Цахим орчин өөрийн үнэлэмжид хэрхэн нөлөөлдөг вэ?

May 05, 2016

Уншигч танд өөрийн фейсбүүк хаяг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Та өөрийн фейсбүүктээ пост буюу өөрийн сэтгэгдэл, үзэл бодлоо хуваалцлаа гэхэд нэг ч хүн «like» дарсангүй нэг цаг боллоо гэж бодъё. Танд ямар мэдрэмж төрөх вэ? Тантай нэг ч хүн санал нийлэхгүй байгаад эргэлзэж, эсвэл санаа нийлнэ дээ гэж бодсон хүн чинь завгүй байгаа эсэхийг гайхах, эсвэл энэ талаар сэтгэгдлээ илэрхийлэх хэрэггүй байж хэмээн харамсах зэрэг олон зүйл бодох байх. Яагаад ингэх болов оо? Бид фейсбүүк, твиттер, инстаграм зэрэг олон төрлийн олон нийтийн сүлжээ хэрэглэж, бусадтай харилцах давуу талтай болсон хирээрээ бусдын санаа бодол бидэнд маш их хамаатай болж эхэлсэн.

Дахиад нэг жишээ авч үзэе. Та өнөөдөр гудамжинд явж байгаад нэг хүнд тусалж, тэр талаараа өөрийн цахим хуудсандаа нийтэллээ. Таны сайн үйлдэл бусдын талархлыг хүлээж, цааш нь түгсээр таны огт танихгүй хүмүүс хүртэл сэтгэгдэл үлдээж та 1000 гаруй хүнд хүрчээ. Танд ямар мэдрэмж төрөх вэ? Сайхан санагдах, өөрөөрөө бахархах мэдрэмж төрөх байх.

Олон нийтийн сүлжээ үүсч, бидний харилцааны хэв маяг өөрчлөгдснөөр үүнийг дагаад нийгмийн дунд хэвийн гэж хүлээж авах норм хүртэл өөрчлөгдөж байна. Аливаа зүйлийн ач холбогдол хэдэн хүний анхааралд өртөж байгаагаар хэмжигдэж байна. Бодит ертөнцөд та танихгүй хүнд өөрийгөө сайрхуулж ярих битгий хэл түүний бодлыг сонирхохгүй. Энэ бүхэн цахим орчинд эсрэгээрээ байдаг. Магтаалын талаарх бидний ойлголт өөрчлөгдсөн. Дотны хүнээсээ сайхан магтаал сонслоо гэж бодохын оронд хэн нь хамаагүй, хэдэн хүнээс «таалагдлаа» гэсэн сэтгэгдэл авсныг сонирхдог болсон байна.

Энэ бүх өөрчлөлт харилцаанаас гадна бидний өөрсдийгөө үнэлэх үнэлэмжид эерэг болон сөрөг байдлаар нөлөөлж байдаг.

Эерэг боломжоос нь дурдвал хүн бүрт өөрийгөө илэрхийлэх, бусдаас сайшаал магтаал хүртэж, хүндлэл хүлээх боломж олгодог. Өөрийгөө илэрхийлэхдээ сул, шинээр харилцаа үүсгэхдээ ичимхий хүмүүст нийгэмших, бусадтай харилцах тухтай орчин болдог. Бусдад илэрхийлж чаддаггүй давуу талуудаа харуулах боломжийг олгодог. Тэр хирээрээ өөрийн үнэлэмж нь өсдөг давуу тал бий.

Цаг хугацаа, орон зай хамааралгүй олон хүмүүсийг нэгтгэх цахим орчинд олны санаа бодол нэгдэх нь эерэг, сөрөг аль аль талтай. Эерэг зүйл дээр санал нэгдвэл ихийг бүтээж чаддаг. Нөгөө талаас олон хүний сөрөг сэтгэгдэл маш аюултай сэтгэл зүйн үр дагавартай.

