн өргөн нэвтрүүлгийн эрх бүхий байгууллага (ABA) дараах чиг үүрэгтэйгээр хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Интернетийн контенттой холбоотой гомдлыг хянан шалгах;
  • Хүүхэд интернетийг хэрхэн зохистой хэрэглэх, интернет хэрэглээний аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд өгөх;
  • Интернет хэрэглээний чиглэлээр судалгаа хийх;
  • Гадаадын холбогдох байгууллагуудтай харилцах.

Мөн тус байгууллага нь Австрали Улсад интернетийн контент байршуулсан этгээдтэй шууд харилцах замаар хууль бус буюу хориглосон контентийг устгуулах эрхтэй байдаг.

Мөн Австралийн интернетийн аюулгүй байдлын зөвлөх байгууллага болох NetAlert[3] нь 1999 онд холбооны засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан бөгөөд онлайн контентийг бэлтгэх, нийтлэх, хэрэглэхтэй холбоотой асуудлаар олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй бөгөөд гэр бүлд чиглэсэн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл, эх сурвалжаар хангадаг.

1995 онд батлагдсан Ангилал /Хэвлэл, кино, компьютерийн тоглоом/-ын тухай хуулийн дагуу боловсруулсан Үндэсний ангиллын дүрэм болон ангиллын удирдамжийн дагуу Ангиллын зөвлөл дараах контентыг хориотой (RC), насанд хүрэгчдэд зориулсан (X) ангилалд хамааруулсан байна.[4] Үүнд:

    • Гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэх аргыг нарийвчлан харуулсан, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхийг харуулсан материал;
    • Хүүхдийн порнограф;
    • Ёс бус бэлгийн харьцаа;
    • Хэт хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлтэй материал;
    • Бэлгийн харилцааны бодит дүрслэл.

Дээр дурдсан контентийн зохицуулалтаас гадна Австрали Улсад дараах бусад аргаар контентийг зохицуулж байна. Үүнд:

  • Шууд утас ажиллуулах;
  • Шүүлтүүрийн програм хангамж хэрэглэх;
  • Үнэлгээний систем хэрэглэх;
  • Боловсрол олгох;
  • Ухамсар, хандлага төлөвшүүлэх.

Дээрх арга замыг 1999-2004 онд хэрэгжүүлсэн Европын холбооны “Аюулгүй интернет бий болгох үйл ажиллагааны төлөвлөгөө” (SIAP)-нд тусгасан юм.[5]

Түүнчлэн Австрали Улсад Хүүхдийн цахим аюулгүй байдал хариуцсан комиссар бие даан үйл ажиллагаа явуулж буй нь шинэлэг бөгөөд чухал алхам болжээ. Тус комиссарт цахим хэлбэрээр гомдол гаргах төдийгүй https://www.esafety.gov.au/ гэсэн цахим хуудсаас аюулгүй цахим орчин бүрдүүлэхтэй холбоотой бүх талын зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой байна.

 

[1] Jennifer Mullaly. An Overview of Internet Content Regulation in Australia. September 30, 2016 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/01296612.2000.11771954?needAccess=true

[2] Susan Magnay.  Online content regulation. May 2004 http://www5.austlii.edu.au/au/journals/inCiteALIA/2004/92.pdf

[3] Australia’s internet safety advisory body http://www.netalert.net.au/

[4] Australian Human Rights Commission. Internet Regulation in Australia

https://www.humanrights.gov.au/publications/internet-regulation-australia

[5] Action plan for a Safer Internet 1999-2004 http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=LEGISSUM:l24190

Цахим орчинг үр ашигтай хэрэглэцгээеЦахим тоглоомд дурлагч хүүхдийн эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөө