Фэйсбүүк нь хэрэглэгч өөрийн зураг болон мэдээллээ оруулах замаар өөрийн танилцуулга хуудсыг бий болгодог нийгмийн сүлжээ юм.  Хэрэглэгчид өөрийн оруулсан зураг, холбоос хаяг, видео болон санал хүсэлтээ “найз нөхөд” зэрэг өөрийн сонгосон хүрээнийхээ найзуудад харуулах, тэдэнтэй хуваалцах мөн бусад хүмүүсийн оруулсан зураг, сэтгэгдэлд “таалагдаж байна буюу like” товч дарах, хариу өгдөг. Хэрэглэгчид өөрийн танилцуулга хуудсыг харах хүмүүсийг хязгаарлаж болдог.

Твиттер, инстаграм болон бусад нийгмийн сүлжээтэй харьцуулахад Фэйсбүүк нь хүмүүст хэрэглээний өргөн боломжийг олгож байна. Фэйсбүүкт хүмүүс найз болж, зураг, бичлэгээ тавьж, сэтгэгдлээ илэрхийлж, хоорондоо харилцан хувийн зурвас илгээх боломжтойгоос гадна Фэйсбүүкийн орчинд садар самуун контент дамжих боломж өндөр байна. Өдөрт тэрбум орчим хэрэглэгч олон нийтийн сүлжээг ямар нэг байдлаар хэрэглэж байхад үүнийг буруугаар ашиглахыг санаархагчид цаг үргэлж байсаар байна. Иймд үүнийг зохицуулах зорилгоор Фэйсбүүк “Олон нийтийн стандарт /Community Standard/”-ыг хөгжүүлэн ажиллаж байна. “Олон нийтийн стандарт” –ыг Фэйсбүүкийн хууль гэж бас үзэж болно. Учир нь Фэйсбүүк нь интернетийн сүлжээ ашиглан хэрэглэдэг учраас уг сайтад тухайн улс бүрийн хуульд нийцүүлэн тохируулах боломжгүй. Зарим тохиолдолд улс орны Засгийн газар өөрийн хууль, эрх зүйн баримт бичгийг зөрчиж байгаа хэдий ч Фэйсбүүкийн Олон нийтийн стандартыг зөрчөөгүй контентийг устгуулах хүсэлт тавьдаг. Энэ тохиолдолд контентийг хууль эрх зүйн талаас нь судалж үзсэний дараа хэрэв уг контент нь улсын дотоод хууль, дүрэм журмыг зөрчиж байгаа нь тогтоогдвол тухайн улс юмуу бүс нутагт идэвхгүй болгож ажилладаг.

Олон нийтийн стандарт гэж юу вэ?

Олон нийтийн стандартыг энгийн үгээр хэлбэл ямар контентыг Фэйсбүүк дээр тавьж болох болохгүйг тайлбарлах зорилгоор бий болгосон.

Олон нийтийн стандарт нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Таны аюулгүй байдлыг хангах (Helping to keep you safe)

Тодорхой контент олон нийтэд бодит болон шууд аюул занал учруулж байгаа тохиолдолд тэрхүү контентыг устгах, хэрэглэгчийг хүчингүй болгох мөн хууль, хүчний байгууллагатай хамтран ажилладаг.

  • Шууд аюул (Direct Threats)

Аюул заналхийлсэн утгатай үг, өгүүлбэр орсон контентыг цаг үргэлж хянаж, улмаар уг контент олон нийт болоод хувь хүний аюулгүй байдалд хэдий хэмжээний ноцтой аюул учруулж болохыг тодорхойлж, шаардлагатай тохиолдолд устгадаг.

  • Өөрийгөө бэртээх (Self Injury)

Өөрийгөө бэртээх юмуу амиа хорлох зэрэг үйлдлийг дэмжсэн контентыг олон нийтэд хүргэхийг зөвшөөрдөггүй.

  • Аюултай байгууллагууд (Dangerous Organizations)

Фэйсбүүк нь алан хядах үйл ажиллагаа юмуу зохион байгуулалттай гэмт хэргийн үйл ажиллагаанд оролцсон ямар ч байгууллагад ашиглах боломжийг олгодоггүй.

  • Дарамтлах & Шоглох (Bullying and Harassment)

Хэн нэгэн болон бүлэг хүмүүсийг дарамталсан, шоглосон контентыг зөвшөөрдөггүй бөгөөд ийм төрлийн контентыг олж илрүүлсэн даруйдаа устгадаг. Ихэвчлэн англи хэл дээр бичигдсэн контентын агуулгыг шүүдэг тул манай улсын хувьд энэ нь зураг болон видео бичлэгээр хязгаарлагдаж байна.

  • Олны танил хүмүүс рүү дайрах (Attacks on Public Figure)

Олны танил хүмүүсийн талаар өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой хэдий ч тухайн хүн рүү дайрч довтолсон, айлган сүрдүүлсэн болон үзэн ядсан контентыг оруулахыг зөвшөөрдөггүй.

  • Гэмт хэргийн үйл ажиллагаа (Criminal Activity)

Фэйсбүүкийг аливаа гэмт хэргийн зорилгоор ашиглахыг хатуу хориглодог бөгөөд нийгэмд тодорхой аюул занал учруулж болзошгүй гэж үзсэн тохиолдолд хууль, хүчний байгуулагатай хамтран ажилладаг.

  • Бэлгийн хүчирхийлэл ба садар самуун (Sexual Violence and Exploitation)

Бэлгийн хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан контентыг устгадаг.

  • Хяналттай бараа бүтээгдэхүүн (Regulated Goods)

Эмчийн жороор олгох эм болон мансууруулах бодис зэргийг худалдах, худалдан авах бүхий л үйл ажиллагааг хориглодог.

 

 

  1. Фэйсбүүк дээрх зүй бус контентыг хэрхэн мэдэгдэх вэ?

Садар самуунд илэрхийлсэн буюу уруу татсан зургийг та фэйсбүүк дээр харсан бол юу хийх вэ? Уг зураг мэдээллийг та Фэйсбүүкт мэдэгдэх ёстой бөгөөд таны мэдээллийг 24 цагийн турш фейсбүүк “Олон нийтийн стандарт”-ын дагуу хянаж устгах эсэхийг шийддэг.

Садар самуун илэрхийлсэн контентийг хэрхэн мэдэгдэх вэ?

  1. Мэдээллийн баруун дээд хэсэгт байрлах хэсэг рүү орно.
  2. Report post-ийг сонгоно.

  1. I think it shouldn’t be on Facebook-ийг сонгоно.

  1. It’s pornography-ийг сонгоно.
  1. Submit to Facebook for Review-ийг сонгоно. Ингэснээр таны илгээсэн мэдээллийг фэйсбүүк “Олон нийтийн стандарт”-г зөрсөн эсэхэд хяналт хийнэ.

  1. Хэрэв таны илгээсэн мэдээлэл “Олон нийтийн стандарт”-ыг зөрчсөн гэж үзвэл уг мэдээллийг фэйсбүүк устгаж таньд эргэн мэдээлнэ.