Б.Баярсайхан: цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхдүүдээ хамгаалах зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна

April 11, 2017

 

 

 

БМДИ-ээс эрхлэн гаргадаг “Багшийн хөгжил” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Б.Баярсайхан уригдаж ярилцлаа.

  -Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас хүүхдүүдийг цахим

гадуурхлаас сэргийлэх тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхэлжээ. Эндээс

ярилцлагаа эхэлье?

– “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т  “Бүх шатны боловсрол,

сургалтын байгууллагад нийгэм, сэтгэл зүй, дэд бүтцийн эрүүл, аюулгүй, ээлтэй орчин,

нийгмийн үйлчилгээг бий болгоно” гэж заасан.

Хүн төрөлхтөн өнөөдөр хоёр ертөнцөд зэрэгцэн амьдрах боллоо. Нэг нь бидний амьдарч

байгаа бодит ертөнц, нөгөөх нь цахим ертөнц. Мэдээллийн хурдтай эрин үед цахим

хэрэглээний сайн сайхныг өгүүлж баршгүй. Гэвч цахим хэрэглээний давуу талыг

хүртэхийн зэрэгцээ сөрөг нөлөөнд ч өртөж байна. Ялангуяа, дөнгөж төлөвших үедээ

яваа өсвөр насны хүүхдүүдэд маань хэрхэн нөлөөлж буйг томчууд бид анзаарахгүй

байгаа юм.

-Тухайлбал, хүүхдүүдэд цахим хэрэглээтэй холбоотой ямар асуудлууд тулгарч

байна вэ?

-Гадуурхагдах, хэл амаар доромжлуулах, буруу зүйл, буруу хүмүүст уруу татагдах бүр

цаашилбал, сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд өртөх, хүний наймааны

золиос болох, амиа хорлох хүртэл эрсдэлүүд хэдийнэ  бий болжээ. Энэ нь ганц Монгол

Улсад тулгамдаад байгаа асуудал биш, дэлхий нийтээрээ cуber bullying буюу

цахим гадуурхлаас хүүхдээ хэрхэн хамгаалах вэ гэдэгт маш их анхаарал тавьж байна.

Зарим улс орнууд, ялангуяа хөгжингүй орнууд цахим хэрэглээний сөрөг нөлөөллөөс

хүүхэд, олон нийтийг хамгаалахын тулд хуульчлах хүртэл арга хэмжээг авч эхэлсэн.

-Энэ талаар манай улсад, тэр тусмаа салбарын яамны зүгээс ямар бодитой

ажлуудыг хийж байна вэ?

-“Сургалтын орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний

тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны

өдрийн А/43 дугаар тушаал гарсан. Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор

аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газруудад албан бичгээр зөвлөмж

хүргүүлсэн. Энэ ажил сайн үр дүнтэй хэрэгжиж байгаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх

ухаан спортын яамнаас өнгөрсөн оны аравдугаар сард “Цахим гадуурхал цаашаа” нэртэй

аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд улсын хэмжээний бүх цэцэрлэгүүдэд “Би найзыгаа

шоглодоггүй, гадуурхдаггүй” үйл ажиллагааны удирдамж хүргүүлж, бага насны хүүхдийн

сэтгэхүйн онцлогт тохируулан Ханс Христиан Андерсений “Нугасны муухай дэгдээхий”

зохиолоор дамжуулан бие биеэ хүндлэн хайрлахыг ойлгуулсан сургалтыг зохион

байгуулсан. Түүнчлэн аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын

удирдлагууд, нийслэлийн EБС-ийн сургуулийн захирлуудтай уулзалт зохион байгуулж,

цахим орчин дахь зохистой хэрэглээний талаар ярилцан, хүүхдүүдэд энэ талаар хэрхэн

ойлгуулах, ямар арга хэмжээ авах талаар чиглэл өгсөн.

-Зөвхөн боловсролын байгууллагууд гэлтгүй олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийх

шаардлагатай болов уу. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгээс гадна олон нийт,

иргэд, эцэг, эхчүүдэд энэ талаархи ойлголтыг өгөх нь чухал шүү дээ?