Сөрөг тал нь гэвэл бид бусдын амьдралын талаар мэдээллүүдийг авснаар автоматаар өөрийгөө бусадтай харьцуулж эхэлдэг. Бид заавал сайхан харагдаж, сонирхолтой, адал явдалтай, хангалуун амьдрах ёстой мэт ойлголтыг авч, өөрсдөө ч мэдэлгүй ингэж харагдахаар хичээж эхэлдэг байна. Ингэснээр одоо байгаа зүйлдээ сэтгэл ханахаа байж, өөрийн үнэлэмж буурдаг. Тэр дундаа өсвөр үеийнхний сэтгэл зүйд энэ нь хүчтэй нөлөөлдөг. Өсвөр нас нь нийгмийн харилцааны талаар сурч, эсрэг хүйстэндээ татагдах болох таалагдахыг хичээх, өөрийгөө бие хүний хувьд таниж мэдэхийг хичээн, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг нас учир олон нийтийн сүлжээнээс сурч буй зүйлс нь өөрийн үнэлэмжид нь нөлөөлдөг. Хүүхдүүд олон нийтийн сүлжээн дэх харилцааны арга барилаас аажим аажмаар суралцах боловч алдаа хийж, бүдэрсэн тохиолдолд нь олон хүн сөрөг хариу үйлдэл үзүүлвэл өөртөө итгэлгүй болж, хуурамч дүр үүсгэж бусдад таалагдахыг хичээх, бусдын санаа бодолд хэт их ач холбогдол өгөх, бусдын алдаа дутагдалд хэт түрэмгий, ширүүнээр хандах, алдаа гаргахаас айдаг болох гэх мэт сөрөг үр дагавартай.

Тэгвэл олон нийтийн сүлжээнээс хамааран өөрийгөө дутуугаар үнэлж, өөртөө итгэлгүй, аз жаргалгүй болохын эсрэг авах арга хэмжээг танд санал болгоё:

  1. Хэтэрсэн хэрэглээ бүгд хортой. Хоногт сэрүүн байдаг 16 цагийнхаа талыг дэлгэц ширтэж өнгөрүүлэх нь өөрөө эрүүл мэнд, сэтгэл зүйн олон талын хор уршигтай. Хэрэглээгээ хязгаарлах, болж өгвөл багасгах. Бидний тархи олон янзын үйл ажиллагаа хийж байхдаа илүү “жаргалтай, хүчтэй” байдаг тул өдрийг нэг зүйл давамгай хийж бүү өнгөрүүлээрэй.
  2. Өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоо. Аз жаргал, гоо сайхан, амжилтын хэмжүүр хүн бүрт ялгаатай. Та ч гэсэн өөрийнхөө хэмжүүрийг тогтоох эрхтэй бөгөөд учиртай.
  3. Хүлээн зөвшөөр. Заримдаа бусад хүмүүс биднээс илүү амжилттай, илүү хөгжилтэй амьдарч байж болно. Гэхдээ энэ нь таны амьдралд ямар ч өөрчлөлт гаргахгүй.
  4. Fear of missing out (FOMO) буюу Мэдээллээс хоцрохоос эмээх айдастайгаа тэмцэх

10 минутын өмнө шалгасан мөртлөө дахиад л цахим сүлжээ рүү нэвтэрч байгаа бол та бага зэрэг донтож эхэлж байна гэсэн үг. Би ямар сонин хачин, шинэ боломжоос хоцорч байгаа бол гэж байнга бодогдох нь мэдээллээс хоцрохоос эмээх айдас юм. Хэрэв танд ийм зүйл тохиолддог бол юун түрүүнд “энэ миний хийхийг үнэхээр хүсч буй зүйл мөн үү? Яг одоо үүнийг хийх шаардлагатай цаг нь мөн үү? Энэ бодит амьдралтай нийцэж байна уу? гэдгийг өөрөөсөө асуугаарай.

  1. Цахим сүлжээ аз жаргал, эерэг зүйлсийн уурхай байж болно. Хэн нэгний аз жаргалтай сэтгэгдэл, зураг танд ч гэсэн аз жаргалтай мэдрэмжийг халдварлуулах давуу талтай.
  2. Дотны хүмүүстэйгээ мэдрэмжээ хуваалцах нь танд илүү аз жаргалтай, тайван, дотно мэдрэмжийг төрүүлнэ. Иймд мэдээллээ хуваалцах тойргоо л зөв сонговол танд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх таатай орчин олон нийтийн сүлжээ байж чадна.

Ц.Цэрэндолгор

 

Интернет орчинд бидэнд хувийн орон зай бий юу?Миний хүүхэд өөртөө дурлагч уу?