Олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан од болох хүсэл

February 03, 2017

Хүн бүхэн л бага наснаасаа тухайн орон зай, цаг хугацаандаа бусдад хүлээн зөвшөөрөгдөн бүхний анхаарлын төвд байж од болохсон гэх хүсэл эрмэлзэлтэй байдаг нь нуухын аргагүй үнэн юм.

Орчин цагт энэ мөрөөдлийг нь биелүүлэхэд сошиал ертөнцийн дүр хэмээх ойлголт тусалдаг байна. Зарим нь бүүр тэрхүү дүрээрээ өөрийнхөө амьдралыг төсөөлдөг гэдэгт та итгэх үү.

Ялангуяа өсвөр насны охидууд маань сошиал од болохын тулд сайн муугаар хэлүүлсэн ч бай өөрийн “facebook”, “instagram” дагагчидын тоогоор өөр хоорондоо өрсөлдөх, эсхүл хэн нэгэн өөрт хамааралгүй хүний бичсэн сэтгэгдэл, зурган дээр нь дарсан Like-ний тоогоор өөрийгөө үнэлэх үзэгдэл ажиглагдаж байна. Харамсалтай нь уг үнэлэлтээр өөрийгөө төсөөлж байгаа нь бодит үнэнд нийцдэггүй юм.

Тэгвэл сошиал оддын талаар бидний мэдэх зүйлс яг ч төсөөлсөн шиг биш учир олон нийтийн сүлжээгээр хэт их аялаж түүндээ амьдрах нь өөрт тань  дараах хуурамч мэдрэмжийг үүсгэх сөрөг талтай. Үүнд:

БУСДАД АТААРХАХ СЭДЭЛ ТӨРӨХ

Өөрийн сонирхсон, таньж мэдэхийг хүссэн хэн нэгний Facebook-ээр нь зочилоход л хэзээ, хаана, хэнтэй юу хийж хаагуур аялаж зугаалж байгааг, цаашлаад сэтгэл санаа нь ямар байна вэ гэдгийг нь хүртэл яг л алган дээрээ харж буй мэт тольдоход нээлттэй болсон цаг үед бид амьдарч байна.

Энэ нь бидэнд өөрийн амьдралаа өөрөө ч мэдэлгүй бусадтай жишдэг болгодог байна. Яг үнэндээ гайхалтай сайхныг илтгэх бусдын интернетийн нүүр хуудсанд оруулсан үг өгүүлбэр, зураг, дүрсийн цаана заримдаа таны төсөөлсөн шиг тийм ч сайхан зүйлс болоогүй байдгийг судлаачид илрүүлжээ.

Энэ нь хүн өөрийн амьдралыг бусдад гайхуулах тэр нууцхан хүслийг “Facebook” болон бусад цахим сүлжээгээр хангаж өгдөгтэй холбоотой юм. Бид жирийн үед зүгээр л хоол идсэнээ зургийг нь авч пост бичихдээ мэдэрсэн мэдрэмжээ хэт дөвийлгөж сошиал ертөнцөд тайлагнадаг юм.

Харин энэхүү постыг уншиж байгаа хүнд ямар нэг байдлаар атаархах сэдлийг үүсгэж байдаг байна. Энэ л атаархал магадгүй бидний бусдыг муу хэлэх, бусдын амьдралд шүүмжтэйгээр хандах нөхцөлийг бүрдүүлдэг байх. Мөн атаархлын цаана бусдыг шархлуулах бяцхан хор шар нуугдаж байдаг. Иймээс “Facebook”-ээр хэт их аялдаг хүмүүст сөрөг мэдрэмж бага багаар төрдөг байна.

LIKE”-ИЙН НӨЛӨӨЛӨЛ БИДНИЙ БОДОЖ БАЙГААГААС Ч ИЛҮҮ ХҮЧТЭЙ

Таалагдсан нийтлэл, зураг харвал Like дарах нь бидний өдөр тутмын энгийн л зуршил билээ. Ингэж дарсаар байтал та яг юун дээр ч Like дараад байгаагаа өөрөө ч мэдэхээ байх вий. Харахад юу ч биш мэт боловч энэ л Like, олон хүний аливаа асуудалд хандах хандлагыг өөрчилж байдаг гэдгийг та мэдэх үү?

Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаачид болох “Patricia Greenfield, Mirella Dapretto” нарын удирдлага доор судлаач Лаурен Шермэн (Lauren Sherman) нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Энэхүү судалгаа нь интернет дэх зурган болон дүрсэн мэдээллийг өсвөр насныхан ойлгож хүлээн авахад нь “Like”-ны тоо хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Үр дүн нь хүмүүст гайхшрал төрүүлээд зогсохгүй, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болсон байна.

Энэхүү судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн дунд нийтлэг нэг онцлогийг илрүүлсэн байна. Тодруулбал өсвөр нас гэдэг гол онцлог нь тэднийг эрсдэлтэй алхам хийхэд нөлөөлж байна. Тэдний хувьд өөрийн постод олон “Like” цуглуулах нь магтуулж байгаа мэт санагддагаас гадна бусдаар өөрийн байр суурийг хүлээн зөвшөөрүүлж буй хэлбэр гэж ойлгодогтой холбоотой.

