Түрэмгийлэл ихтэй видео тоглоом өөрийгөө хянах чадварыг бууруулдаг

June 06, 2016

Бага насны сэтгэл зүйн онцлогуудаас маш цөөн нь насанд хүрэх үе хүртэл хадгалагдан үлддэг. Үүнээс ирээдүйн амжилт, ололтыг илэрхийлэх нь бүр ч цөөн. Ирээдүйд амжилттай байх эсэхийг илэрхийлэх хамгийн сайн үзүүлэлт бол өөрийгөө хянах, удирдах чадвар юм. 1960-аад онд Уолтер Мишелл болон түүний хамтрагчид нэгэн туршилт хийсэн нь хүүхдүүд шагнал урамшууллыг хэр удаан хойшлуулж чадахыг шалгах тухай байсан юм. Үүнийг «Хөөсөн чихрийн туршилт» гэдгээр нь олон нийт түгээмэл мэддэг. Туршилтын зарчим нь судлаач хүүхдэд өөрийгөө «өрөөнөөс гарлаа, гэхдээ ширээн дээр байгаа хонхоор түүнийг дуудаж болно» гэж хэлнэ. Хонх дуугаргахад хүүхэд шагнал авах болно. Гэхдээ хүүхэд хонх дуугаргалгүй, судлаачийг ирэхийг хүлээж чадвал илүү том шагнал авна (нэгийн оронд хоёр хөөсөн чихэр). Зарим хүүхэд хүлээж, илүү том шагнал авсан бол зарим нь тэсгэл алдан хонхыг дуугаргасан байна. Уолтер Мишелл судалгаанд оролцогч хүүхдүүдийг цаашид үргэлжлүүлэн судалсан юм. Ингэхэд 4 насандаа ирээдүйд авах урамшууллыг хойшлуулж, хүлээхдээ сайн байсан хүүхдүүд нөгөө хүүхдүүдтэйгээ харьцуулахад найз нөхөд, гэр бүлийнхээ дунд нэр хүндтэй, ажил сургуульдаа илүү амжилттай байсан.

Харин түрэмгийлэл их гардаг видео тоглоомонд тоглогчдыг өөрийгөө хянах чадвараа хөгжүүлэхийг дэмждэггүй. Жишээ нь, «Grand Theft Auto» гэх видео тоглоомонд тоглогч машин хулгайлах, биеэ үнэлэгч авсныхаа дараа хөнөөж, мөнгөө буцааж авах, цагдаа болон бусад дүрүүдийг алах зэрэг хэрцгий үйлдлүүдийг хийж болдог. Ийм үйлдэл хийгээд шийтгэл хүртэхийн оронд оноо авах, эрүүл мэнд нь сайжрах, амь нэмэгдэх зэргээр тоглогч харин ч урамшуулагддаг.

2013 онд Габбиадини, Рива нарын хийсэн судалгаагаар 172 хүүхдийг санамсаргүйгээр хоёр бүлэгт хувааж, түрэмгийлэлтэй болон түрэмгийлэлгүй видео тоглоом 35 минут тоглуулжээ. Туршилтын үеэр тэдний компьютерийн хажууд 100 г M&M чихэр тавьсан байв. Тэднийг хүссэнээрээ идэж болно, гэхдээ ойр ойрхон их чихэр идэх нь эрүүл мэндэд муу хэмээн хэлсэн байна. Түрэмгийлэлтэй тоглоом тоглосон хүүхдүүд 3 дахин их чихэр иджээ.

Тоглоомын дараа хүүхдүүдээр 10 асуулт бүхий логик тест бөглүүлж, зөв хариулсан хариулт бүрт 1 азын билет өгнө гэжээ. Билетийн шагналаар iPads гэх мэт олон төрлийн гайхалтай зүйлс авах байв. Хүүхдүүдэд хэдэн хариулт зөв хэлснийг нь хэлж, олон тооны билет бүхий дугтуйнаас авах боломж олгожээ. Тэднийг дугтуйнаас билет авахад хүн хараагүй боловч судлаачид нэг дугтуйнд хэдэн билет анх байсныг мэдэж учир авсан тоог нь мэдэж байв. Түрэмгийлэлтэй тоглоом тоглосон хүүхдүүд нөгөө хүүхдүүдээсээ 8 дахин илүү булхайцсан юм.

Мөн 2010 онд Андерсон, Шибуяа нар видео тоглоомын үзүүлэх түрэмгийллийн нөлөөг судалсан байна. Судалгаанд оролцогч хүүхдүүдэд ёс суртахууны үнэлгээ хийсэн юм. Төрөл бүрийн нөхцөл байдалд хүн ёс суртахууны хэм хэмжээг хэр баримтлахыг уг үнэлгээ шалгадаг. Үнэлгээний зарим асуултаас дурдвал “Хүмүүсийн хийдэг хууль бус үйлдлийн хажууд дэлгүүрээс юм аваад мөнгийг нь төлөхгүй гарах тийм ч сүртэй зүйл биш”, “Ангийн хүүхдээ хэл амаар доромжлох нь зодохоос дээр” гэх мэт. Үнэлгээний дүнгээр хэрцгий тоглоом тоглодог, ёс суртахуун баримжаа муутай хүүхдүүд хуурч мэхлэх, илүү их чихэр шоколад идэх, илүү түрэмгий авирлах хандлагатай байсан байна. Түрэмгий бус тоглоом тоглодог хүүхдүүдэд ийм ялгаа ажиглагдаагүй байна.

«М» үнэлгээтэй буюу 17 болон түүнээс дээш насныханд зориулсан видео тоглоомыг гэм хоргүй зугаа гэж эцэг эхчүүд боддог ч үнэндээ тийм биш юм. Иймд эцэг эхчүүд хүүхдийн насанд нь тохироогүй тоглоомыг тоглуулахгүй байх хэрэгтэй.

Ц.Цэрэндолгор

Миний хүүхэд өөртөө дурлагч уу?Нэргүй сэтгэгдэл бичихийн уршиг