Эцэг, эхчүүд хүүхдийн хувьд цахим ертөнцийн газарчин

March 22, 2017

Орчин үед хүүхдүүд цахим ертөнц болон техник, технологийн хэрэглээний талаар эцэг эхээсээ ч илүү мэдлэг мэдээлэлтэй байх нь элбэг болжээ. Гэсэн ч үр хүүхдээ цахим орчинд эрсдэлтэй үйлдэл хийхээс нь өмнө урьдчилан сэргийлэхийн тулд мэдвэл зохих хэдэн зөвлөмжийг та бүхэнтэй  хуваалцья. Учир нь эцэг эхчүүд хүүхдийнхээ хувьд амьдралын хөтөч, газарчин билээ.

Юуны түрүүнд та бүгдийг цахим хэрэглээ л гэхээр хүний биед хортой, муу зуршил бий болгодог, цаг өнгөрөөх шилдэг арга хэрэгсэл, бага насны хүүхдэд бүр ч хэрэггүй зүйл гэх мэт өрөөсгөл ойлголтоосоо салахыг зөвлөж байна.

Цахим хэрэглээг зөв зохистой ашиглаж чадвал хүн төрөлхтөн өөрийн мэдлэгээ гэрлийн хурдаар арвижуулаад зогсохгүй өөрийгөө хөгжүүлж болох томоохон талбар таны өмнө нээгдлээ л гэсэн үг. Энэ нь хүүхдийн хувьд ч ялгаагүй юм.

Тэд онлайнаар хүссэн зүйлсээ судалж мэдэн, өөрийгөө хөгжүүлж болно. Хүүхдийн хувьд суралцах үйл явц нь насанд хүрсэн хүнээс хэд дахин өндөр тул шинэ содон зүйл дэлгэрэхэд түүнийг биднээс илүү чадамгай эзэмшиж өөрийн болгодог юм.

Тиймээс та цахим хэрэглээний талаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж тэд ямар програм ашиглан чаталдаг, дуу хөгжим, видео, ном гэх зэргийг онлайнаар татан хэрэглэдэг талаар асууж тэднээс суралцаж болох юм. Энэ нь та болон таны хүүхдийн харилцаанд шинэ хуудас нээх эхний алхам болно. Гол нь түрүүн хэлсэнчлэн бидний суралцах чадвар буурсан байдаг тул та хүүхдээ залхаалгүй, бага багаар техник технологитой харьцах арга барилд суралцахыг хүсье.

Хүүхэд тань магадгүй таныг иймхэн зүйл мэдэхгүй гэж хэлсэн ч ичиж зоволгүй,  уурлаж бухимдалгүй тууштай үргэлжлүүлэн заалгах нь бидэнд хэрэгтэй шүү.

Нэгэнт та цахим ертөнцийг тодорхой түвшинд мэдэх тул тэдний цахим хэрэглээнд хяналт тавьж, гэмт хэргийн золиос болохоос нь сэргийлэх боломжтой. Иймд танай гэр бүл цахим хэрэглээг ашиглах дүрмийг хүүхэдтэйгээ хамт зохиохыг зөвлөе.

  1. Өдрийн ихэнх цагаа цахим орчинд бус амьд харилцаанд тулгуурлахыг харилцан тохиролцох.

Цахим хэрэглээний хувьд цагийн хязгаарлалт их чухал билээ. Учир нь хүүхэд байтугай томчууд ч цахим ертөнцөөр аялахдаа цаг хэрхэн өнгөрч байгааг мартчихдаг. Иймд хүүхэд гэлтгүй та гэр бүлийн бүх гишүүдтэйгээ харилцан ярилцаж тохиролцон цагийн хязгаарлалтыг бий болгох хэрэгтэй.

Бага насны хүүхдийн хувьд өдөрт 1-2 цаг дэлгэцтэй харилцахад хангалттай. Энэ нь эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөө ч үзүүлэхгүй юм. Харин өсвөр насныхан болон томчуудын  хувьд дээд тал нь 3 цагийг зарцуулах нь хангалттай хугацаа юм. Түүнчлэн нэн шаардлагатай үед илүү 1-2 цагаар компьютерийн өмнө суухыг нь зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Бүлгийн ажил, гэрийн даалгавар зэргээ хийхэд интернет ашиглах шаардлагатайг үгүйсгэж болохгүй юм. Ингэж цагийн хязгаарлалтыг бий болгосноор бидний хүсээд байдаг гэр бүлийн цаг, амьд харилцааг бий болгоход тус нэмэр болно.

  1. Kомпьютер болон бусад цахим хэрэглээний төхөөрөмжийг аль болох хувийн орон зайтай газар ашиглахыг нь хориглох. /унтлагын өрөө, ариун цэврийн өрөө г.м /

Ихэнх сөрөг үйлдлүүд далд хэлбэрээр бий болдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Үүнтэй ижилхэн хүүхдүүдэд хэт их хувийн орон зай өгч, хяналтгүй байлгаснаар эрсдэлтэй үйлдэл хийх магадлал өндөр байдаг тул ядаж орон зайн хувьд гэр бүлийн нээлттэй орчинд компьютер, wireless-ийн төхөөрөмжөө байршуулах нь цахим хэрэглээг хянахад дөхөм болох юм.