-Мэдээж тэгэлгүй яахав. Тухайлбал, UBS телевизийн хамт олон жил бүр зохион

байгуулдаг “Universe Best Songs” наадмынхаа уриаг “Цахим ертөнцөд соёлтой

оролцоцгооё” болгож, манай аянд нэгдэж, энэхүү аяныг дэмжиж байгаад маш их талархаж

байна. Энэ наадамд оролцож байгаа оролцогчид, шүүгчид, үзэгчид хүртэл цахим

ертөнцөд соёлтой оролцохын төлөө дуу хоолойгоо өргөж байна. Миний бие энэхүү

наадмын гуравдугаар шатны шалгаруултад тэнцсэн 70 оролцогчидтой уулзаж, ярилцсан.

Хүүхдүүд цахим гадуурхалд хэрхэн  өртөж байгаа бодит жишээнүүдийг ярьж, тэдний

нийгэмдээ, үе тэнгийнхэндээ үзүүлэх нөлөө, мөн “од” хүний  нийгэмдээ ямар сайн сайхан

үрийг тарьж байх ёстой талаар ярилцсан юм. Олон нийтээс хүртсэн алдар хүндээ хэрхэн

буцааж нийгэм, олон нийтийнхээ сайн сайхны төлөө зориулах ёстой талаар зөвлөсөн.

Үүнийг хүүхэд, залуус маш сайхнаар хүлээж авсан. Дэлхийн сайхан бүсгүйг

шалгаруулахдаа хүмүүнлэгийн үйлсэд хэрхэн оролцдогоор нь дүгнэдэг нь санаандгүй

хэрэг биш.

Мөн “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ноос “Цахим орчин дахь гадуурхал” сэдвээр

эссэ бичлэг, гар зургийн уралдааныг орон даяар зарласан. Энэ уралдаан хүүхдүүдийн

авъяас чадварыг үнэлэхээс гадна, сайн оролцоотой сургуулиудыг шалгаруулах юм. Мөн

“Цахим гадуурхал цаашаа” аянд сургуулиуд нэгдэж эхлээд байна. Жишээлбэл, Хан-Уул

дүүргийн 52, Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс,

Нийслэлийн бүх нийгмийн ажилтнуудын дунд нэг өдрийн сургалт, хэлэлцүүлэг зохион

байгуулан, багш нарын дунд илтгэл, эссэ бичлэгийн уралдаан зарлаж, энэ ажил маань

хүрээгээ тэлж, үр дүнтэй өрнөж байгаад баяртай байна.

-Өнөөдөр цэцэрлэг, сургуулийн түвшинд улсын хэмжээнд 30 гаруй мянган багш

ажиллаж байна. Багш гэдэг хүн дан ганц мэдлэг боловсрол олгохоос гадна

хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг тодорхойлдог луужин гэдэгтэй та санал нийлэх

үү?

-Хүүхэд бүр багшийгаа хамгийн эрхэм, мундаг, зөв хүн гэж хардаг. Бараг эцэг, эхээсээ ч

илүү эрхэмлэн дээдэлдэг багш хүний гаргах өчүүхэн алдаа хүүхдийн сэтгэл зүрхэнд зүү

“шивэх” мэт тусдаг. Тиймээс багшаас харилцааны ямар нэгэн алдаа огт гарч болохгүй.

Миний ч, таны ч бага насны дурсамжид нэг тийм жишээ байгаа гэж бодож байна. Ер нь

хүүхэд нас сэтгэлзүйн хувьд ихээхэн онцлогтой байдаг учраас дурсамжууд маш тод

үлддэг, ялангуяа таагүй дурсамжууд.

-Багш нар зөвхөн мэдлэг боловсрол төдийгүй хүүхдийн сэтгэл зүрхийг хөгжүүлдэг

байхын тулд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй болов уу?