Бусдын өмнө өөрийгөө сурталчилж, олны анхаарлын төвд ямар ч хамаагүй аргаар орохыг хүсэх нь тэднийг эрсдэлтэй алхам хийхэд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг юм.  Жишээ нь хэн нэгэн өсвөр насны хүүхэд тамхи татаж буйгаа, эсвэл бусдыг дээрэлхэж буй мэдээллээ олон нийтийн сүлжээнд тавьж олон Like цуглуулж байгаадаа сэтгэл ханах, энэ байдлыг  үе тэнгийнхэн нь буруу гэдгийг мэдсэн ч сайшаан дэмжиж, зарим нь бүр даган дуурайх эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэх аюултай юм.

Тиймээс Like дарахаасаа өмнө та өөрийгөө ямар мэдээллийг сайшаан дэмжих гэж байгаагаа анзаараад нэг хараарай. Яагаад гэвэл өсвөр насны хүүхдүүдийн тархи олон Like авсан нийтлэл бол догь гэж хүлээж авах магадлал ихтэй байна.

            СОШИАЛ ДҮР

Хүн бүрд сошиал ертөнц дэх өөр нэг “Би” байдаг. Энэ дүрийг бүрдүүлэхэд бас ч гэж багагүй хугацаа зарцуулагдаж, нөр их хөдөлмөр орно. Түүнчлэн энэ дүрээ бүтээх гэж багагүй стресстдэг нь биднийг дагаж буй олон сошиал найзуудад минь эвгүй сэтгэгдэл төрчих вий, буруу ойлголт үүсэх вий гэж бид эмээж байдагтай холбоотой байна.

Тиймдээ ч  сошиал ертөнцөд эрчүүд магадгүй ухаалаг, амжилттай яваа мэт дүр эсгэдэг бол эмэгтэйчүүд үргэлж үзэсгэлэн гоо дүр төрхөө л сошиал ертөнцөд ил болгодог. Энэ байдлыг зарим сүлжээний бизнесүүд маркетингаа болгон ашигладаг юм.

Яаж гэж үү эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй харагдахад хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, өндөр өсгийт гээд шаардагдах зүйлс олон бий. Тэр бүгдийг бүрдүүлэхийн тулд сошиал оддыг дурайж эхэлнэ. Энэ л нөхцөл байдал эмэгтэйчүүдийг зах хязгааргүй худалдан авалт хийхэд хүргэж байна. Магадгүй өөрийн санхүүгээс давсан зарлагыг бий болгодог. Мөн таны худалдан аваад удаагүй байгаа хувцас хэдхэн сарын дараа моодноос гарна. Иймд загвар хөөнө гэдэг санхүүгийн эх үүсвэртэй хүн л хийх ажил юм.

Тэгвэл өсвөр насныхан загвар хөөгөөд магадгүй бүр үнэтэй брэндээр үе тэнгийнхэн нь гоёх моод нийгэмд дэлгэрвэл яах бол? Эцэг эхээ шалж тухайн зүйлийг авахуулах л байх. Харин тэгэх боломжгүй нь эрсдэлтэй алхамууд хийхэд бэлэн болж, болчимгүй зүйл хийх магадлалыг ихэсгэнэ. Иймд бид сошиал дүрдээ хэт автахгүй, өөрийн бүхэндээ сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байхад л хангалттай.

Сэтгэл судлаач Табоди (Tabbodi M) -ийн хийсэн судалгаанаас үзэхэд хүн аз жаргалтай байх эсэх нь өөрийгөө ухамсарлах байдал болон өөртөө итгэх итгэл хоёртой шууд хамааралтай байдаг байна. Хүн бүр л аз жаргалыг эрж хайдаг тул хамгийн гол нь эхлээд өөрийгөө таньж мэдэх нь нэн чухал юм.

Өсвөр насныхан дөнгөж л өөрийгөө ухамсарлаж эхлэх үедээ “Би хэн бэ?” гэх асуултыг өөрөөсөө асууж эхэлдэг. Энэ асуултад хариулахын тулд бусдын үнэлэмжээр өөрийгөө үнэлэх байдал ихэнх хувийг нь эзэлж байна. Тэр ч утгаараа тэд үе тэнгийн хэн нэгэн нь юу гэж хэлснээс хамаарч сэтгэл хөдлөл нь тогтворгүй болж, зан байдал нь олон өөрчлөгддөг байна.  Тиймээс өсвөр насныхан яг энэ үед аль болох хийсвэр ертөнцөөс өөрийгөө хайхаасаа илүү, өөрийгөө бодитоор мэдэрч, өөрийн дотоод ертөнцөөр аялаж яг юунд дуртай, дургүйгээ илрүүлж мэдэх хэрэгтэй. Мөн аль болох бусадтай өөрийгөө битгий жишиж байгаарай гэж зөвлөж байна. Сошиалаар од боллоо гээд жинхэнэ өөрийгөө олоход саад болно уу гэхээс тус болохгүй.

Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж:

  1. Sherman, Lauren E: “The Power of the Like in Adolescence Effects of Peer Influence on Neural and Behavioral Responses to Social Media.” Psychological science (2016)
  2. Chelsea Wald: Is Facebook Luring You Into Being Depressed?, Nautilus (2015)
  3. Tabbodi, M., Rahgozar, H., & Mozaffari Makki Abadi, M: The Relationship between Happiness and Academic Achievements. European Online Journal of Natural and Social Science (2015)

 

 

 

 

 

8 настай балчираас  80 настай хөгшид хүртэл дэлгэцийн  хамааралтай болох нь байна шүү дээЦахим ертөнц хүүхэд асрагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй