Хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх мэдээ, мэдээллийг таних нь

August 22, 2017

Монгол Улсад Хүүхэд хамгааллын тухай хууль 2016.02.05-ны өдөр батлагдаж, 2016.09.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж үйлчилж байна. Тус хуулийн 8 дугаар зүйлд хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар зохицуулсан. Ингэхдээ эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилт, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална гэж заасан.[1]

Харин хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх мэдээ, мэдээлэл гэдэгт юуг ойлгох талаар тус хуульд тодорхойлоогүй байна. Иймд бусад эх сурвалжаас тодруулах, шинжлэх замаар хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх мэдээ, мэдээллийг таних хэрэгтэй байна.

2016 онд шинээр батлагдсан MNS 6587:2016 буюу “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага” стандартаас зохих тайлбар хийе. Учир нь тус стандартыг боловсруулахад Монгол Улсын болон Австрали, Англи, Канад, АНУ, БНСУ, ОХУ, Сингапур улсын эрх зүйн зохицуулалтыг үндэслэл болгосон бөгөөд ижил төстэй харилцааг зохицуулсан хэсгийг ижилтгэж, хэсэгчлэн ашигласан байна.[2] Мөн стандартын төслийг боловсруулах, хэлэлцэх явцад их сургуулийн профессор, сэтгэл зүйчид, хүүхдийн байгууллагаас тус тус санал авч байжээ. Тус стандартын 3 дугаар зүйлд хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй дараах зүйлийн агуулга, дуу, дүрс, үргэлжлэх хэмжээнээс шалтгаалан өргөн нэвтрүүлэгт насны ангиллыг ялгаатай тогтоохоор зохицуулжээ. Үүнд:

  1. аймшиг, харгислал, шашны харгис үзэл номлол
  2. архи, тамхи, архины донтолт
  3. бэлгийн харилцаа, эротик, садар самуун явдал
  4. гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлсэн буюу сурталчилсан илэрхийлэл
  5. зохисгүй, бүдүүлэг үг хэллэг, яриа
  6. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
  7. хүчирхийлэл, түрэмгийлэл, дарамт
  8. ялгаварлан гадуурхах үйлдэл.

Эндээс харахад дээр дурдсан найман төрлийн агуулгатай мэдээ, мэдээллийг хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх мэдээ, мэдээлэлд тооцож болох юм. Ингэж хэлэх нэг үндэслэл бол, ОХУ-ын 2010 онд батлагдсан “Хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөх мэдээллээс хүүхдийг хамгаалах тухай хууль”-д “хүүхдийн хөгжилд сөрөг мэдээ, мэдээлэл” гэдэгт Холбооны хуулийн дагуу хориглосон буюу хязгаарласан бөгөөд ёс суртахуунгүй агуулга, хүүхдийн бие бялдар, сэтгэц, оюун санааны хөгжилд хор хөнөөл учруулах мэдээ, мэдээллийг ойлгоно гэж хуульчилсан байна.[3]

Түүнчлэн бусад орны хууль тогтоомжид нэгэн адил дараах агуулга бүхий мэдээ, мэдээллийг хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Үүнд:

  • зохисгүй, бүдүүлэг үг хэллэг, хэл яриа (Монгол, Австрали, Англи, Канад, АНУ, БНСУ)
  • ялгаварлан гадуурхалт (Монгол, Австрали, Англи, АНУ)
  • мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис (Монгол, Австрали, Англи, БНСУ)
  • бэлгийн харилцаа, эротик – садар самуун (Монгол, Австрали, Англи, Канад, АНУ, БНСУ)
  • архи, тамхи, архины донтолт (Монгол, Австрали)
  • аймшиг, харгислал, шашны харгис үзэл номлол (Монгол, Англи, БНСУ)
  • хүчирхийлэл, түрэмгийлэл (Монгол, Австрали, Англи, Канад, АНУ, БНСУ)
  • гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлсэн буюу сурталчилсан – (Монгол, Австрали, Англи, БНСУ).[4]

Эцэст нь тэмдэглэхэд, бүх зүйл хурдан хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн эрин зуунд бүхнийг яг таг тодорхойлох нь тийм ч оновчтой биш байж болох юм. Үүнтэй холбоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар хүүхдэд зориулсан мэдээ, мэдээлэл нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн иргэн, хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтан энэ тухай гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэх боломжтой.

[1] Хүүхэд хамгааллын тухай хууль. “Төрийн мэдээлэл”. 2016 он, №09
[2]Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага.  http://estandard.gov.mn/file.php?sid=7406
[3] Федеральный закон Российской Федерации от 29 декабря 2010 г. N 436­ФЗ “О защите детей от информации, причиняющей вред их здоровью и развитию” http://www.refworld.org/cgi-bin/texis/vtx/rwmain/opendocpdf.pdf?reldoc=y&docid=5492c9a04
[4] L.Galbaatar. Legal regulations on age classification of TV content: Australia, Canada, Mongolia, Russia, Singapore, South Korea, UK and USA https://www.academia.edu/15069067/Legal_regulations_on_age_classification_of_TV_content_Australia_Canada_Mongolia_Russia_Singapore_South_Korea_UK_and_USA

Гар утас өөрөөсөө бусдыг дийлнэЦахим орчинг үр ашигтай хэрэглэцгээе