-БСШУСЯ- ны төлөөлөл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд саяхан

ажилласан.  Энэ үеэр тус инситутээс зохион байгуулдаг багшийн мэргэжил, ур чадварыг

дээшлүүлэхийн зэрэгцээ, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг үндэсний

хэмжээнд яаж зохион байгуулах талаар ярилцсан. Монголын багш нарыг ёс зүйгүй гэж

хэлж байгаа юм биш. Дэлхий ертөнц маань өөрөө хурдацтай шинэчлэгдэж, хөгжиж

байна. Ёс зүйн хэм хэмжээ, юуг ёс зүйн алдаа гэх вэ гэдэг ойлголт нь хүртэл шинэчлэгдэж

байгаа үед бидэнд шинэ мэдээлэл, сургалт зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал

нийлж,   БМДИ-ээр дамжуулан сургалтуудыг зохион байгуулахаар шийдсэн. Энэ

сургалтын агуулгат нь багшийн мэргэжлийн ёс зүйн хичээлээс гадна

цахим гадуурхалаас хүүхдийг хэрхэн урьдчилан сэргийлэх, ийм асуудалд өртсөн бол ямар

тусламж үзүүлэх, тухайн хүүхдийг хэрхэн өөртөө итгэлтэй болгох, хүнд хэцүү нөхцлийг

даван туулахад нь туслах, зөвлөмж өгч чаддаг байх, цаашид амжилттай хэвийн суралцах

нөхцөл бололцоог бий болгох, мөн хүүхдүүд бие биенийгээ хэрхэн хайрлаж, хүндлэхэд

зөвлөх сургалт зэргийг багтаах юм. Багш нарын маань ажиллах нөхцөл хүнд, ажлын

ачаалал их, цалин бага гэдгийг би мэднэ. Гэхдээ хийж байгаа ажилдаа  ёс зүйтэй хандах,

хүүхдийг хайрлаж, хүндлэхэд  цалин, мөнгө нөлөөлөхгүй гэдгийг би онцлон хэлмээр

байна.

-Цахим гадуурхалын эсрэг аяныг яамнаас гадна өөр ямар байгууллага дэмжиж

хамтарч ажиллаж байгаа вэ?

-Нийгэм, олон нийт, эцэг, эхчүүд, хэвлэл, мэдээллийн байгууллагууд бидний ажлыг маш

нааштайгаар хүлээн авч, дэмжиж байна. Түүнээс гадна НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн

банк, Дэлхийн Зөн олон улсын байгууллага зэрэг олон улсын байгууллагууд, “Харилцаа

холбооны зохицуулах хороо” зэрэг олон байгууллагууд дэмжиж байгаа. Бид Дэлхийн

банкны санхүүжилтээр монголын ЕБС-иудын дунд цахим гадуурхал ямар түвшинд байгаа

талаар судалгаа явуулж байна. Судалгааны үр дүнтэй УИХ дахь Нийгмийн бодлого,

боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос танилцана гэсэн. Энэхүү

судалгааны үр дүн бидний хийх ажлыг илүү тодорхой болгоно гэж харж байгаа. Дашрамд

дурдахад, сургууль, хамт олон, хүүхдүүд хүсвэл, мөн цахим ертөнцөд соёлтой оролцох

шийдвэрээ гаргавал, хэн нэгнийг доромжлох, гүтгэх, гадуурхах нь муухай гэдгийг хүлээн

зөвшөөрвөл UBS телевизийн “Universe best songs” наадмын зохион байгуулагчдад

хандаж, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх боломжтой. Гэхдээ үүнийг сургууль, багшийн

зүгээс хүчээр зохион байгуулах биш, харин хүүхдүүд маань чин сэтгэлээсээ цахим ертөнц

дэх харилцааны эерэг, сөрөг талыг ойлгож, соёлтой хэрэглэх шийдвэрээ гаргасан байх

ёстой. Сурагчдын ашигладаг фэйсбүүкийн хаалттай группүүдэд ямар асуудал яригддаг,

ямар үг, хэллэг хэрэглэгддэг, гадуурхал ямар хэлбэрээр явагддаг талаар олон нийтэд

хүүхдүүд маань өөрсдөө хүргэвэл сайн. Хүүхдүүд энэ асуудлаа илэн далангүй ярьж,

өөрсдөө шийдэлд хүрч, бид ийм бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэггүй, бие биеэ гадуурхдаггүй

хамт олон болохоор шийдэлд хүрэх нь бага гэлтгүй энэ ажлын үр дүн юм.

