Цахим ертөнц хүүхэд асрагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй

February 14, 2017

Орчин үед эцэг, эхчүүд нялх балчир үрсээ хооллохдоо гар утсаараа хүүхэлдэйн кино үзүүлэн байж арай ядан анхаарлыг нь татсаны үндсэн дээр хооллох үзэгдэл нэлээдгүй их байна. Түүнчлэн эцэг эхчүүдийн бусад үйлдлийг нь сайтар ажиглавал хүүхдийнхээ асрагчаар зурагт, гар утас зэрэг ухаалаг дэлгэцийг сонгодог болжээ.

Урт хугацаагаар дэлгэц ширтэх нь хүүхдэд муу нөлөөтэйг эцэг эхчүүд сайтар мэддэг хэдий ч, яг ямар сөрөг нөлөө үзүүлдгийг тэр бүр ойлгодоггүйгээс болж хүүхэд асрагчаар ухаалаг дэлгэцүүдийг сонгодог байна.

cyber-1702141

Тэгвэл хүүхдэд ухаалаг дэлгэцийн үзүүлэх хор хөнөөл нь бидний мэдэхээс илүү олон асуудлыг дагуулдаг байна. Үүнд:

 

Хүүхдийн хувьд мэдрэлийн ядаргааны эх үүсвэр

Сүүлийн жилүүдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 0-6 насны хүүхдүүд мэдрэлийн ядаргаанд орсон байдалтай ирж, эмчлүүлэх нь эрс нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь мэдээж хэрэг дэлгэцийн хор нөлөөтэй холбоотой. Өөрийгөө удирдах чадвар нь сул хүүхдийг бага насанд нь буруу зуршилтай болгож өсгөн хүмүүжүүлж буй нь томчууд бидний алдаа юм.

Мэдрэлийн ядаргаанд орсон хүүхэд үе үе нүдээ анивчих, гар хуруугаа оролдох, гэнэт чанга дуу гаргах, өөрөө ч мэдэлгүй хоолойгоо засах, хэт хөдөлгөөнтэй болох, хараа болон сонсгол нь эрс муудах, хүзүү, сээр нурууны эмгэгтэй болох үндэс суурийг тавьдаг учир мэдрэлийн эмч нар бага насны хүүхдийг аль болох зурагт, гар утас, ipad зэрэг дэлгэцээс хол байлгахыг анхааруулж байна.

 

Хүүхдийн хэл ярианы чадварыг саармагжуулагч

 

Тайланд улсын эрдэмтэд 110 эрүүл хүүхэд болон 56 хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг хооронд нь харьцуулан судалжээ. Судалгаанаас үзэхэд 0-1 насны хүүхэд өдөрт хоёроос илүү цагаар зурагт үзэх нь хэл ярианы бэрхшээлтэй болох магадлалыг 6 дахин нэмэгдүүлдэг гэдгийг тогтоосон байна.

Мөн Америк, Япон улсын эрдэмтдийн хийсэн үүнтэй ижил төстэй судалгааны тайланд хүүхэд хэл ярианы бэрхшээлтэй болох шалтгааныг хэт багаасаа зурагт үздэг байсантай нь холбон үзжээ.

 

Хүүхэд зурагт үзэх үедээ дүрс болон дуу авиаг сайн ялгаж ойлгох хэдий ч, харилцан яриа үүсэхгүйгээс гадна хариу үйлдэл хийх боломжгүй юм. Ингэснээр хүүхэд зөвхөн мэдээлэл хүлээн авагч болох тул хэл ярианы чадварт зурагт болон дэлгэцийн сөрөг нөлөөлөл их байна гэсэн дүгнэлтэд хүржээ.

 

Сэтгэн бодох чадварын дайсан

 

Герман улсын хүүхдийн сэтгэл судлаач P.Winterstein болон R.Jungwirth нар 5-6 насны 2000 хүүхэд дээр зурагтыг урт хугацаагаар үзэх нь хүүхдийн сэтгэн бодох чадварт хэрхэн нөлөөлж буйг судалгаа хийсэн байна. Энэхүү судалгаа нь хүүхдүүдийг зурагт үздэг хугацаагаар нь 2 бүлэг  болгож хүүхдүүдээр “Хүн” зуруулж үр дүнг танилцуулжээ.

1-р бүлэг болох өдөрт 1 цаг л зурагт үздэг хүүхдүүдийн зурсан  “Хүн”

cyber-1702142

2-р бүлэг болох дунджаар өдөрт 3 цаг зураг үздэг хүүхдийн зурсан “Хүн”

cyber-1702143

Яахын аргагүй няцааж үл болох үр дүн гарсан байгааг та бид дээрх зургаас харж болно. Тодруулбал, хүүхэд зурагтын кино, нэвтрүүлэгт татагдана уу гэхээс ойр орчинд юу болж байгааг сонирхох хүсэлгүй болсноор тухайн хүүхдийн нийгэмшил, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэгт сөргөөр нөлөөлөн ганцаардмал зожиг болгох магадлалтай юм.

