Интернет орчинд бидэнд хувийн орон зай бий юу?

April 21, 2016

Бидний найзууддаа, эсвэл бүлэг хүмүүсийн дунд ярьсан зүйлс тодорхой хугацааны дараа мартагддаг. Учир нь хүний тархинд тухайн мэдээллийг дахин сануулахгүй бол мартана. Харин цахим орчинд таны ярьж хэлсэн зүйлс яах вэ? Хаа нэгтээ хадгалагдаад үлдэж байгаа гэдгийг та мэдэж байгаа байх.  Хувийн мэдээлэл, хувийн орон зайн тухай бидний ойлголт 10 жилийн өмнөхөөс нэгэнт огт өөр болсон. Таны интернет орчинд өгч буй мэдээллийг бүртгэж, хадгалж байдаг хичнээн компани байдгийг та мэдэхгүй бөгөөд эдгээр мэдээллийг таны эсрэг хэрхэн ашиглаж болох талаар төсөөлөхөд бэрх.

Өдгөө дэлхийн 1,6 тэрбум орчин хүн ашиглаж буй фейсбүүк олон нийтийн сүлжээ нь 2010 онд “шинэ зуунд хувийн орон зай гэж байхгүй болсон” гэж “эелдэгээр” мэдэгдсэн билээ[1]. Хувийн мэдээлэл нууцлагдахгүй болсон шинэ зуунд таны сүүлд бичсэн сэтгэгдэл, улс төрийн үзэл бодол, олонд дэлгэсэн зуршлуудыг тань одоогийн болон ирээдүйн ажил олгогч, таныг нууцаар тандагч /stalker/, таны хайрт мэдэхээс гадна эдгээр мэдээллүүдийг олон тэрбумын ашиг болгож буй том, жижиг компаниуд ашигладаг. Хэрэв таны хийж буй ажил олны нүдэн дээр байдаг, олны танил бол огт танихгүй хүмүүст ч таны үзэл бодол хамаатай болж эхэлнэ.

Тэгвэл бид өөрсдийн хувийн мэдээлэл, орон зайд хэр анхаарал хандуулж, сонор сэрэмжтэй байдаг вэ? Пеннсилванийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар (нийт 1000 хүн оролцсон) 18-22 насны залуучуудын дийлэнхи нь веб хуудсууд хувь хүний мэдээллийг устгахыг шаардсан хууль байх шаардлагатай гэж үзсэн (88 хувь) бөгөөд 62 хувь нь өөрсдийнх нь ямар мэдээллийг веб хуудсууд ашиглаж байгааг хувь хүн мэдэх эрхтэй гэжээ. Энэ нь залуучууд ахимаг насныхантай адил хувийн орон зайдаа санаа зовдгийг илэрхийлж байгаа юм[2]. АНУ-ын Пью судалгааны төвийн (Pew Research Center) хийсэн судалгаагаар 18-29 настнууд ахимаг насныхантай харьцуулахад цахим ертөнц дэх өөрийн мэдээлэлд илүү анхаарч, олон нийттэй хуваалцахыг хүсэхгүй нийтлэлүүдээ устгадаг бөгөөд энэ нь хувийн мэдээллээ хэт олон нийтэд дэлгэхийн аюулыг ухаарсантай холбоотой юм[3].

Мэдээллийн аюулгүй байдалдаа хэрхэн ханддаг нь мөн соёлоос хамааран ялгаатай байдаг байна. АНУ, Японы эрдэмтдийн хийсэн хамтарсан судалгаагаар соёл, амьдрах орчны онцлогоос хамааран нийт хүмүүсийн ерөнхий итгэлцлийн байдал мэдээллийн аюулгүй байдалдаа хэрхэн хандаж байгаад нь нөлөөлж байжээ. Америкчууд япончуудтай харьцуулахад ерөнхий итгэлцэл өндөр байсан учир танихгүй хүн хувийн мэдээллийг нь ашиглана гэж бодох нь бага байсан байна. Энэ нь өдөр тутамдаа танихгүй хүнтэй ярилцаж, тэр хэрээрээ төрөл бүрийн боломж гарч ирнэ гэсэн Америк соёлтой холбоотой бол япончуудын соёлд тухайн амьдарч буй газраас өөр газрын хүнтэй өдөр тутамдаа харилцах нь төдийлөн түгээмэл биш учир мэдээллээ бусадтай хуваалцахдаа эргэлздэг байна[4].

Тэгвэл монгол хүний сэтгэхүйд ерөнхий итгэлцэл хэр байна вэ? Бидний өнөөдөр шинээр авч буй мэдээ өмнөх мэдээллийг үгүйсгэх тохиолдол их болсон учир энэ үзүүлэлт тийм ч сайнгүй байх.

Бид цахим орчинд хэрхэн аягладаг вэ? Өмнө нь бид олон төрлийн дүрээр нийгмийн харилцаанд орох боломжтой байсан. Гэртээ байгаа би, ажил дээрх би, найзуудын дундах би, цахим сүлжээн дэх би гэх мэт. Гэхдээ бидний ашиглаж буй технологи бидний хувийн мэдээллийг олон янзаар авсаар бидний ул мөр хаа саагүй тарж, өмнөх шигээ тийм ч нууц байж чадахаа больжээ.

Одоо бид яах ёстой вэ? Ер нь хувийн орон зай гэж байхаа больсон уу? Энийг таны үйлдэл, сонголт шийдэх бөгөөд та хэнтэй, хаана, ямар мэдээлэл хуваалцаж байхаа байнга бодолцож, цахим орчинд ул мөрөө үлдээж буйгаа санах хэрэгтэй юм.

 

Ц.Цэрэндолгор

 

[1] Privacy no longer a social norm, says Facebook founder

https://www.theguardian.com/technology/2010/jan/11/facebook-privacy

[2] How Different are Young Adults From Older Adults When it Comes to Information Privacy Attitudes & Policies? http://repository.upenn.edu/cgi/viewcontent.cgi?article=1413&context=asc_papers

[3] Millennials. A portrait of generation next. Confident. Connected. Open to change. 2010

http://www.pewsocialtrends.org/files/2010/10/millennials-confident-connected-open-to-change.pdf

[4] Thomson, R., Yuki, M., & Ito, N. (2015). A socio-ecological approach to national differences in online privacy concern: The role of relational mobility and trust http://www.in-mind.org/blog/post/the-cross-cultural-psychology-of-internet-privacy-concern

Интернет орчинд ажиллах чадвараа сайжруулаяЦахим орчин өөрийн үнэлэмжид хэрхэн нөлөөлдөг вэ?