-Цаашид багш нар, томчууд юунд анхаарах шаардлагатай вэ?

-Эцэг, эх бүрийн чин хүсэл бол хүүхдээ зөв, эрүүл, ажил мэргэжилдээ дур сонирхолтой

сайн хүн болоосой гэж хүсдэг. Манай төрийн бодлого ч өрсөлдөх ур чадвартай, чанартай

мэдлэг боловсролтой, зөв иргэнийг төлөвшүүлэхэд чиглэдэг. АНУ-ын эрдэмтэн

Маслоу 1943 онд хүний хэрэгцээний онолыг хэрхэн тодорхойлсныг багш нар маань сайн

мэдэж байгаа. Физиологийн хэрэгцээ, аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ, бусдаар

хайрлагдах, хүндлэгдэх хэрэгцээ нь хүний СУУРЬ хэрэгцээ байдаг. Суурь хэрэгцээг нь

хангалттай бий болгож чадаагүй хэрнээ сурч, боловсрох, гэгээрэх, танин мэдэх хэрэгцээг

чанартай байлгах боломжгүй юм. Бид хүүхэддээ муу хоол өгчихөөд чи сайн сур,

тэднийгээ элдэв дарамт, доромжлолд өртүүлчихээд чи гэгээр гэж шаардах эрхгүй. Үүнийг

үлгэрлэх хамгийн эхний хүн бол багш юм. Миний харилцаа хүүхдэд үлгэр дуурайл болно,

миний харилцаа толь юм гэдгийг багш алхам тутамдаа ухамсарлах шаардлагатай.

Багшийгаа дуурайж гэртээ янз бүрийн дуу хоолой, үйлдэл хүүхдүүд маань гаргадаг шүү

дээ. Тэр үед нь бид инээдэм, наргиан болгоод өнгөрдөг. Гэтэл үүний цаана хүүхэд багш

таны үг, үйлдлийг хэчнээн хурцаар тусгаж авч байгааг харж болно.

-Тэгэхээр цаашид бид хүүхдүүддээ ур чадвараас гадна эерэг хандлага, ёс зүйг олгох

тал дээр хаа хаанаа анхаарах хэрэгтэй болжээ?

-Тиймээ, мэдлэг боловсрол, чадвар бүгд чухал. Гэхдээ энэ бүгдийн эхэнд ёс зүй, хүндлэл,

эерэг хандлага чухал гэдгийг бид сүүлийн хэдэн жил маш тодоор харж байна. Нийгэм

маань тэр чигээрээ ёс зүйн доройтолд орж байна. Иймээс соён гэгээрүүлэгчид бид

хүүхдүүддээ энэ чухал чанаруудыг цэцэрлэгийн наснаас нь суулгах, төлөвшүүлэх ёстой

юм. Хэрвээ та төлөвшөөгүй, ёс зүйгүй, худлаа хэлдэг, хүүхдэд гар хүрдэг, ялгаварлан

гадуурхдаг, харилцааны доголдолтой, бусдыг хүндэлдэггүй бол хэчнээн өндөр

боловсролтой, мэдлэг чадвартай байгаад ч багш гэдэг эрхэм нэрийг зүүх эрхгүй.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 92 хүүхэд сэтгэл гутрал, дарамт, хүчирхийллээс болж

амиа хорлосон гэсэн судалгаа гарсан. Мөн НҮБ-ын судалгаагаар өсвөр насны 10 хүүхэд

тутмын гурав нь амиа хорлох тухай боддог гэсэн судалгаа байна. Багш нар маань хүүхдээ

ажиглаж, анзаарах хэрэгтэй. Бусдыгаа гадуурхаж байгаа хүүхэд ч, гадуурхагдаж байгаа

хүүхэд нь ч сэтгэл санааны хямралд ордог. Ерөнхий шинж тэмдэг нь хичээлээ таслах,

хичээлдээ дургүй болох, сурлага муудах, хаагдмал, ганцаардмал, зожиг болох, бэлгийн

амьдралд эрт хөл тавих гэх мэт зан аашийн хувьд сөрөг зүйлс ажиглагдана. Үүнийг

харсан, мэдсэн гэрч хүүхдүүдийн хувьд ч тухайн хүүхдийн өмнөөс шаналах, гутрах,

хичээлдээ дургүй болох, хэн нэгнийг дуурайж буруу үйлдэл хийх зэргээр илэрдэг болохыг

Оксфордын судалгаа харуулсан байдаг.