 

Дэлгэцийн донтон бэлтгэгдэж байна

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг бол одоо цагт дэлгэцийн донтогч болох багаасаа л болох гээд байна уу даа гэлтэй. Хүүхдээ асарч хүмүүжүүлэх энэ л буруу арга барил хүүхдийг сэтгэцийн эмгэгтэй болох суурь нь болж байгааг эрдэмтэд тогтоогоод байна.

Америкийн сэтгэл судлаачид 10-11 насны хүүхдүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа хийж үзэхэд өдөрт олон цагаар зурагт болон дэлгэцийн урд байдаг хүүхэд нь сэтгэл хөдлөл их байдгаас гадна, бусадтай харилцахдаа асуудалтай байдгийг тогтоожээ. Энэ байдал нь яваандаа даамжирч сэтгэцийн эмгэгтэй болоход нөлөөлж байна.

Хүн хүмүүжүүлэх нь амьд харилцаан дээр үндэслэдэг болохоос техник технологиор дамжуулан хүмүүжүүлнэ гэж огт байхгүй болохыг дээр дурдсан судалгаанууд харуулж байна.

Иймд дараах 3 зүйлийг хэрэгжүүлж чадвал хүүхэд тань эрүүл чийрэг өсч бойжихоос гадна, хүн шиг хүн болж хүмүүжих нь гарцаагүй юм. Хүүхдийг асран хүмүүжүүлэхэд томчууд бидний анхаарах зүйлс:

 

  1. Асар их тэвчээр хэрэгтэй

Хүүхэд асарч хүмүүжүүлнэ гэдэг нь эцэг эхчүүдээс тэсвэр тэвчээр, ур ухаан шаардаж байдаг. Өдөр бүр танд тулгарч болох саад бэрхшээл бүрийг тэвчээрийн сорил болгон, эерэг зөв хандлагаар даван туулж байгаарай.

Хүүхэд тань уйлж зөрүүдлэх, үгэнд орохгүй байх мөч бүрд та өөрийн тэвчээрийг сорин, өөрийгөө хэр сайн хянаж чадаж буйгаа шалгаад нэг үзээрэй. Эцсийн мөчид та хүүхдээ номхтгож чадсанд бус, аливаад хэрхэн ухаалаг хандаж асуудлыг шийдвэрлэсэнд учир нь буйг ойлгоно. Өдөр бүр та хүүхэдтэйгээ хэрхэн харилцах байдлаас хүүхдийн тань зан төлөв, хандлага тодорхойлогдож байдаг юм шүү.

2.Үлгэрлэл

 

Та нэгэнт л хүүхдийнхээ ирээдүйн тусгал болсон хойно, өөрт тань байх сайхан зан чанар, зуршил бүрийг хүүхдийнхээ дэргэд хийж байгаарай. Ингэхийн тулд та өөрөө өөрийгөө хүмүүжүүлж, өөртөө зөв дадал зуршлыг бий болгох хэрэгтэй. Та л үлгэрлэж байж хүүхэд тань танаас суралцана шүү дээ.

 

3.Амьд харилцаа

 

Хүнийг хүн болгон хүмүүжүүлэхэд яалт ч үгүй амьд харилцаа их чухал байдаг. Мянга дэлгэцээр хүн хүнтэйгээ хэрхэн харилцаж буйг үзээд, өөрөө хүртэж мэдрээгүй бол хүүхэд яг л робот мэт болж хүмүүжих нь дамжиггүй юм. Бид байгаль эх, ан амьтан гээд бүхий л зүйлсээс хайрыг мэдэрч, бусдад түгээж, бусадтай харилцаж нийгэмшин оршиж байдаг. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гарган хамт тоглож, мэдэхгүй зүйлийг нь төвөгшөөлгүй тайлбарлаж, байгаль орчинтой сайн танилцуулж байхыг хичээгээрэй.

 

Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж

  1. Ж.Солонго: Ирээдүйгээ эрэмдэглэгчид нь ЭЦЭГ, ЭХЧҮҮД (2016)
  2. Frequent TV Viewing Causes Retardation of Comprehension (2013)
  3. Yolanda “Linda” R. Chassiakos, M.D., FAAP: Technical report on youths’ digital media use answers 25 clinical questions
  4. 果壳童学馆:多大的孩子才可以看手机?一天限制一小时对吗?美国儿科学会最新修订准则给你答案(2016)

 

Олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан од болох хүсэл”ЦАХИМ ОРЧИН ДАХ ГАДУУРХАЛ” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН