Спам гэж юу вэ?

September 27, 2015

Харилцаа холбооны цахим арга хэрэгсэл нь нийгэм, эдийн засгийн өгөөж бий болгохын тулд найдвартай, үр ашигтай мөн итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой. Гэвч өнөө үед имэйл болон бусад цахим харилцааны хэрэгсэлүүдээр хүлээн зөвшөөрөгдөөгүй, хүлээж авахыг хүсээгүй, хортой цахим мэдээлэл буюу спам тархах явдал газар аваад байна. Энэ нь хэрэглэгчдийн итгэл үнэмшлийг үгүй хийх аюултай юм.

Спам нь бараа үйлчилгээг сурталчилсан энгийн цахим мэдээнээс эхлэн хөгжсөөр сүүлийн жилүүдэд энгийн нэг сурталчилгааны мэдээнээс илүү аюултай хэлбэрийг олж, хууран мэхлэх, сүлжээний ачааллыг ихэсгэн, зарим тохиолдолд залилангийн хэлбэрийг олж вирус, малвэйр зэргийг түгээх арга зам болж байна.

СПАМ гэдэг нь 1930 аад оны үед sp(iced h)am буюу лаазалсан гахайн махыг зоогийн газрууд цэсэндээ хэт ихээр оруулдаг явдлыг Британийн “Монти Питон”  хошин шогийн хамтлаг шоглон үзүүлсэн нь СПАМ-дах гэдэг үгийг олон нийтэд дэлгэрүүлсэн. Хожим интернэт хөгжихийн хэрээр зөвшөөрөлгүй мэдээллийг хэрэглэгчдэд ихээр илгээх явдлыг хялбаршуулан СПАМ-дах гэж нэрлэх болсон.

Спам ямар учраас аюултай вэ? Хэрхэн ажилладаг вэ?

Имэйл илгээх зардал маш бага, илгээж буй мэдээний тооноос хамаардаггүй нь спамчид имэйлээ бололцоотой бүхий л имэйл хаягт, хэдэн ч удаа хамаагүй илгээх нөхцөлийг бүрдүүлдэг учир өдөрт илгээгдэх имэйлийн тоо тэрбумаар тоологддог байна. Спамд холбогдох зардал нь спам түгээгчээс хүлээн авагчид шилждэг. Бусад шинэ технологи хэрэглэсэн спамууд ч мөн адилхан замаар түгэн дэлгэрдэг байна.

Интернэтийн сүлжээгээр дэлхийн аль ч хэсэгт дуут дуудлагыг бараг үнэгүй хийх боломжтой  болсон нь спамчид маркетингийн дуут мэдээг үнэгүйгээр илгээх боломжтой болсон. Бусад шинэ боломжууд болох цахим орчинд хувийн үзэл санаагаа илэрхийлэх боломж олгодог вэб-блог (блог)-ууд спамчдын ажиллах шинэ талбар болж, блогт их хэмжээгээр учир холбогдолгүй, хэрэгцээгүй сэтгэгдэл үлдээж, сайтыг дүүргэснээр уншигчдын харилцан санал солилцох, хэвийн сэтгэгдэл үлдээх боломжийг үгүй хийдэг. Гар утасны хэрэглээний тухайд энэ байдал арай дээр, учир нь богино мэдээ, мультимедиа мэдээг илгээх нь  тодорхой хэмжээний зардалтай  учир хэрэглэгчдэд  спамыг хэт олноор илгээхээс хамгаалдаг.

СПАМ-ын дамжих төрлүүд:

SMS- Богино текст мэдээ

MMS – Мултимедиа мэдээ

E-MAIL – и-мэйл мэдээ

Voice mail – дуут мэдээ

Voice call – дуудлага

Instant message – чат мессэж