-Цахим гадуурхал болон хүүхдийн сэтгэлзүй, хандлага төлөвшлийн тал дээр

хамгийн түрүүнд санаа тавих хүмүүс бол мэдээж эцэг, эх. Энэ тал дээр гэр бүл,

сургуулийн хамтын ажиллагаа чухал болов уу?

-Мэдээж хүүхэддээ номер нэг анхаарах хүмүүс бол гэр бүл эцэг, эх нь. Би яагаад багш нар

гээд онцлоод байна вэ гэхээр гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж байгаа

хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Эцэг, эхчүүд, томчууд өөрсдөө цахим ертөнцөд ёс

зүйгүй, зохисгүй үг, үйлдэл хийж, буруу үлгэр дуурайл хүүхэд, залууст үзүүлсээр байгаа.

Үүнийг өнөөдөр сошиал ертөнц дэх наад захын мэдээ, мэдээлэлд бичиж байгаа бүдүүлэг

үг, хэллэг хэрэглэсэн сэтгэгдлүүдээс харж болно. Манай нийгмийг хамгийн ихээр хямрааж

байгаа зүйл бол энэхүү үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх нэрийдлээр бусдыг гутаах,

доромжлох, бүлэглэх, үгээр хүчирхийлэх, гүтгэх болсон энэ замбараагүйтлээс үүдэлтэй.

Харамсалтай нь энэхүү “соёл”-ыг хүүхдүүд маань өөрсдийн амьдарч буй цахим ертөнцөд

өвлөн хэрэгжүүлж байна. Томчууд бид ямар нэгэн доромжлолыг тэсвэрлэж чадна. Харин

ялангуяа өсвөр насны бяцхан хүүхдүүдэд маань даахын аргагүй сэтгэлийн зовлонг

авчирдгийг АНХААРАХ хэрэгтэй.

Гэр бүлийн тайван бус орчинд амьдардаг, ямар нэгэн байдлаар сэтгэлийн дарамттай,

хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийн хувьд сургууль, хамт олон, багш нар нь бүрэн дүүрэн

хайр, хүндэтгэл өгч чаддаг орчин байгаасай. Гэр бүлээсээ авч чадахгүй байгаа хайр,

хүндэтгэлийг анги хамт олон, багшаасаа авч чадаж байвал хэчнээн сайхан бэ. Иймээс би

багшийн үүрэг, хариуцлагын талаар түлхүү ярьлаа. Ер нь хүчирхийлэл, ялангуяа цахим

орчин дахь гадуурхал, доромжлолд хэн ч өртөх боломжтой тул хүн бүр энэ асуудалд

санаа тавьж, ойлгож, ухамсарлах цаг ирээд байна. Яагаад гэвэл хүн гэдэг нийгмийн

амьтан, өөрсдийн хүүхдүүдийг ийм асуудлаас ангид байх юм шиг үл тоох, үүний төлөө

ямар нэгэн алхам, өөрчлөлт хийхгүй байх нь ирээдүйд хүүхдийнхээ амьдрах орчинг муу,

муухайгаар зурж, үлдээж байгаагаас өөрцгүй. Тэр л үед үр хүүхэд минь үлдэх энэ

нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн зүйл хийхгүй яав даа гэж харамсахгүйгээр

хүүхдийн сайн сайхны төлөө, ирээдүйн сайхан нийгмийн төлөө чин сэтгэлээсээ хичээж,

соёлтой амьдрах хэрэгтэй байна. Ярилцсанд баярлалаа.

Хүүхдийг цахим орчинд бусдын дарамт, зүй бус нөлөөллөөс хамгаалах ньАнхаарал сулралд цахим хэрэглээний үзүүлэх нөлөөлөл