Олон хүмүүсийг ажиглаад байхад хувийн орон зайгаа эдлэх хамгийн тохиромжтой газар нь угаалгын өрөө юм. Энэ нь нэг талаараа урт хугацаагаар интернетээр аялах завшааныг олгодог, Энэ байдлаас зайлсхийхийн тулд гар утас болон бусад цахим хэрэглээнд ашиглах төхөөрөмжийг угаалгын өрөөнд авч орохгүй байхаар тохиролцох хэрэгтэй.

  1. Хүүхэд тань ямар сайтаар орж, хэнтэй ямар програм ашиглан харилцаж байгааг ажиглаж байх хэрэгтэй.

Хүүхдийнхээ цахим хэрэглээг ажигла гэдэг нь хувийн орон зайд нь үргэлж нэвтэрч, бүх үйлдэлд нь харгалзагч бол гэсэн үг биш юм. Зөвхөн цахим сөрөг хэрэглээг л багасгах гэж оролдох хэрэгтэй. Сүүлийн үед эрүүл цахим орчин  гэсэн програмууд их дэлгэрч байна. Эдгээр програмуудаас дурдахад зохисгүй сайт орох, цахим тоглоом татах зэрэгт хориг тавих, цагийн хязгаарлалтыг тохируулах, орсон сайт бүрийг санах зэрэг олон төрлийн эрүүл орчинг бүрдүүлж болохуйц програмуудыг ашиглах боломжтой. /http://www.toptenreviews.com/software/articles/best-parental-time-control-software-review/ Энэ нь магадгүй техник технологийн мэдлэг муутай томчууд бидэнд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянахад амар дөхөм болно.

  1. Хүүхдээ өөртэйгээ нээлттэй харилцах бүх нөхцөлийг бүрдүүлээрэй. Яагаад гэвэл та бол тэдний амьдралын газарчин нь шүү дээ.

Эцэг эхчүүд бидний гаргадаг  нэг алдаа нь  хүүхэд тань зөвлөгөө авахаар танд хандах үед  бид үргэлж захирангуй байдлаар  ханддаг нь хүүхэдтэйгээ харилцахад хаалт үүсгэж байдаг байна. Энэ хаалт нь хүүхдийг  буруу мэдээлэл олж авах, эрсдэлт үйлдэл хийлгэх нэг шалтгаан болдог. Ялангуяа эцэг эхчүүд бид хүүхдээ алдах эрхгүй мэт ханддаг нь хүүхдийг биднээс түрүүлж тусламж авах боломжийг хаадаг байх нь.

Нэгэн жишээ дурдахад нэг охин компьютер дээрх  бүх програм нь устсанд эцэг эхээсээ айн асуудлыг өөрөө шийдвэрлэхээр шийдэж ангийн хөвгүүнээсээ тусламж гуйтал тэр хөвгүүн хариуд нь охины хүсээгүй зүйлийг хийлгэх гэсэн нь охинд их хүнд туссан байна.  Энэ мэтчилэн таны хүүхдэд ч гэсэн иймэрхүү эрсдэлтэй байдлууд үүсч болох талтай.

Иймд эцэг эхчүүд бид хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж, юуны түрүүнд загнаж буруутгахыг урьтал болголгүйгээр асуудалд тайван хандаж, засч залруулагч нь байж, аливаа асуудлыг хамтдаа шийдвэрлэх гэж хичээх хэрэгтэй. Бид чинь хүүхдийнхээ хувьд хамгаалагч нь, амьдралыг  чиглүүлэгч, урмаар тэтгэгч нь билээ.

5.Хамтдаа байхад бүх зүйл бүтнэ гэдгийг түүнд мэдрүүлэх хэрэгтэй.

Аливаа зүйлс эв эеийг эрхэмлэж чадвал бүхнийг бүтээх чадалтай байдаг. Үүнтэй нэгэн адил цахим хэрэглээний талаар дүрэм зохиох гэж байгаа бол хүүхэдтэйгээ харилцан тохиролцож, түүний зөвшөөрлийг авч байж дүрмээ хэрэгжүүлээрэй. Ингэхдээ хүн бүрт энэхүү дүрмээ адил тэгш үйлчилхээр зохиовол хүүхдэд тань барьцах зүйл гарахгүйгээс гадна дүрэм тань бүрэн утгаараа хэрэгжих боломжтой юм. Дүрмээ бүгд хүлээн зөвшөөрсний дараа нүдэнд ил харагдах газар байршуулаарай. Хүүхэд цаг ямагт дүрмээ харж байх нь амлалтаасаа буцахгүй байх баталгаа нь болж дүрмийг хэрэгжүүлэхэд хялбар болох болно.

Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн

 

Мэдээллийн эх сурвалж

 

  1. 儿童上网 需要健康上网软件来看护(2012)
  2. Parental controls are an important way to keep your child safe online.
  3. Best Parental Time Control Software Review

 

Цахим хэрэглээ бол ертөнцийг холбох гүүр юмОлон нийтийн цахим сүлжээн дэх мэдээллийн үнэ цэнийг тодорхойлох нь